Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчин Чойлин- Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Намжал дацангийн Зүглэгхан дуганд Тайваниас ирсэн 1300, Өмнөд Энэтхэгийн хийдүүдээс ирсэн олон лам нийлсэн нийт 7000 орчим хүнд ном айлдахаар мориллоо. Тэрбээр цугласан олон руу инээмсэглэж, нүдэнд нь туссан өндөр настнуудтай хааяа гараа сунган мэндчилж байв.

Дуган дотор Дээрхийн гэгээн Далай лам Гандан ширээт ламтай амтай халуун дотноор мэндлээд, сэнтийд заларлаа. Хуврагууд "Зүрхэн Сүдар"-ыг хятад хэлээр уншиж дууссаны дараа мандал өргөв.
"Би сая дуганд орж ирэхдээ та бүхнийг Богд Зонховын мэгзэм уншиж буйг тань сонсоод, өөрийгөө Богд Зонховын мэндэлсэн нутагтай ойр төрснөө, түүний гүн ухааны үзэл санааг дагадгаа дурслаа. Гэвч буддын ном сургаал оршин тогтнох нь тодорхой газар нутгаас хамаарахгүй хэмээн үзэж, хэдий бид цагаачлан амьдарч байгаа ч гэсэн ном сургаалаа уламжлан хадгалахын тулд бүхий л чадлаараа хичээн зүтгэсэн билээ. Богд Зонховын айлдвар сургаалыг дэлхий даяар дэлгэрүүлэхийн тулд миний бие хичээнгүйлэн зүтгэж ирлээ".
"Төвөд орондоо байхдаа ч, дүрвэн ирснийхээ дараа ч би Богд Зонховын 18 боть бүтээлийг уншиж эргэцүүлэхээ тасралтгүй үргэлжлүүлсээр буй. Эдгээр бүтээлийг би онцгойлон дээдэлж, гүн барилдлагатай гэж санаж явдаг. Иймд өнөөдөр би та бүхэнд түүний зохиосон 'Мөрийн гурван эрхэм' хэмээх сургаалыг тайлбарлая".
Төвөд хүмүүсийн үндсэн онцлог нь буддын ном сургаалд суурилсан байдаг. Бид суралцах, бясалгах замаар номыг бат бөх уламжлан хадгалж чадсан билээ. Үүний үр дүнд бидний энэ уламжлалыг олон хүн сонирхон анхаарч байна.
Хурлын үеэр барьсан манз, цавыг Дээрхийн гэгээн Далай ламын зүрхэн залбирлаар адислав.
Ариун дээд лянхуа баригч Танаа залбиръя
Очир мэт гүн ялгуусан замыг заагч багш таны
Оюуны сав билгийн рашаанаар бялхнам
Аяа, та бээр ном баригчдын далайн чимэг болой!

Дээрхийн гэгээн Далай лам үргэлжлүүлэн “Бурхан багш энэ ертөнцөд залран байхдаа буддын сургаал умраас умарт дэлгэрнэ хэмээн зөгнөж байв. Тэрбээр гэгээрэлд хүрээд, Дөрвөн үнэний сургаалаа айлдсан юм. Цаг хугацааны явцад тэрхүү номлол нь Энэтхэгийн умард зүгт орших Төвөдөд, түүнээс цааш Төвөдийн умард зүгт орших Монголд дэлгэрсэн юм. Төвөд нутагтаа байгаа болон гадагш цагаачлан амьдарч байгаа төвөдүүд ёс суртахуун, бясалгал, билгүүн хэмээх гурван суртгаалыг судалж, дадуулах замаар уг уламжлалыг өнөөг хүртэл хадгалсаар ирсэн. Эдгээр сургаал нь учир шалтгаан, логикт суурилдаг учраас дэлхий даяар сонирхож байна.
Мөрийн гурван эрхэм гэдэг нь нигүүлсэхүй, бодь сэтгэл, зөв үзэл юм. Нигүүлсэхүй нь гэгээрэлд шууд хүргэхгүй бөгөөд үүнийг нөгөө хоёр зарчимтай найрсуулах шаардлагатай” гэв.
“Төвөдийн хааны урилгаар заларч ирсэн Энэтхэгийн их багш нарын дундаас Шантаракшита Бурхан багшийн сургаалыг дэлгэрүүлсэн юм. Харин бид түүний айлдсаныг судалж, бясалгаж, Дээд гурван суртгаал, Мөрийн гурван эрхмийг амьдралдаа хэрэгжүүлж ирлээ.
Хорвоогийн хүлээснээс гэтлэх шийдвэрт хүрсний дараа энэ амьдрал хийгээд хойдын төрлүүдэд учрах орчлонгийн элдэв таашаал, сэтгэл татам зүйлд дахин автахгүй болно. Тэдгээрээс нүүр буруулна. Гэсэн хэдий ч бодь, хоосон чанарын гүн үзэл үгүйгээр бид гэгээрлийн чанадад хүрэхгүй.
Өглөө сэрмэгцээ л би бодь сэтгэл, хоосон чанарыг бясалгадаг. Гунигтай мэдээ сонсох үедээ үүнийг бясалгахад хорвоогийн хүлээснээс гэтэлье гэх шийдвэр улам батаждаг. Сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн учир зүйг ойлгож, бүх зүйлс харилцан шүтэлцэж оршдогийг таньж чадвал бид зовлонгийн уг шалтгаан нь мунхаг гэдгийг ойлгоно.”

“Мөрийн гурван эрхмийг хэмээх энэ гурван зарчмыг бид сэтгэл оюундаа бат шингээж, хэрэгжүүлэх ёстой.”
Дээрхийн гэгээн уг судраас түргэн уншиж, “Орчлонгийн хүлээснээс гэтлэх гэсэн чин бат шийдвэр”-гүйгээр орчлонгийн хүрдэнд татагдах таашаалаас салах аргагүй юм. Бид энэ насанд хийгээд хойд төрөлдөө ч татагдан шунах сэтгэлээ буцаах шаардлагатай. Хэрэв бид орчлонгийн хүрдийн таашаалыг огтхон ч хүсэхгүйгээр өдөр шөнөгүй гэгээрлийн зүгт сэтгэл оюунаа хандуулж чадвал сая “Хүлээснээс гэтлэх шийдвэр”-т хүрч буй хэрэг болно” хэмээн тэмдэглэн айлдав.
“Гэсэн хэдий ч бодь сэтгэлийг үүсгэхгүйгээр хүлээснээс гэтэлнэ хэмээн шийдлээ гээд Бурхны хутгийг олж чадахгүй юм. Тиймийн тул бодьсадва нар дээд бодийн сэтгэлийг үүсгэдэг. Тэд эх болсон хамаг амьтан төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн дөрвөн далайн хүчит шуурганд хэрхэн нэрвэгдэн, тайлахуйяа бэрх үйлсийн хүлээсээр уягдан, хувиа хичээхүйн төмөр торонд баригдан, мунхгийн харанхуйд бэдчин, хязгааргүй орчлонгийн хүрдэнд ахин дахин төрж, гурван зовлонд тасралтгүй энэлэн буйг гүнээ тунгаан боддог юм. Ийм маягаар хамаг амьтныг энэрэх бодь сэтгэл төрдөг.
Дээрхийг ойлгосон ч хоосон чанарыг онохгүйгээр орчлонгийн хүрдний үндсийг таслах боломжгүй юм. Тиймийн тул бид шүтэн барилдлагыг ойлгохын төлөө хичээх ёстой”.
“Зонхов бээр “Аливаа юмс эндүүрэггүй шалтгаан нөхцөлийн улмаас бүтэж оршдог. Харин юмсын мөн чанар нь хоосон буюу өөрийн зүгээс бие даан бүтэж оршдоггүй юм. Гэвч энэ хоёр ойлголтыг тус тусдаа, салангид зүйл гэж үзэж байгаа цагт бид бурхны уг санааг ухаарч чадахгүй юм. Харин энэ хоёр ойлголтыг нэгтгэн найрсуулсан цагт сая гүн гүнзгий үзлийн шинжлэл бүрэн гүйцэд болдог. Тэрээр цааш нь, үзэгдэх зүйлс нь юмс байдаг гэх туйлшралыг няцаадаг бол харин хоосон чанар нь байхгүй гэх туйлшралыг үгүйсгэдэг гэжээ. Бид хоосон чанарын үүднээс шалтгаан, үр дагаврыг ойлгох үедээ аливаа хэт туйлширсан үзэлд автагдахгүй байх учиртай”.

Богд Зонхов бээр шавь Нагван Драгпадаа мөрийн урван эрхмийг ухааруулах зорилгоор эдгээр мөрийг бичихдээ ганцаардал, туйлбартай хичээл зүтгэлд тулгуурлан, эцсийн зорилгодоо түргэн хүрэхийг зөвлөсөн хэрэг.
Ингээд Дээрхийн гэгээн бодьсадвын санваар хайрлахаа мэдэгдлээ. Шантидэва гэгээний "Бодьсадвын явдалд орохуй" зэрэг бодь сэтгэлийн мөн чанарын тухай номуудыг унших нь сэтгэлд нь хүрсэн, урам зоригтой санагддагийг онцлон тэмдэглэв. Ийм ном сансрын хамаг амьтны тусын тулд зүтгэх урам зориг өгдөг хэмээн өгүүллээ.
"Будда анх гэгээрлийн замд хөл тавихдаа яг ийм бодь сэтгэлийг үүсгэсэн. Бид мөн тэр адил дуурайх ёстой".
Эхлээд Дээрхийн гэгээн Далай лам Гурван эрдэнэд итгэл одуулах, бодь сэтгэл үүсгэх залбирал уншиж, өнөөдрийн айлдварт сууж буй олонд бодь сэтгэл үүсгэн, бодьсадвын санваар авахыг уриаллаа. Дараа нь тэрбээр даган баясахуйн үүднээс Шантидэва гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” бүтээлээс дараах мөрүүдийг давтан айлдлаа:
"Өнөөдөр би энэ насныхаа үр шимийг хүртлээ, хүн болж төрсөн энэ амьдрал минь учир зүйтэй боллоо. Өнөөдөр би Бурхан багшийн гэр бүлд төрлөө, иймд би одоо бурхдын хүүхэд болов.
Иймд энэ цэвэр ариун удмын гэр бүлд ямар ч сэв, толбо үлдээхгүйн тулд би одоо гэр бүлийнхээ хэв ёсыг дагах ёстой."
"Өдгөө дэлхий даяарх хүмүүс зэвсэг, хүч хэрэглэх зэрэгт хэт автсан мэт байна. Буддын номыг хэрэгжүүлэгчдийн хувьд бид энэ үйлдлээс зайлсхийх ёстой. Учир нь хүч хэрэглэснээр ямар ч сайн үр дүн гардаггүй. Олон хүний амийг хөнөөх нь зөвхөн илүү их зовлон зүдгүүрийг дагуулна. Бид шунал, уур хилэн, үзэн ядалт зэрэг муу сэтгэлийг орхин, оронд нь хамаг амьтны тусын тулд хичээх нь зүй. Хамгийн чухал нь дотооддоо бодь сэтгэлийг хөгжүүлэх үндсэн зорилго байх ёстой"

Чуулганд оролцогчдын тавьсан хэд хэдэн асуултын нэг нь "Оюун санааны багшаасаа хөндийрөхгүй байх гол шалтгаан юу вэ?" гэсэн байлаа. "Багшаасаа сонссон номоо анхааран авч, амьдралдаа хэрэгжүүлснээр багштайгаа хүчтэй барилдлага тогтоох шалтгаан болдог" хэмээн Дээрхийн гэгээн хариуллаа.
"Өөрийг бусдаар, бусдыг өөрөөрөө арилжих зэрэг бясалгалыг тогтмол хийснээр номын шимийг хүртэх үү?" хэмээн өөр нэг сүсэгтэн асуув. "Хэрэв та оюун ухаанаа ийм бясалгалд дадуулбал мэдрэгдэхүйц үр шим өгнө. Бодь сэтгэл өөрт тань улам ойртохыг мэдрэх болно" хэмээн хариуллаа.
Тэрбээр дараа нь Цаглашгүй дөрөв залбирал уншлаа:
Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгааныг төгс олох болтугай.
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас эгнэгт хагацах болтугай.
Хамаг амьтан зовлон үгүй, амгалангаас хэзээд үл хагацах болтугай.
Хамаг амьтан ойр, хол садагнан тачаах, өслөн уурлах аль алинаас ангид тэгш сэтгэлээр орших болтугай.
"Хэрэв бид бодь сэтгэлийг төрүүлээд байвал үүнийг төгс биелүүлж чадна. Би өдөр бүр бодь сэтгэл, хоосон чанарын үзлийг бясалгадаг тул миний дотор бат бөх суусан" хэмээв.

Эхлэн суралцагчид бодь сэтгэлийн бясалгалаа сулруулахгүй байхын тулд хэрхэн үйлдэх ёстойг асуухад, Дээрхийн гэгээн Далай лам энгийнээр: “Хэрэв та бясалгалаа тууштай үргэлжлүүлбэл, бодь сэтгэл огт буурахгүй. Ирээдүйд дээд төрлийг олох гол шалтгаан нь бодь сэтгэлийн гэгээрсэн оюун, хоосон чанарын ухаарал хоёрыг бясалгах явдал мөн” гэв.
Тайванийн шавь нар Дээрхийн гэгээний айлдварыг сонсоод алга ташин талархсанаа илэрхийлэв. Дуганаас гадагш морилон, олны зүг инээмсэглэсээр гольфын машинд суун өргөө рүүгээ буцлаа.
Орчуулсан Б.Ганчимэг










