Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин – Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Зүглэгхан дуганд заларч төвөд залууст зориулсан номын хоёр дахь өдрийн айлдвараа эхэллээ. Энэ өдрийн айлдвар Дээрхийн гэгээн хийгээд түүний үйл хэргийг магтан дуулсан мөргөлөөр эхэлсэн юм.

Дараа нь буддын анхан шатны ангийн суралцагчид мэтгэлцээний ур чадвараа үзүүллээ. Тонми Самбхотагийн зохиосон “Гум-чу-па” хэмээх судраар дамжуулан төвөд хэлний дүрмийн талаар ном хаялцсан байна.
Үүний дараа Дээрхийн гэгээн цугласан олонд хандаж ийн айлдлаа:
“Хэдий эдүгээ бид цагаачлан амьдарч байгаа ч гэсэн залуу, ахимаг гэлтгүй боловсролд анхаарал тавьж байна. Сая бидний өмнө мэтгэлцсэн нас тогтсон оюутнууд боловсролд хэр их ач холбогдол өгч байгаагаа харууллаа. Сэра, Гандан, Бэрээвэн зэрэг хийдийн номын төвүүдэд Наландагийн уламжлалын дагуу лам нар удаан хугацаанд суралцаж, мэтгэлцээнд оролцож ирсэн. Харин одоо энгийн сүсэгтэн олон ч гэсэн энэ арга барилыг сонирхож эхэллээ. Энэ бүхэн нь бидний уламжлалыг үргэлжлүүлэн авч явахад хувь нэмэр оруулж байна. Мөн сургуулийн сурагчид ч мэтгэлцэх ур чадварыг сурч байна. Бид бүгд энэ үйл хэрэгт оролцож байна.
Төвөдийн буддын шашны тухай илүү ихийг мэдэхийг сонирхож буй хятад хүмүүсийн тоо нэмэгдэж буй. Тэдэнд энэ чиглэлээр хэрхэн туслах талаар бид бодох хэрэгтэй юм. Манай уламжлал мөргөл, зан үйлээс гадна шаргуу судалж, мэтгэлцэх арга барилыг агуулдгаараа онцлог юм. Манай шашныг сонирхож буй хятад хүмүүст бид ном эрдмээсээ хуваалцах замаар Бурхан багшийн номыг дэлгэрүүлэхэд нь тусалж чадна.”
“Урьд нь буддын шашны талаар тун бага мэддэг байсан дэлхийн бусад орны хүмүүс ч өнөө цагт манай уламжлал дахь сэтгэл оюун, сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэгийг сонирхдог болсон байна. Мэдлэгээ бусдад түгээх замаар бид дэлхий нийтийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулах үүрэгтэй гэж би үздэг. Өнөөдөр бидний харсан мэтгэлцээний жишээг би маш их үнэлж байна.
Дэлхийн бусад оронд дүрвэн амьдарч байгаа бусад үндэстний дундаас төвөдүүд бид сүсэг бишрэлийн уламжлал, соёлоо амьд хадгалж үлдсэнээрээ онцлогтой, энэ тал дээр хамгийн амжилттай нь юм. Бид энэ чиглэлд хүчин чармайлт гаргасаар байх ёстой.” хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.

Сүсэгтэн олонд цай, бэрээс түгээх зуур Дээрхийн гэгээн хэдий өөрөө нас өндөр болсон ч ганц ч шүд нь унаагүй гэв. Тэрбээр мөн мөрөн дээр нь Балдан Лхам сахиус залраад түүнийг 110 насална гэж айлдаж байна хэмээн тод зүүд зүүдэлсэн тухайгаа дурдахад танхимд буй хүмүүс алга ташжээ.
“Та бидний бат барилдлага хамгийн чухал нь юм. Би өглөө сэрмэгцээ хүн бүрийг тайван амгалан байх болтугай хэмээн залбирдаг” гэв.
Тэрбээр “Дунд мөрийн түлхүүр” номоо дахин сөхөж, бие махбод хийгээд сэтгэл оюуны хоосон чанарын тухай ярьсан байна. Түүний айлдсанаар, бие махбод гэдэг нь төрөл бүрийн хэсгээс бүрдсэн нийлмэл зүйл бөгөөд, тийн бүрдсэнд нь тулгуурлан ‘бие’ хэмээн нэрлэгддэг аж. Дэлхий ч гэсэн янз бүрийн хүчин зүйлсээс бүрдсэн нийлмэл бөгөөд, тэдгээр хүчин зүйлсгүйгээр дэлхий гэж үгүй болно. Аливаа юмс, үзэгдэл тодорхой хэсгүүдээс бүрдэн, нэрийн төдий оршдог аж.
Хүн ч гэсэн бие, сэтгэлээс бүрддэг. Энэ хоёргүйгээр хүн гэж үгүй. Бид бүгдэд ‘Би оршиж байна’ гэсэн мэдрэмж байдаг; бие , сэтгэлээс ангид тусдаа бие даасан ‘би’ хэмээх нь оршдог гэсэн ойлголт байдаг. Гэвч тийнхүү орших ‘би’ гэж үгүй. Үүнийг ойлгохын тулд сонгодог судруудад юу айлдсаныг ойлгох нь чухал.
“Толгойны оройгоос хөлийн хурууны үзүүр хүртэл өөрийгөө шинжилж үзээрэй. Өөрөөсөө ‘Би хэн бэ?’, ‘Би хаана байна вэ?’, ‘Миний бодоод байгаа хүн хаана байна вэ?’ гэж асуу. Мэдээж, та өөрийн бие болон сэтгэлийн янз бүрийн хэсгүүдийг задалж үзлээ гээд хэн нэг хүнийг олж чадахгүй юм. Гэхдээ энэ нь хүн оршдоггүй гэсэн үг биш юм.

“Хүн гэдэг нь олон янзын хэсгээс бүрдэж, нэрийн төдий л оршдог. Бие, сэтгэлийн нэгдлийг л бид хүн гэж нэрлэж буйг ухамсарлах нь чухал. Бидний сэтгэл оюунд хүртэгдэж буй бүх зүйл өөрөөсөө бүтсэн, хатуу тогтсон, мөн чанараасаа оршиж буй мэт санагддаг ч, үнэн хэрэгтээ тийм биш.
Өдөр бүр хоосон чанарыг бясалгахдаа өөрийгөө бие даан оршдог гэх буруу үзлээсээ бага багаар салж байгаагаа мэдэрдэг. Өнөөдөр хэлэх зүйл минь энэ хүрээд өндөрлөж байна.
Энд баяртай цугласных би та бүхэнд бодисадвын санваар хүртээе гэж бодож байна. Халуун дулаан сэтгэлтэй байх нь жаргалын үндэс юм. Халуун дулаан сэтгэл гэдэг нь амьтан бүхэнд туслах зориг шийдэмгий байхыг хэлнэ. Энэ нь сэтгэлийн амар амгаланг авчрахаас гадна бие махбодын эрүүл мэндэд ч тустай.
Өнөөдөр би Бурхан багш, бодисадва нарын төлөөлөн буй мэт байя. Тэднийг өмнийн огторгуйдаа залран буйгаар төсөөлөөрэй. Бурхны ном бодитой оршин буй газар төрснөө санаж, хамаг амьтанд халуун дулаан сэтгэлээр хандъя гэж шийд. Бусдад үлгэр дуурайл бол.
Өглөө сэрэнгүүтээ би бусдын болон өөрийнхөө зорилгыг хэрхэн биелүүлэх талаар бодож, бодь сэтгэлийг үүсгэдэг.

“За, одоо би залбирал уншина, та бүхэн намайг дагаж уншаарай.
Чухаг дээд гуравт мөргөн
Хэн бүхний хийсэн гэм бүхнийг наманчилъя. Хамаг амьтны буянд даган баясъя. Чухам би бээр бурхны хутагт зорьё.
Бурхан, ном, хуврагийн чуулганд
Би гэгээрэлд хүртэл аврал одуулъя.
Өөрийн болон бусдын тусын тулд
Өнөд бодийн сэтгэлийн төрүүлье.
Хамгийн дээд гэгээрэлд тэмүүлэх сэтгэлийг үүсгэсний тул, Хамаг амьтныг өөрийн зочин хэмээн урья.
Ханьцашгүй дээд гэгээрлийн үйлийг баясан үйлдье
Хамаг амьтны тусын тулд би Бурхан болох болтугай.
“Энэчлэн би бодийн сэтгэлийг өдөр бүр бясалгадаг. Бүх өвчинд хамгийн сайн эм гэвэл энэ л юм. Номын анд нөхөд минь, бодь сэтгэлийг үргэлж агуулж яваарай.”
“Төвөд хүүхдийн тосгон” сургуулийн ажилтнууд талархлын мандал өргөж, “Үнэн үг” залбирал уншсанаар өндөрлөв.










