Зөөлөн бороо шивэрсэн энэ өглөө Төвөдийн шашны тэргүүн, Дээрхийн гэгээн XIV Далай лам Энэтхэгийн Бихар мужийн Бодгаяа хотноо арав хоног үргэлжлэх Дүйнхорын авшиг хүртээх ёслолоо сэтгэл дүүрэн эхлүүлэв.
![]() |
| Дээрхийн гэгээн Дүйнхорын ванд суухаар ирсэн сүсэгтнүүдтэй мэндчилж буй нь... 2012 оны 1 дүгээр сарын 1. Зургийг Тэнзин Чойжор L |
Гэр асрын нөмөрт цуглан зогсох Төвөд, Хималайн бүс нутаг, Бутан, Солонгос, Хятад, барууны орнуудаас ирсэн мянга мянган сүсэгтнүүд Далай ламын сургаалыг анхааралтай сонсож байлаа.
“Энэ бол дагшин газар. Учир нь Бурхан Багш анх энэ газарт гэгээрлийн хутгийг олсон билээ. Төвөдөд тулгарч буй олон саад бэрхшээлийг даван туулж энд ирсэн та бүхэн энэ удаагийн Дүйнхорын авшиг хүртээх ёслолд миний хамгийн онцгой шавь нар болон оролцоно” хэмээн 76 настай Төвөдийн удирдагч, Дээрхийн гэгээн Далай лам сүсэгтнүүдийн ариун зорилгыг өндрөөр үнэлж, тэсвэр хатуужилд нь талархалтай хандаж буйгаа илэрхийлэв.
Мөн Далай лам Хятад мөргөлчдийг гараа өргөхийг хүсэн, өөрийн сургаалаа тавгүй мэдрэмжид тулгуурлах бус учир шалтгаантайгаар айлдах тул тэдний ирсэн зорилгыг хүндэтгэж буйгаа илэрхийлж, “Энэ удаагийн ёслолд Сингапур, Тайланд, мөн Хятадаас гээд олон Хятад сүсэгтэн иржээ. Гэсэн ч Хятадын зарим удирдагчид буддизмыг Хятадын эсрэг үзэл суртал мэтээр ойлгосоор байгаад нь харамсаж байна,” хэмээн хэллээ.
|
| Дээрхийн гэгээн 10 өдрийн Дүйнхорын вангийн эхний өдрийн ном айлдаж буй нь... Энэтхэг, Бодгаяа. 2012 оны 1 дүгээр сарын 1. Зургийг Тэнзин Чойжор |
Харин АНУ болон Европоос ирсэн сүсэгтнүүдэд хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснийхээ дараа Далай лам 1954 онд анхны Дүйнхорын авшиг хүртээх ёслолоо Лхаст хийснээс хойш 32 дахь удаагийн ёслолоо эхлүүлж буйгаа тайлбарлав.
Албан ёсны тоо хараахан гараагүй байгаа ч ажиглагчдын үзэж буйгаар энэ удаагийн ёслолд ирсэн зочдын тоо урьд өмнөхөөс мэдэгдэхүйц олон, ялангуяа Төвөд сүсэгтнүүдийн хувьд дээд амжилтыг тогтоосон байна.
Өглөө эрт дусалж эхэлсэн шиврээ бороо Далай ламын энэ өдрийн сургаалтай зэрэгцэн зогссон ч, асарт байрлаж буй сүсэгтнүүдэд багагүй хүндрэл учруулжээ. Төвөдийн уламжлалд шашны сургаал эхлэх үеийн бороог сайны шинж, бурхны адисал хэмээн үздэг тул сүсэгтнүүд хүндээр хүлээж авсангүй.
Орчуулсан Б.Хулан










