2011 оны 9 дүгээр сарын 24
(Tөвөд хэлнээс орчуулав)
Оршил
Tөвөдөд болоод Төвөдийн гадна амьдарч буй төвөд ард түмэн, төвөд буддын уламжлалыг дагагч бүх хүмүүн, төвөд түмэнтэй холбоотой, сэтгэл зүрхээрээ нэгдсэн бүхэнд хандан ийн айлджээ.
Эртний хаад, сайд түшмэд, арш мэргэдийн холч харааны ачаар цастын нутагт бурхан багшийн сургаал болох “Гурван хийдүй ёс”-ны ном, “Тарнийн аймгийн дөрвөн ном”-ын уламжлал агаад түүнтэй холбоотой бусад ухаан, судлалын хүрээ бүхэлдээ дэлгэрч чаджээ. Tөвөд орон дэлхий дахинд буддын шашны болоод холбогдох соёлын чухал эх булаг ундарсаар ирсэн бөгөөд түүн дундаа хятадын ард түмэн, төвөдийн ард түмэн, монголчуудыг багтаасан Азийн олон зуун сая хүн ард, амьтай бүхний жаргалд онцгой хувь нэмэр оруулсан билээ.
Tөвөд оронд буддын ном судрыг сахин дэлгэрүүлэх үйл явцад мэргэд, гэгээнтнүүдийн дахин төрөл, хойд дүрийг тодруулах тун өвөрмөц төвөд уламжлал бүрэлдэн тогтсон байдаг. Энэ нь ном болоод бүх амьд биетэд, ялангуяа хийдийн хамт олонд асар тустай билээ.
XV зуунд их мэргэн Гэдүн Гяцо нь Гэдүн Друбын хойд дүр хэмээн албан ёсоор тодорч батлагдсан цагаас хойш Гадэн Пүдранг буюу Далай ламын институцийг тогтож, дараагийн бүх дүрийг албан ёсоор тодруулж ирсэн аж. Мөн уг дарааллын гурав дахь дүр Сонам Гяцод “Далай лам” хэмээх цолыг хайрлажээ. V Далай лам Агваан Лувсан Гяцо 1642 онд Гадэн Пүдрангийн засаг захиргааг байгуулж, төвөдийн шашин, төрийг хослон баригч тэргүүн болов. Ингэж Гэдүн Друбын үеэс эхлэн 600 гаруй жилийн турш Далай ламын чанд тодорхой, алдаа мадаггүй хойд дүрүүд дараалан үргэлжилсэн байдаг.
Далай лам нар 1642 оноос хойш 369 жилийн турш төвөдийн шашин, төрийг хослон баригчийн хувиар үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Харин би бээр өөрийн хүсэлтээр энэхүү уламжлалыг төгсгөсөн бөгөөд дэлхийн олон оронд дэлгэрсэн ардчиллыг төвөдийн нийгэмд бүрэн нутагшуулах боломж бүрдэж буйд бахархалтай агаад сэтгэл ихэд ханамжтай байна. Үнэндээ би бээр аль 1969 онд Далай ламын дараагийн дүрийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг ард түмэн өөрсдөө шийдэх ёстой хэмээн ил тод мэдэгдэж байлаа. Гэвч тодорхой журам, зарчим үгүй нөхцөлд олон нийт үргэлжлүүлэхийг хүсвэл улс төрийн ашиг сонирхол бүхий хүмүүс хойд дүрийг тодруулах уламжлалыг өөрийн зорилгоор ашиглах аюул үүсэх юм.
Тиймээс би бээр лагшин хийгээд сэтгэлээ тогтвортой, эрүүл саруул байгаа энэ үедээ дараагийн Далай ламыг тодруулах тодорхой, ойлгомжтой удирдамж тогтоох нь чухал хэмээн үзэж байна. Ингэснээр эргэлзээ, төөрөгдөл үүсэх боломж үгүй болно. Энэ удирдамжийг бүрэн ойлгохын тулд “тулку” тодруулгын уламжлал болоод түүний суурь үзэл баримтлалыг товч тайлбарлах нь зүйтэй. Иймээс дараах хэсэгт би үүнийг товчлон тайлбарлаж өгнө.
Өмнөх хийгээд хойдын төрөл
Хойд дүр хэмээх үзлийг хүлээн зөвшөөрөхийн тулд юуны өмнө өмнөх хийгээд хойдын төрөл байдаг гэдэгт итгэх шаардлагатай. Бүхий л амьд амьтан энэ амьдралдаа өмнөх амьдралаасаа ирдэг бөгөөд нас бараад, дахин төрдөг. Энэ тасралтгүй үргэлжлэх төрөл буюу сансрын хүрд нь Эртний Энэтхэгийн шашин, философийн бүх уламжлалд (материалист Чарвакагийн суртлаас бусад) хүлээн зөвшөөрөгддөг ойлголт юм. Орчин үеийн зарим хүн өмнөх хийгээд ирээдүйн амьдралыг нүдээр харж болдоггүй гэх үндэслэлээр үгүйсгэдэг бол зарим нь ийм шулуун дүгнэлт хийхгүй байх нь ч бий.
Олон шашин дахин төрлийг хүлээн зөвшөөрдөг ч юу дахин төрдөг, хэрхэн дахин төрдөг, амьдрал хоорондын завсрын төлөвийг хэрхэн давдаг тайлбар нь харилцан адилгүй. Зарим шашинд ирээдүйн төрөл оршихыг зөвшөөрдөг ч өмнөх төрөл байдгийг үгүйсгэдэг.
Буддистуудын хувьд төрлийн эхлэл үгүй гэж үздэг. Хүн өөрийн үйлийн үр болоод сүйтгэгч сөрөг хөдлөлөө бүрэн даван гарч, нирваанд хүрвэл дахин төрөхөө болино. Тиймд буддизмд үйлийн үр, сөрөг сэтгэл хөдлөлийн үрээр дахин төрөхүй зогсох боломжтой ч сэтгэлийн урсгал (mind-stream) бүрмөсөн тасарна гэж тийм ч олон философийн сургуульд үздэггүй. Өнгөрсөн хийгээд ирээдүйн дахин төрөх үйлийг үгүйсгэх нь буддын шашны үндэс, зам, үр дүн хэмээх гол зарчимтай зөрчилддөг бөгөөд үүнийг сахилга баттай эсвэл сахилга бат үгүй оюунд үндэслэн тайлбарлах ёстой. Хэрэв үүнийг үгүйсгэвэл дэлхий ертөнц хийгээд амьтад ямар ч шалтгаан, нөхцөлгүй үүссэн байх ёстой гэсэн логиктой болно. Иймээс буддист хүн бол өнгөрсөн хийгээд ирээдүйн төрлийг хүлээн зөвшөөрөх нь зайлшгүй билээ.
Зарим хүн өмнөх амьдралаа шууд санаж чаддаг. Харин эгэл хүмүүс үхэл, завсрын төлөв, дахин төрөл гэсэн үйл явцыг дамжихдаа өмнөх амьдралаа хэдийн умартдаг. Иймээс тэдэнд өмнөх хийгээд ирээдүйн төрөл тодорхой бус санагддаг тул логик, нотолгоонд тулгуурлан тайлбарлах шаардлагатай болох юм.
Буддын судар, эрдэмт мэргэдийн тайлбаруудад дахин төрөл оршихыг батлах олон учир зүйн үндэслэл бий. Товчоор бол дараах 4 үндэслэлд хураагдах аж. Адил төрлийн зүйл адил төрлийн шалтгаанаас үүсэх логик, юу ч бай заавал бодит шалтгаанаас үүдэх логик, өмнө нь сэтгэл тодорхой зүйлүүдэд дассан байх логик, өмнөх амьдралд туршлагажсан зүйлс дахин илрэх логик тэргүүт болно. Хураангуйлбал буддизмын суурь үзэл баримтлалд нийцүүлэн бодоход хүний амьдрал ганцхан удаагийнх биш, цувран үргэлжлэх олон амьдралын хэлхээс байдаг нь зайлшгүй хэмээсэн дүгнэлт юм.
Эцсийн дүнд дээр дурдсан бүх логик тайлбар нь оюун санааны мөн чанар, түүний тод байдал болоод ухамсар нь өөрөө үндсэн шалтгаан болох тодорхой, ухамсартай байх ёстой хэмээсэн санаанд тулгуурладаг байна. Тод байдал, ухамсар нь өөрөөсөө огт өөр, жишээ нь амьгүй биетээс төрж гарах боломжгүй. Энэ бол өөрөө өөрийгөө нотолдог, илэрхий үнэн билээ. Учир зүйгээр шинжилбэл, шинэ сэтгэлийн урсгал шалтгаангүйгээр бий болох боломжгүй, түүнтэй холбоогүй шалтгаанаас үүсэх ч боломжгүй. Би лабораторид “сэтгэл”-ийг бий болгож болохгүйг мэднэ шүү дээ. Мөн түүнчлэн сэтгэлийн хамгийн нарийн түвшний тод, ухамсрын урсгал тасарч үгүй болох боломж байхгүй гэж дүгнэдэг.
Миний мэдэж байгаагаар орчин үеийн ямар ч сэтгэл судлаач, физикч, мэдрэлийн шинжлэх ухааны судлаач сэтгэл нь матераас бий болдог эсвэл шалтгаангүйгээр гэнэт гарч ирдэг гэдгийг ажиглаж, нотолж чадсан нь үгүй юм.
Өмнөх амьдралаа санах чадвартай хүмүүс байдаг. Зарим нь өмнөх амьдралынхаа дотно хүмүүс, газар нутгийг таньж чаддаг. Энэ нь зөвхөн өнгөрсөн үеийн тохиолдол биш. Өнөө цагт ч зүүний, барууны олон оронд өмнөх амьдралынхаа үйл явдлыг санаж ярьдаг хүмүүс олон бий. Ийм баримтыг үл тоон няцаах нь шударга, бодитой судалгаа хийх арга биш юм. Учир нь бодит нотолгоотой харшилна. Төвөд уламжлалд хойд дүрийг тодруулах тогтолцоо бол хүний өнгөрсөн амьдралын дурсамжид тулгуурлан хийдэг жинхэнэ судалгааны арга юм.
Дахин төрөх үйл хэрхэн явагддаг тухайтад...
Хүн нас барсны дараа дахин төрөх хоёр хэлбэр буй. Нэгдүгээрт, үйлийн үр болоод сүйтгэгч сэтгэл хөдлөлийн нөлөөн дор дахин төрөх явц. Энд мунхгийн улмаас эерэг, сөрөг үйлийн үр буй болж, тэдгээрийн ул мөр нь ухамсарт урсгалд хадгалагддаг. Энэ бичлэгүүд хүсэл тэмүүлэл хийгээд зуурч үлдэх хоёрын нөлөөгөөр дахин сэргээгдэж, дараагийн төрөлд хөтөлнө. Ингэж хүн өөрийн хүсэлгүйгээр дээд, доод орчлонд дахин төрдөг. Энэ бол жирийн амьд биетийн төгсөшгүй эргэлдэх үйлийн хүрд юм. Гэвч ийм нөхцөлд ч эгэл хүмүүс сайхан сэтгэл, буянт үйлд шамдан дадсанаар үхлийн мөчид хийсэн буян нь сэргэж, дээд орчлонд төрөх нөхцөл бүрдэж болдог. Харин хоёрдугаар зам нь үзэхүйн замд хүрсэн өндөр түвшний бодьсадва нар дахин төрөхдөө үйлийн үр хийгээд сөрөг сэтгэл хөдлөлийн хүчээр төрдөггүй, харин энэрэх сэтгэл, ерөөл хүсэлд тулгуурласан дахин төрөл аж. Тэд бусдын төлөө хэмээсэн энэрэх сэтгэл, амьд бүхэнд туслах хүчтэй ерөөл хүсэлдээ тулгуурлан төрөх цаг, газар, эцэг эхээ хүртэл сонгодог. Ийм дахин төрөл нь бусдыг ашиг тусад хүргэх цорын ганц зорилготой учраас энэрэл, ерөөл хүсэлд түшиглэсэн төрөл билээ.
Хойд дүрийн утга
Хойд дүр буюу бурхны хувилгаан дүр хэмээх нэр томьёоны талаар дурдахад төвөдийн ард түмэн анхандаа хувилгаан лам нарыг хүндэтгэн ийн нэрийддэг байсан бөгөөд цаашид өргөн хэрэглээний нэршил болон тогтжээ. Ерөнхий утгаараа хойд дүр гэдэг нь “Хөлгөн судар”-т (Sutra Vehicle) тайлбарласнаар хутагтын гурван заримд дөрвөн биеийн нэг илрэлийн хэлбэрийг заана. Энгийн амьтан сэтгэлийн мунхаг, үйлийн үрийн эрхшээлд байдаг ч “бурхны номын лагшин” (Dharmakaya) олж хүрэх боломжтой. Бурхны номын лагшин нь “билиг билгүүний номын лагшин” (Jñānakāya) болоод “мөн чанарын лагшин” (Svabhāvikakāya) хэмээсэн хоёр талтай. Билиг үнэн лагшин нь бүхнийг яг байгаа чигээр нь, нэгэн зэрэг төгс тодорхой харах гэгээрсэн ухамсар бөгөөд бүх мунхаг, үйлийн ул мөрийг урт хугацааны буян, билиг хоёрын хуримтлалаар арилгасан байдаг. Mөн чанарын лагшин нь тэр гэгээрсэн ухамсрын хоосон анхдагч мөн чанарыг илэрхийлнэ. Энэ хоёр нь зөвхөн бурхад хоорондын мэдрэх түвшинд байдаг тул эгэл амьтад тэднийг шууд харж чаддаггүй. Иймээс бурхад амьтдын тусын тулд үзэгдэхүйц хэлбэрээр илрэх зайлшгүй шаардлагатай болдог. Үүний тулд “төгс жаргалангийн лагшин” (Sambogakaya)-аар илрэн, дээд бодьсадва нарт харагддаг. “Төгс жаргалангийн лагшин” (Sambogakaya)-аас “хувилгааны лагшин” (Nirmanakaya) хойд дүр буюу хувилгаан лагшин үүсдэг аж. Эдгээр нь бурхан, хүн, заримдаа төрөл бүрийн үзэгдэл, эд зүйлийн дүрээр илрэн, эгэл амьтанд хүртээмжтэйгээр тус хүргэж чаддаг гэж үздэг байна.
Хувилгаан лагшинг гурван хэлбэртэй гэж үзнэ. Нэгдүгээрт, Шагжамуни бурхан шиг 12 үйлийг бүтээн илэрдэг Дээд хувилгаан лагшин (Supreme Emanation Body) хэмээнэ. Хоёрдугаарт, дархан, эмч, урлан бүтээгч тэргүүт дүрээр бусдад тус хүргэх Урлахуйн хувилгаан лагшин (Аrtistic Emanation Body) хэмээнэ. Гуравдугаарт, амьтдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хүн, тэнгэр, гол мөрөн, гүүр, эмийн ургамал, мод тэргүүт ямар ч хэлбэрээр дахин төрсөн Туслах хувилгаан лагшин (Incarnate Emanation Body) хэмээнэ. Төвөдөд хойд дүрийг тодруулах уламжлал нь эдгээрийн гурав дахь төрөл буюу хувилгаан лагшинд харьяалагдана. Хойд дүрүүдийн дунд үнэхээр бурхдын хувилгаан лагшны чанарыг бүрэн илтгэн төрсөн өндөр бодьсадва нар ч буй. Гагцхүү бүх хойд дүр заавал ийм түвшний байдаг гэсэн үг биш. Зарим нь хуримтлал, бэлтгэлийн замд яваа бодьсадва, зарим нь тэдгээр замд дөнгөж орж буй багш нар ч байж болно. Тиймээс хойд дүр хэмээх нэр нь тухайн хүн гэгээрсэн амьтдын шинж төрхтэй төстэй эсвэл гэгээрсэн амьтдын тодорхой чанартай холбоо хамааралтай учраас ийн нэрийддэг, хүндэт цол юм.
“Дараагч нь өмнөх нас барсны дараа дахин төрвөл тэр нь дахин төрөлт, харин уг эх үндэс нас бараагүй атлаа илрэн үзэгдэхийг хувилгаан дүр хэмээнэ” гэж Жамьянг Хиенцэ Ванпо багш айлдсан байдаг.
Хойд дүрийг тодруулах уламжлал
Шагжамуни бурхан бадамлянхуа дунд оршин байсан цагт ч хэн нь хэнийг өмнөх төрөлд байсныг таньж тогтоох явдал ч гарч байв. Винаягийн дөрвөн Агама, Жатака, “Ухаант хийгээд мунхгийн судар”, “Зуун үйлийн судар” тэргүүт олон сударт түүнчлэн ажирсан (Tathagata) өөрийн айлдсан үйлийн үрийн үйлчлэлээр хүмүүс урьд насандаа бүтээсэн үйлийн үрээ энэ насандаа хэрхэн хүлээн авч буй түүхийг тоочсон байдаг. Мөн бурхны дараах үеийн энэтхэгийн олон гэгээнтэн багш нар өөрсдийн урьд төрлөө дурссан нь олонтоо. Ийм үлгэр учрал цөөнгүй ч Энэтхэг улсад тэдгээрийг дугаарлаж, албан ёсоор хойд дүр хэмээн тодруулдаг тогтолцоо байсангүй.
Төвөдөд хойд дүрийг тодруулах тогтолцоо
Буддизм бүрэн дэлгэрэхээс өмнөх Төвөдийн Боны ёс (Bon) уламжлалд ч урьд хийгээд ирээдүйн төрөл оршихыг хүлээн зөвшөөрдөг байв. Буддизм дэлгэрсний дараа төвөд хүн бүр өнгөрсөн хийгээд ирээдүйн төрөлд итгэдэг болсон байв. Бурхны ном, зарлигийн эзэд олон багш нарын дараах төрөл хайж олдог ёсон, тэдэнд чин үнэнч сүсгээр залбирдаг уламжлал улс даяар бэхжин түгсэн байв. Энэрэх сэтгэлийн бодьсадва болох Жанрайсиг бурхны хойд дүрийн тухайтад олон зүйлс буддын сударт болон төвөд зохиол болох “Мани кабум”, “Таван катангийн номлол”, түүнчлэн XI зуунд Төвөдөд заларсан энэтхэгийн адислагдсан их гэгээнтэн Дипанкара Атишагийн айлдсан “Кадам шавь нарын ном”, “Үнэт эдлэлийн зүүлт: Асуултын хариулт” тэргүүт зохиолд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг.
Гэвч багш нарын дахин төрлийг албан ёсоор тогтоон тодруулах өнөөгийн энэ уламжлал нь XIII зууны эхээр эхэлсэн аж. Кагьюгийн их багш Душүм Хиенпагийн дахин төрөл болсныг зөгнөлд нь үндэслэн Пагши багшийг Карампа хэмээн шавь нар нь тодруулсан нь энэ бүхний эхлэл бөгөөд түүнээс хойш 900 гаруй жилийн турш 17 Карампагийн залгамж хойч үе тодорчээ. Үүнтэй адил XV зуунд Хандро Чойжи Дромегийн дахин төрөл Күнга Сангмог тодруулснаас хойш Самдин Дорж Пагмын 10 гаруй дүр залгамжилсан байдаг. Иймээс Төвөдөд тодорсон хойд дүрүүд гэвэл зарим нь сахил санваартан, зарим нь эгэл хүмүүний сахил, эрэгтэй эмэгтэй ялгаагүй байдаг. Энэ тогтолцоо Ньингма, Кагью, Сакья, Гэлүг мөн Жонoн, Бодонг, тэр бүү хэл Бон уламжлалд хүртэл түгэн дэлгэрсэн аж. Харамсалтай нь энэ хойд дүрүүд дундаас нэр төр гутаам үйлдэгч ч цөөнгүй гарсан билээ.
Хамгийг болгоогч Гэдүн Дрүп буюу анхдугаар Далай лам нь Богд Зонховын шавь бөгөөд Цанг мужид Дашлхүнбэ хийдийг үндэслэн, олон шавь нараа асарч хамгаалж байв. Тэрбээр 1474 онд 84 насандаа жанч халсан билээ. Эхэндээ түүний хойд дүрийг эрэх оролдлого хийгдээгүй боловч Цанг мужийн Танак нутагт 1476 онд төрсөн Санж Чойпэл хэмээх хүү урьд төрлийнхөө талаар алдаа мадаггүй, гайхалтай тод санаж, ярьж өгсөн тул ард олон түүнийг заавал хүлээн зөвшөөрөхөөс арга үгүйд хүрчээ. Ингэснээр Гандан повран сан, Гандан повран газар дараа дараагийн Далай ламын дүрийг эрж тодруулах уламжлалыг үүсгэн тогтоосон түүхтэй.
Хойд дүрийг тодруулах арга зам
Хойд дүрийг тодруулдаг тогтолцоо үүссэний дараагаар түүнийг хэрэгжүүлэх олон арга хэлбэр үе шаттай хөгжиж иржээ. Эдгээрийн дундаас хамгийн чухал нь өмнөх дүр нирваан дүрийг үзүүлэхээс өмнө бичсэн зөгнөлийн захидал, үг нэгтгэл, үүнтэй холбоотой илэрч байсан тэмдэг шинж, хойд дүрд төрсөн хүү өөрийн өмнөх амьдралаа алдаа мадаггүй өгүүлэх, урьд дүрийн өмч хөрөнгө эд зүйлийг танин ялгах мөн урьд дүртэй ойр дотно байсан хүмүүсийг зөв таньж мэдэх тэргүүт олон шинж орно. Үүнээс гадна итгэл даахуйц их багш нараас мэргэ төлөг асуух, орон нутгийн хамгаалагчийн зөгнөл таамаглалыг эрэлхийлэх, Лхасаас өмнөш зүгт орших Лхамой Лацо сахиусын ариун нууранд илрэх зөн билгийн тусгалыг ажиглах тэргүүт нэмэлт олон арга буй.
Хэрэв хойд дүрээр тодрох боломжит гэж үзэж буй хүүхдүүд нэгээс олон нэрлэгдэн гарч ирэн, аль нь жинхэнэ болохыг эцэслэн тодорхойлоход хүндрэл гарвал хамгийн сүүлчийн шийдвэрийг үнэн хийгээд үнэмшлийн хүчийг дуудаж, ариун шүтээний өмнө гурилан бөмбөлгийн арга буюу зэн так ашиглан мэргэ төлгөөр эцсийн шийдвэрийг гаргадаг ёсон буй.
Урьд дүр таалал төгсөхөөс өмнө дүр тодрохуй (ма-дхэй тулку)
Ердийн тохиолдолд дахин төрөл нь өмнөх бие таалал төгссөний дараа хүний төрлөөр дахин мэндлэхийг хэлнэ. Эгэл хүмүүс таалал төгсөхөөсөө өмнө өөрийгөө хувилгах буюу ма-дхэй тулку байдлаар биелэн үзэгдэх чадваргүй байдаг. Харин аугаа бодьсадва нар хэдэн зуу, хэдэн мянган дүрд зэрэг хувилж чадах тул тэд өмнөх дүр мөнх бусын ёсыг үзэхээс өмнө хувилан төрөх боломжтой аж. Төвөдийн хойд дүр тодруулах ёсонд илрэх ийм дүрүүд нь өмнөх дүрийнхээ нэгэн адил сэтгэлийн урсгалтай байж болохоос гадна үйлийн үрийн холбоо, өмнөх залбирлын хүчээр холбогдсон дүр, адислал хийгээд чиглүүлгээр хувилсан дүр тэргүүт төрөл бүрийн хэлбэртэй байж болно.
Хойд дүрийн гол утга учир нь өмнөх дүрийн эхлүүлээд дуусгаж амжаагүй бусдын тусын тулд үйлдэх ёстой ажил үйлсийг үргэлжлүүлэхэд оршино. Хэрэв лам багш эгэл хүмүүн бол заавал өмнөх дүрийнхээ адил сэтгэлийн урсгалтай, дахин төрөх алба үгүй бөгөөд тухайн багштай ариун үйлийн үр, залбирлын холбоогоор холбогдсон өөр хүмүүн түүний дүрээр тодорч болох юм. Эсвэл лагшин тунгалаг ахуйдаа өөрийн шавь болоод бусад залуу хүнийг өөрийн залгамж дүр хэмээн тодруулж өгөх боломжтой. Ийм тохиолдлууд байдаг учраас эгэл багшийн хувьд таалал төгсөхөөс өмнө хувилах боловч өмнөх дүрийнх нь сэтгэлийн урсгалтай нэг биш дүр байж болох билээ. Зарим өндөр зэрэгтэй лам олон дүрээр нэгэн зэрэг хувилах явдал ч тохиолддог. Үүнд лагшин, таалал, зарлигийн дүр тэргүүт ангилал багтана. Ойрын үед Дүджом Жигдрал Ишдорж, Чойжи Тричэн Наваан Хярав тэргүүт багш нар таалал төгсөхөөсөө өмнө хувилж оршин, тод жишээ болсон билээ.
Алтан сав нээх тухайтад...
Дээд лам нарын хойд дүрүүд олноор танигдах тусам зарим нь улс төрийн зорилгоор, зохисгүй, тун эргэлзээт арга хэрэгслээр олноор олноор тодорч, үүний дүнд номд асар их хохирол учруулжээ.
Төвөд, Гүрхасын хоорондох 1791-1793 оны мөргөлдөөний үеэр Төвөдийн Засгийн Газар Манжийн цэргийн дэмжлэг хүсэхээс аргагүй болсон аж. Үүний үр дүнд Гүрхасын цэргийг Төвөдөөс шахан гаргасан боловч удалгүй манжийн албаныхан Төвөдийн Засгийн Газрын удирдлагыг сайжруулах нэрийн дор 29 зүйл бүхий санал дэвшүүлжээ. Энэ саналд Далай лам, Банчин богд мөн өндөр зиндааны лам нарт олгодог монгол цол болох хутагтыг тодруулахдаа “Алтан сав нээх” аргыг хэрэглэх тухай заалт орсон байдаг. Иймээс Далай лам, Банчин богд болон бусад өндөр лам нарын дахин төрлийг тодруулахдаа зарим тохиолдолд энэ аргыг хэрэглэж иржээ. Ёслолын дүрмийг VIII Далай лам Жамбал Жавцү бичиж тогтоосон түүхтэй. Гэвч ийм тогтолцоо бий болсны дараа ч IX, XIII мөн миний хувьд буюу XIV Далай ламыг тодруулахдаа энэ үйлийг хэрэглэлгүй орхисон юм.
Х Далай ламын хувьд жинхэнэ хойд дүр нь аль хэдийнээ олдсон байсан тул энэ аргыг бодитоор хэрэглэсэнгүй. Харин зөвхөн манжийн талыг эвгүй харагдуулахын тулд л хэрэглэсэн хэмээн зарласан түүхтэй.
Алтан савны аргыг жинхэнээр хэрэглэсэн цорын ганц тохиолдол нь ХI Далай ламыг тодруулах үйл байв. ХII Далай ламын хувьд мөн хэдийн тодорсон байсан тул энэ арга хэрэгжээгүй билээ. Иймээс Далай лам нарын хувьд зөвхөн нэг удаа л энэ аргыг ашигласан болж байгаа юм. Банчин богдын хойд дүрийг тодруулахад ч зөвхөн VIII, IX дүрийн үед л энэ аргыг хэрэглэсэн байдаг. Энэхүү тогтолцоо Манжийн зүгээс тулгасан зүйл байсан бөгөөд сүсэг бишрэлийн чанар, шашны үндэслэл огт үгүй тул төвөд хүмүүс ч үүнд итгэдэггүй байв. Гэхдээ хэрэв энэ аргыг үнэн сэтгэлээр, шударгаар хэрэглэх аваас гурилан бөмбөлгөөр мэргэлэх аргын нэгэн хувилбар хэмээн үзэж болох юм.
1880 онд ХII Далай ламын хойд дүр ХIII Далай ламыг тодруулах үед Төвөд, Манжийн хооронд оршин байсан лам, ван харилцааны үлдэц байсаар байсан ч IХ Банчин ламын баталгаажуулалт, Нэчүн, Самъяагийн зөн бэлгэ, Лхамой Лацод илрэх мэргэ төлгийн шинж тэмдгүүдийн үндсэнд түүнийг эргэлзээ үгүй хойд дүр хэмээн хүлээн зөвшөөрсөн тул алтан савны аргыг ашиглаагүй аж. Үүнийг ХIII Далай ламын 1933 оны усан мич жилийн сүүлчийн зарлигаас тодорхой харж болно.
“Та бүхний мэдэж байгаачлан миний биеийг алтан сав нээх уламжлалт аргаар бус, харин урьдчилан зөгнөсөн мэргэ тэнгэрээр сонгосон тул энэ бүх зөн, төлгийн дагуу Далай ламын хойд дүр хэмээн тодруулж, хаан ширээнд залсан билээ” хэмээн ийн зарлигджээ.
1939 онд намайг Далай ламын XIV дүрээр хүлээн зөвшөөрөхөд төвөд, хятадын санваартан, ивээн тэтгэгчийн харилцаа хэдийн дууссан байв. Иймд алтан савыг ашиглан хойд дүрийг баталгаажуулах шаардлагатай хэмээсэн асуудал байсангүй. Тухайн үеийн Төвөдийн ван болон Төвөдийн Үндэсний Ассемблей дээд лам нарын зөн билиг, Лхамой Лацогийн зөгнөлийг харгалзан Далай ламын хойд дүрийг хүлээн зөвшөөрөх журмыг мөрдөж байсныг түмэн олон мэдэх буй за. Хятадууд үүнд өчүүхэн ч оролцоогүй юм. Гэсэн ч гоминданы зарим нэг санаа зовсон түшмэд алтан савыг ашиглахаас татгалзахаар тохиролцож, миний биеийг хаан ширээнд залах ажлыг Ву Чун Цин тэргүүлсэн мэтээр худал мэдээг сонин хэвлэлээр тараасан байдаг. Энэ худал үгийг БНХАУ-ын хамгийн дэвшилтэт хүн гэж үздэг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Нгабо Наваан Жигмэ Төвөдийн Өөртөө Засах Орны V их хурлын хоёрдугаар чуулганд (1989 оны 7 дугаар сарын 31) илчилсэн юм. Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд үйл явдлын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, нотлох баримтуудыг танилцуулахдаа "Коммунист нам гоминданы худал хуурмагийг үргэлжлүүлэх ямар шаардлага байна?" хэмээн тодорхой өгүүлсэн билээ.
Мэхт явуулга хийгээд хоосон найдлага
Сүүлийн үед зарим чинээлэг лам нар, хийдийн хариуцлагагүй эрх баригчид хойд дүр тодруулахдаа зохисгүй арга хэрэглэн, бурхны номыг доройтуулах, сүм хийд болоод нийгмийн дэг журмыг эвдэх тохиолдол гарч ирсэн. Үүн дээр нэмээд Манжийн үеэс эхлэн Хятад улсын төрийн эрх баригчид Төвөд, Монголын хэрэгт хөндлөнгөөс оролцохдоо буддын шашин, багш лам, хойд дүрийг улс төрийн зорилгодоо ашиглахын тулд элдэв мэх хэрэглэж ирснийг түүх гэрчлэх билээ.
Өнөөдөр шашныг үгүйсгэдэг коммунист үзэлтэй атлаа шашны хэрэгт бүдүүлгээр хутгалддаг БНХАУ-ын эрх баригчид шашны зүтгэлтнүүдийг “дахин хүмүүжүүлэх” компанит ажил нэрийн дор хавчиж, 2007 оны 9 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон “5 дугаар тогтоол” гэх хуурамч журам гарган, хойд дүр тодруулах эрхийг өөрсдийн хяналтдаа оруулах гэж оролдож байна. Энэ бол туйлын инээдтэй хийгээд доромжилсон хэрэг билээ. Төвөдийн өвөрмөц соёл, шашны уламжлалыг устгахын тулд зохисгүй аргыг албаар хэрэгжүүлж буй нь нөхөж барамгүй хохирол учруулж байна.
Түүнчлэн тэд миний биеийг жанч халсны дараа өөрсдийн хүссэн “ХV Далай лам”-ыг тодруулна хэмээн илэрхий мэдэгддэг болж. Тэдний шинэ журам, баримталж буй байр суурь, бодлогоос нь харахад төвөдийн ард түмэн, төвөдийн буддын шашныг дагагчдыг болоод олон улсыг төөрөгдүүлэхэд чиглэсэн машид нарийн боловсруулсан үйл ажиллагаа буй гэдэг нь тодорхой байна.
Тиймээс бурхны ном болоод зовж буй хамаг амьтны төлөө хариуцлага хүлээдэг хүний хувьд ийм хорлонт бодлогыг няцаахын тулд би дараах мэдэгдлийг хийж байна.
Дараагийн Далай ламын хойд дүрийн тухайтад...
Би бээр дээр дурдсанчлан хойд дүрийн тодрол хэмээх зүйл нь тухайн хойд дүрийг залах хүн өөрөө, сайн дураараа сонгосон шийдвэр эсхүл дор хаяж өөрийнх нь буян, үйлийн үр, залбирлын хүчээр л буй болдог үзэгдэл билээ. Тиймээс хаана, хэрхэн дахин төрөх, түүнийг хэрхэн таньж тодруулах талаар шийдэх цорын ганц бүрэн эрх нь зөвхөн дахин төрж буй тэр хүмүүнд өөрт нь л бий. Энэ бол гаднаас хэн нэгэн хүнийг албадан тулгах, эсхүл дур зоргоороо ашиглан удирдах боломжгүй бодит үнэн юм. Ялангуяа өнгөрсөн хийгээд ирээдүйн үрийн оршин тогтнолыг үгүйсгэдэг, хойд дүрийн тухай ойлголтыг бүрэн няцаадаг хятадын коммунистууд төвөдийн хойд дүрийн тогтолцоонд хутгалдан оролцоно гэдэг туйлын зохисгүй хэрэг. Далай лам, Банчин богд нарын хойд дүрийг улс төрийн зорилгодоо ашиглахыг оролдсон ийм бүдүүлэг оролдлого нь тэдний өөрсдийнх нь үзэл сурталтай зөрчилдөж, хоёр нүүрт байдлыг нь илчилж байна. Цаашид ч илтгэх буй за. Хэрэв ийм байдал ирээдүйд ч үргэлжилбэл төвөдийн ард түмэн, төвөдийн буддын шашныг дагагчид үүнийг хүлээн зөвшөөрөх боломж үгүй билээ.
Би бээр ная орчим наслах үедээ төвөдийн бүх урсгалын өндөр лам нар, төвөдийн ард түмэн мөн төвөдийн бурхны шашныг шүтдэг бусад холбогдох хүмүүстэй зөвлөлдөж, Далай ламын институцийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг дахин нухацтай бодож үзнэ. Түүнээс хойш хамтын шийдвэрээ гаргана. Хэрэв Далай ламын хойд дүрийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж, ХV Далай ламыг тодруулах шаардлагатай болбол үүнийг зохион байгуулах үндсэн хариуцлага Гандан подрангийн Итгэлцлийн холбогдох албан тушаалтнуудад ногдоно. Тэд төвөдийн буддын шашны бүх урсгалын тэргүүдтэй мөн Далай ламын үе дамжлагаас салшгүй гэгддэг тангарагт хамгаалагчидтай зөвлөлдөж, тэдний айлтгал, чиглэлийг авч, эрэл хайгуул, таних тодруулах бүх журмыг уламжлалт жаягийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Би бээр энэ бүхнийг тодорхой зааварчилсан захидал үлдээнэ. Хамгийн чухал нь ийм зөв зохистой уламжлалт аргаар танигдсан хойд дүрээс өөр улс төрийн зорилгоор тодруулсан ямар ч “хойд дүрийг” БНХАУ-ын Засгийн Газар ч бай, бусад хэн ч хэзээ ч хүлээн зөвшөөрөх ёс үгүй.
Далай лам
Дарамсала хот
2011 оны 9 дүгээр сарын 24
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










