Мексик улс, Мехико хот. 2013 оны 10 дугаар сарын 12 - Дээрхийн гэгээн Далай лам өнөө өглөө Мехико хотын хөл ихтэй нэгэн гудмаар чамгүй удаан явж байж "Арена Сьюдад де Мексико" цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирлээ. Түүний яваа цуваа тус цэнгэлдэх хүрээлэнгийн хашаа руу ороход олон зуун хүн зам дагуу жагсан, дотогш орохоо хүлээн дугаарлаж байв. Цугласан олон Дээрхийн гэгээнийг харан гараа даллаж байлаа.
|
Мехико хотноо ном айлдахаар ирсэн Дээрхийн гэгээн Далай лам “Арена Сьюдад де Мехико” цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа алдарт жүжигчин Ричард Гирийн хамт морилон ирж буй нь... 2013 оны 10 дугаар сарын 12. Мексик улс, Мехико хот. Гэрэл зургийг Жереми Руссел. |
Дээрхийн гэгээнийг машинаасаа буухад түүний хуучны анд, жүжигчин Ричард Гир угтан авч, тайзны арын хэсэг рүү хамт алхав. Дараа нь Гир тайзан дээр түрүүлэн гарч, хүрэлцэн ирсэн 4000 гаруй хүнд Дээрхийн гэгээнийг танилцуулан, тайзнаа урилаа. Дээрхийн гэгээн тайзнаа заларч, хурсан олонтой алга хавсран мэндчилэхэд бүгд түүнийг халуун дотноор хүлээн авлаа. Шүтээн зургаар чимэглэсэн тайзнаа энгийн түшлэгтэй сандалд суугаад, яриагаа эхлүүлэв.
“Ахан дүүс ээ, хүмүүс өөрсдийн язгуур уламжлалт итгэл үнэмшилдээ үнэнч үлдэх хэрэгтэй гэдгийг би үргэлж онцолдог. Гэхдээ XXI зуунд шашин хоорондын эв нэгдлийг дэмжихийн тулд бид бие биеийнхээ талаар мэдэж авах нь эерэг ач холбогдолтой. Бүх шашны уламжлал нь хайр, нигүүлслийг түгээх нийтлэг шинжтэй байдаг. Эдгээрийг амжилттай дадуулахын тулд танд хүлцэл тэвчээр, уучлал, сахилга бат, сэтгэл ханамж хэрэгтэй. Бид бүгд эдгээр зүйлсийг зааж сургадаг учраас бие биеэсээ суралцаж чадна гэсэн үг юм.
Мэдээжийн хэрэг гүн ухааны хувьд уламжлал бүр өөрийн гэсэн өвөрмөц үзэлтэй байдаг ч энэ өөр өөр үзэл санааны нийтлэг зорилго нь хайр, энэрэнгүй сэтгэлийг бэхжүүлж, бидний дотоод амар амгаланг цогцлооход хувь нэмрээ оруулах явдал юм. Барууны ертөнцийн түүхэнд буддын шашинтай холбогдож байсан удаа байхгүй ч өнөөдөр эрдэмтдийн дунд ч буддын сургаалыг сонирхон сонсох чин хүсэл нэмэгдэж байна” хэмээн айлдвараа эхэллээ.
Дээрхийн гэгээн буддын шашны талаар товч танилцуулахдаа, Бурхан багшийн анхны сургаал болох "Хутагтын дөрвөн үнэн" хэмээх сургаал нь дараагийн бүх сургаалын үндэс болдгийг тайлбарлажээ. Зүүн Өмнөд Азиар тархсан пали уламжлал, Хятад, Солонгос, Япон, Вьетнамд дэлгэрсэн санскрит уламжлалын хөгжлийн талаар мөн ярив. Санскрит уламжлалын дагуу Бурхан багш анх Сарнатхад "Хутагтын дөрвөн үнэн"-ийг зааж, номын хүрдээ эргүүлжээ. Үргэлжлээд Ражгирт хоёр дахь удаагаа номын хүрдээ эргүүлж, гурав дахь үнэн болох түйтгэрийг гэтэлгэхүйн тухай билиг барамидын сургаалаа дэлгэрүүлсэн юм. Гурав дахь удаагаа Вайшалид номын хүрд эргүүлэхдээ Бурхан багш ухамсрын мөн чанарыг тайлж, дөрөв дэх үнэн болох "мөр"-ийн талаар нарийвчлан айлджээ.
|
“Арена Сьюдад де Мехико” цэнгэлдэх хүрээлэн. 2013 оны 10 дугаар сарын 12. Мексик улс, Мехико хот. Гэрэл зургийг Жереми Руссел. |
Эдгээр сургаалуудыг Наланда Их Сургуулийн багш нар судалж, дүн шинжилгээ хийсэн нь Төвөдөд түгсэн буддын шашны уламжлалын эх сурвалж болсон байдаг. VII зууны үед төвөдийн эзэн хаан буддын шашныг төвөдүүдэд тохиромжтой хэмээн шийдэж байсан бол VIII зуунд түүний залгамжлагчид Наландагийн нэрт гүүш, логикч Шантаракшитаг Төвөдөд урьжээ. Тэрбээр өндөр настай байсан ч ихэд зориг гарган, төвөдүүдийн урилгаар морилон очиж, тэндээ винайн ёс буюу сахил санваар, буддын гүн ухаан, танин мэдэхүйн ухааныг үндэслэсэн юм. Тиймээс төвөд дэх буддын шашин нь цэвэр Наландагийн уламжлалаас гаралтай билээ.
“VIII зуунд Наландагийн өөр нэгэн их багш болох Шантидэва бидний өнөөдөр судлах гэж буй номыг бүтээсэн юм. Энэхүү шастир нь голчлон бодь сэтгэлийг цогцлоох, түүнийг хэрхэн хөгжүүлэх, түүнчлэн хүлцэл, уучлал, сэтгэл ханамж, сахилга батыг хэрхэн дадуулах тухай өгүүлнэ. Шантидэва бүтээлийнхээ гол санаа, сургаалд судар номоос эш татахаас илүүтэй учир шалтгааныг нь таниулахыг зорьдог байж. Бидэнд цаг бага тул би энэ бичвэрийг мөр бүрээр нь уншихгүй, гол санаануудыг нь тайлбарлах болно. IX бүлэг Бурхан багшийн сургаалын хураангуйгаар эхэлдэг тул тэндээс эхэлцгээе” хэмээв.
Бурхан багш бүх сургаалаа билиг оюуны тулд номнов хэмээн тунхагласан мөрүүдийг Дээрхийн гэгээн уншлаа. “Зовлонгоос ангижрах хүсэлтэй бол бид оюун билгээ хөгжүүлэх ёстой. Мөн юмсын үзэгдэх байдал болон бодит байдлын хооронд ан цав байдаг бөгөөд үүнийг боловсрол, суралцахуй, харьцангуй үнэн, туйлын буюу янагуух үнэнг ойлгох замаар нөхөж болно” хэмээв.
Айлдвар үдийн хоолны үеэр түр завсарлаж, Дээрхийн гэгээн Ватикан болон Гэгээн ширээт улсын байгуулсан Мехикогийн Понтификийн Их Сургуулийн (Universidad Pontificia de México) урилгыг хүндэтгэн очихоор хотын захыг зорилоо. Түүнийг ирэхэд сургуулийн захирал Марио Анхель Флорес Рамос, хамба лам Эухенио Лира Ругарсиа, туслах хамба Криспин Охеда Маркес нар элэгсэг дотноор угтан авч, олон мянган хүн хүлээж байсан танхимд дагуулан оров.
|
Дээрхийн гэгээн Далай ламыг Мексикийн Понтифик Их Сургуульд (Universidad Pontificia de México) хүрэлцэн ирэхэд нь Мексикийн хамба нарын зөвлөлийн нарийн бичгийн дарга, хамба лам Эугенио Лира Ругарсиа, тус сургуулийн захирал Марио Анхель Флорес Рамос, Мехико хотын туслах хамба Марио Криспин Охеда Маркес нар угтан авч, мэндчилэв. 2013 оны 10 дугаар сарын 12. Мексик улс, Мехико хот. Гэрэл зургийг Оскар Фернандес. |
Тэд Дээрхийн гэгээнийг угтан авч, хэлсэн үгэндээ тус их сургууль нь Христийн номлолыг судалдаг газар боловч нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлдэг орчин гэдгийг нь онцлов. Мөн Ромын католик сүм болон орчин үеийн ертөнцийн харилцааг судалдаг Пап лам II Иоханы (John XXIII) санаачлан эхлүүлсэн Ватиканы зөвлөлийн 50 жилийн ой тохиож буйг дурдлаа. “Энэ судалгааны нэгээхэн хэсэг нь бусад шашны уламжлалуудтай хүндэтгэлтэйгээр харилцах, дэлхийг энх тайван, шударга ёст газар болгоход хамтын хувь нэмрээ оруулах явдал юм” хэмээв. Дээрхийн гэгээн цугласан олонтой чин сэтгэлээсээ хариу мэндлэв.
“Хүндэт шашны удирдагчид болон ах дүүс ээ, энд ирсэндээ би машид баяртай байна. Энэхүү их сургууль 400 зуун жилийн түүхтэй, Латин Америкийн католик шашны гол сургууль хэмээн сонссон билээ. Миний санахаар 2004 онд Мексикт хоёр дахь удаагаа ирэхдээ би Мехикогийн төв сүмд болсон шашин хоорондын уулзалтад оролцож байсан юм. Одоо харин энд зочилж байгаадаа баяртай байна.
Бид технологийн асар өндөр хөгжлийн үе болох XXI зууны эхэн үед амьдарч байна. Гэвч энэ хөгжил дэвшил нь бидний зөвхөн бие махбодын тав тухыг хангахад зориулагддаг бөгөөд хэдий дэвшилтэт шийдэл байлаа ч бидэнд сэтгэлийн аз жаргалын эх үүсвэр болох хайр халамжийг өгч чадахгүй. Пап лам Бенедикт итгэл үнэмшил, учир шалтгаан хоёр хамт орших ёстой хэмээн тунхагласан байдаг. Бидэнд шинжлэх ухаанч хандлага бидэнд хэрэгтэй. Ялангуяа технологийн ертөнцөд бидэнд судалгаа шинжилгээ шаардлагатай. Гэвч энэ нь дангаараа дотоод амар амгаланд хүргэж чадахгүй. Итгэл үнэмшил л бидэнд тайтгарал, дотоод амар амгаланг авчирна. Аз жаргалтай нийгмийг цогцлоохын тулд бидэнд оюун санааны үнэт зүйлс хэрэгтэй байна.
Би оюун санаа, сүсэг бишрэлийн уламжлалыг дадал, үйлдэл болоод гүн ухаан гэсэн хоёр талтай гэж хардаг юм. Дадлын хувьд манай уламжлалуудад ижил төстэй зүйл маш их бий. Бид хайр, энэрэнгүй сэтгэл, хүлцэл болон сэтгэл ханамждаа анхаардаг. Тереза эх шиг бусдын төлөө бүхий л амьдралаа зориулсан гайхалтай хүмүүсийн үйл хэргээс бид ийм дадлын үр нөлөөг харж болно” хэмээн айлдлаа.
Шашин нь дотоод амар амгаланг цогцлоох чадалтай учраас шашны нэр дор зөрчил мөргөлдөөн гарахад машид харамсдаг болохоо Дээрхийн гэгээн дурдлаа. “Тиймээс ч Пап лам II Жон Павел 25 гаруй жилийн өмнө Ассизийн уулзалтыг зохион байгуулж байсан шиг шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх зүтгэл нэн чухал” хэмээжээ. Тэрбээр дэлхийн томоохон шашнууд 2000 гаруй жилийн турш зэрэгцэн оршиж, эв найртай амьдарч ирсэн Энэтхэг улсыг жишээ болгов.
|
Дээрхийн гэгээн Далай лам Мексикийн Понтифик Их Сургуульд үг хэлж буй нь… 2013 оны 10 дугаар сарын 12. Мексик улс, Мехико хот. Гэрэл зургийг Оскар Фернандес. |
Дээрхийн гэгээн үгийнхээ төгсгөлд “Шашин шүтэх эсэх нь хувь хүний сонголт, харин шүтдэг бол түүндээ чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Сүм хийдэд сүсэгтэй царай гаргаснаа гадаад ертөнцөд гараад, итгэл үнэмшлээ мартаад байдаг бол ямар хэрэг байх вэ” хэмээлээ. Тэрбээр өөрийн уламжлалын дагуу номын үйл хийхдээ шар дээл өмсдөг ч бодит байдал дээр оюун санааны үнэт зүйлс нь өмссөн хувцсанд бус, зүрх сэтгэлд оршдог гэдгийг онцлов. Халуун дулаан яриа дэлгэх цаг бага байгаад харамсаж буйгаа илэрхийлээд, хожим дахин уулзах боломж гарна гэдэгт найдаж буйгаа хэллээ.
Дээрхийн гэгээнээс хэд хэдэн асуулт асуув. Хойд дүрийн тухай асуултад тэрбээр "Биднийг бурхан нэг удаа бүтээсэн гэдэг үзэл санааг ойлгоход илүү хялбар. Гэвч буддын шашны үзлээр олон төрөл дамжих тухай ойлголт нь сэтгэлийн залгамж чанартай холбоотой" хэмээн хариулав. “Бурхан гэж хэн бэ? Юу вэ?” гэсэн асуултад тэрбээр өөр нэг газар "Бурхантай ярилцах боломж олдвол юу асуух вэ?" гэсэн асуултад "Та хэн бэ? Та хаанаас ирсэн бэ? Та юу хийдэг вэ?" гэж асууна хэмээн хариулж байснаа дурсав. Эцэст нь хүн төрөлхтний ирээдүйн тухай асуултад дайснаа хүртэл бурхны бүтээл хэмээн харах хүчирхэг үзэл санааг биширдгээ хэлээд, бурхангүй уламжлалуудад бидэнд болж буй бүх зүйл бидний өөрсдийн үйлийн үр хэмээн үздэг болохоо нэмж өгүүллээ.
Арга хэмжээний төгсгөлд Дээрхийн гэгээний айлчлалыг мөнхлөх дурсгалын самбарыг сургуулийн хотхонд байрлуулж, Далай ламд дурсгалын зүйлийг өргөн барив. Дараа нь хүүхдүүд дуу дуулж, цугласан олонд мэндчилгээ дэвшүүллээ.
Үдээс хойш айлдвараа үргэлжлүүлэхдээ тэрбээр буддын дээд урсгалууд нь доод урсгалдаа өөрийн үзэл бодлыг шууд тулгаж болохгүй, харин учир шалтгаанаар нотлох ёстойг онцлов. Шантидэвагийн өгүүлснээр өндөр түвшний чадвартай бясалгагчид аяндаа илүү тод гэрэлтэн, чадвараараа ялгарч байдаг.
|
Дээрхийн гэгээн Далай лам “Арена Сьюдад де Мехико” цэнгэлдэх хүрээлэнд айлдвар айлдаж буй нь... 2013 оны 10 дугаар сарын 12. Мексик улс, Мехико хот. Гэрэл зургийг Жереми Руссел. |
“Дэлхийн олон асуудал нь хүмүүсийн мунхаг байдлаас болж өөрсдийнх нь гараар бүтдэг тул энэ мунхгийн харанхуйг даван туулж байж зовлонг гэтэлнэ. Хоосон чанарыг таних билиг оюун нь бодь сэтгэлийн үүсгэлтэй нэгдсэнээр бурхны хутагт хүргэдэг бол бодь сэтгэл үгүйгээр хоосон чанарыг онох билиг нь нирваан хутагт хүргэдэг. Бичвэрийн нэгдүгээр бүлэг бодь сэтгэлийн ач тусын тухай, хоёрдугаар бүлэг наманчлалын тухай өгүүлдэг болохыг тэрээр тайлбарлалаа. Энэ хоёр бүлэг нь бодь сэтгэлийг бататгах гуравдугаар бүлэг болон бодьсадвагийн барамидуудын тухай дараагийн бүлгүүдийн бэлтгэл болдог. Өглөгийн тухай тусдаа бүлэг байхгүй бөгөөд 10 дугаар бүлэгт буй. Мөн ёс зүйн тухай тусдаа бүлэг байхгүй бөгөөд 4 дүгээр бүлэгт багтсан байгааг тодруулав. 6 ба 7 дугаар бүлэгт хүлцэл, хичээл зүтгэл, 8 дугаарт бясалгал, 9 дүгээрт билиг барамид, 10 дугаарт Бодисадвагийн ерөөлийн тухай өгүүлнэ.
Дээрхийн гэгээн маргааш сонсогчдодоо заах гэж буй бодь сэтгэлийг ёслолтойгоор батад барихуйн өмнөх бэлтгэл болох 2, 3 дугаар бүлэгт дүрслэгдсэн 7 гишүүнт ёсыг тайлбарлав. Үүнд харамч сэтгэлийн ерөндөг болгож өргөл өргөх, омог бардам зангийн ерөндөг болгож мөргөл үйлдэх, шунал, уур хилэн, мунхаг гэсэн гурван хорын ерөндөг болгож гурван эрдэнэд аврал одуулах мэтээр наманчлах тэргүүт орно. Энэ хэсэгт мөн мөнх бус чанарын тухай тайлбарладаг. Эдгээр гишүүний дараа баясал, бурхан багш нараас буянт номын зулыг бадруулж соёрхоно уу хэмээн хүсэх, бодь сэтгэлийг үүсгэхээс өмнө нирваан дүр үзүүлэхгүй байхыг гуйх тэргүүт багтана.
Хэрэв бид бодит байдлыг ойлгож чадаад, шашны үйлийг хийвээс хор хөнөөлт сэтгэл хөдлөлөө даван туулж, сэтгэлийн амар амгаланд хүрч чадах юм. Эдгээр зүйлсийг хэдий чинээ сайн тунгаан бодно, бидний мэдлэг төдий чинээ гүнзгийрнэ. Би бээр эгэл нэгэн буддын хувраг хүний хувьд олон арван жилийн турш энэ бүхнийг сайтар дадуулсны үр дүнд хэрэв бид энэ замаар явбал үр ашиг нь гарцаагүй ирнэ гэдгийг хэлж чадна” хэмээн айлдлаа.
Дээрхийн гэгээн маргааш айлдвараа үргэлжлүүлэн айлдах юм.










