Эргэл мөргөл нь бараг бүх шашны салшгүй хэсэг юм. Сүсэгтэн олон буян хураахаар мөргөлийн замд гардаг. Буддын шашинтнууд эрдэмт багш нарын урьд бясалгаж байсан ариун дагшин газруудад очиж эргэл мөргөл хийдэг. Тэдгээр дээдэс багш нарын оршиж байсан орон газарт адистид нь шингэж, эрчим хүчээр цэнэглэсэн мэт, эргэн тойронд нь цахилгаан гүйдэл гүйж буй мэт мэдрэмж төрүүлдэг юм. Эргэл мөргөлчид чухамхүү энэхүү нууцлаг давтамжийг мэдрэх гэж, гэгээрсэн багшийн авшгийг хүртэх гэж ийн зорьж ирдэг билээ.
Замын туршид хүмүүс ямар нэгэн эд материалын олз ашиг горилолгүй хүнд хэцүү бүхнийг туулна. Энэ үед тэдний алхам бүр, үйлдэл болгон нь оюун санааны ахиц дэвшилд чиглэсэн байдаг. Олонх нь хөл нүцгэн явах, эсвэл тарни залбирал тасралтгүй унших замаар аяллаа улам бэрхшээлтэй болгож, хураах буянаа нэмж байна гэж үздэг юм.
Буддын шашинтнууд бид сахилга бат, итгэл сүсгээр шашны үйл ажиллагаанд оролцох үед буян хурдаг гэдэгт итгэдэг. Учир нь ингэснээр та өөртөө зөв хандлагыг төлөвшүүлж чаддаг юм. Зөв хандлагатай байх аваас аливаа ариун дагшин газарт хийх аялал нь жинхэнэ эргэл мөргөл болон хувирдаг. Манай уламжлалд Бурхан багш ирээдүйд сургаал номыг нь сонирхох хүмүүст өөрийнхөө амьдралын гол үйл явдлуудтай холбоотой газруудын талаар хэлж өгч байхыг зөвлөсөн гэж үздэг. Үүний зорилго нь Бурхан багш хувийн алдар хүндээ өсгөхөд биш, харин сүсэгтэн олныхоо сайн сайхны төлөө чиглэж байсан юм. Ийнхүү бид Бурхан багшийг эрдмийг хүндэтгэн биширч буйгаа илэрхийлэн эргэл мөргөл үйлддэг.










