2012 оны 01 дүгээр сарын 02
Бодгаяа, Бихар муж, Энэтхэг
(Phayul.com-ийн сурвалжлагч Тэндар Цэрэнгийн мэдээ)
2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Энэтхэгийн Бихар мужийн Бодгаяа хотод хүрэлцэн ирсэн Төвөдийн шашны тэргүүн, Дээрхийн гэгээн XIV Далай ламыг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сүсэгтэн олон хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Тэрээр энд болох 32 дахь удаагийн Дүйнхорын авшиг хүртээх ёслолд оролцохоор ирсэн юм.
|
| His Holiness the Dalai Lama on his arrival at the Mahabodhi Stupa in Bodh Gaya on December 31, 2011. Photo/Tenzin Choejor/OHHDL |
Далай ламыг Бодгаяа дахь Их бодь суварга хийдэд заларч явах үед Төвөдөөс болон олон улсаас ирсэн сүсэгтнүүд гудамж дүүртэл эгнэн жагсаж, “Далай лам мөнх наслаг” хэмээн ерөөж байв.
Бурхан багш гэгээрлийн хутгийг олсон газар болох Их бодь буюу Махабодхи хийдэд Далай лам морилж, залбирал үйлдэв. Энэхүү Махабодхи Махавихара хийдийг НТӨ III зуунд Ашока хааны босгосон 84,000 ариун сүмийн нэг гэж үздэг.
Сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Далай лам Энэтхэг орныг “Шашин шүтлэгийн өлгий” хэмээн онцолж, Энэтхэг улсын ард түмэн бүхий л шашны уламжлалд хүлээцтэй, уужим ханддаг зан чанарыг сайшаан магтсан байна.
Харин Төвөд ба Хятадын асуудлын талаарх сэтгүүлчийн асуултад Далай лам, “Үнэн бүхнээс хүчтэй” хэмээгээд “Үнэн Төвөдийн талд бий” хэмээн хариулав.
Италийн иргэн Жензиана Phayul.com-д өгсөн ярилцлагадаа,“Далай ламд итгэх Төвөд хүмүүсийн итгэл үнэмшил нь төсөөлөхийн аргагүй агуу юм. Далай ламтай нэг ч удаа уулзаж үзээгүй хүмүүс түүнд ийм гүн хүндлэл, итгэлийг үзүүлж байгааг харах гайхамшигтай байлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
|
| His Holiness the Dalai Lama speaking to members of the media during his visit to the Mahabodhi Stupa in Bodh Gaya on December 31, 2011. Photo/Tenzin Choejor/OHHDL |
Дээрхийн гэгээн маргаашнаас эхлэн арав хоногийн турш Дүйнхорын авшиг хүртээх ёслолд оролцох бөгөөд энэхүү ёслолыг Төвөд, Англи, Орос, Хятад хэлээр dalailama.com вэбсайт шууд дамжуулах юм.
Уг ёслол нь 1954 оны тавдугаар сард Төвөдийн Лхас хотын Норбулинкад анх зохион байгуулагдсанаас хойш 32 дахь Дүйнхорын авшиг хүртээх ёслол бөгөөд есөн жил завсарласны дараа Бодгаяад дахин зохион байгуулагдаж буй нь энэ билээ. Энэхүү ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс, тэр дундаа Төвөдөөс ирсэн олон мянган сүсэгтэн оролцож байна.










