Сиэтл хот, Вашингтон муж, АНУ, 2008 оны 4-р сарын 11 (Seattle Post Intelligencer) –Дайны цагт ч, улс төрд ч энэрэл нигүүлсэл эрэлхийлэхийг Далай ламд даатгая.
Төвдийн улс төр, оюун санааны удирдагч Дээрхийн гэгээн Баасан гарагийн үдээс хойш KeyArena танхимд цугласан олон нийтэд хандан нэг хүүхдийн ба даян дэлхийн сайн сайхны төлөө энэрэхүйн сэтгэлийг бүх насанд төлөвшүүлэх боломжтой бөгөөд эрхэмлэх ёстой гэж айлдав. Таван өдөр үргэлжлэх “Энэрэл нигүүлслийн үр” чуулганы эхний өдөр Далай лам боловсрол, нийгмийн ажил, эдийн засаг буюу “хүний үйлдэл бүр”-ийг энэрэн нигүүлсэхүйн итгэл сэтгэлээр дамжуулан сайжруулах боломжтойг тэмдэглэсэн. "Тэр ч байтугай энэрэн нигүүлслээс үүдэн дайн тулаанд хүрч болно. Хор хөнөөл нь хамаагүй бага” гэж тэр дурдаад, улс төр бол “бохир зүйл биш”, харин нинжин сэтгэлгүй улс төрчид улс төрийг бохир болгодог гэв. Төвдийн бослого хөдөлгөөн болон Хятад дахь хүний эрхийн асуудалтай холбоотой дэлхийн улс орнуудад эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөж буй энэ цаг үед Далай ламын айлчлалыг дагаж сүүдэрлэж буй улс төрийн зөрчлийн сэдэв рүү түүний айлдвар өөрийн эрхгүй хазайж байв.
KeyArena танхимд болсон энэрэл нигүүлслийг эрхэмлэх хэлэлцүүлэгт 5700 гаруй хүн оролцов. Баасан гарагт Далай лам Вашингтоны Их сургууль дээрх уулзалтыг нээж, Хэк Эдмундсон танхимд 6500 орчим хүнд айлдвар өргөв. Түүнийг тус хоёр танхимд олон нийт алга ташилтаар хүлээн авч, тэрбээр эрдэмтэн судлаачид, сурган хүмүүжүүлэгчидтэй тайзнаа заларсан. KeyArena танхимд болсон 4 цаг хагас үргэлжилсэн арга хэмжээний эхний хэсэгт Далай лам Дэйв Мэттьюс болон NBC телевизийн сэтгүүлч Анн Карритай тайзнаа ярилцлага хийсний дараа Сиэтль хотын "Death Cab" хамтлаг хандивын концерт хийв. Дээрхийн гэгээнтэй хийсэн ярилцлагынхаа талаар Мэттьюс “Хүн бүр намайг өөрийнхөөрөө бай гэж хэлсэн ч, миний бие сандарсан” гэж хошигнов.
Вашингтоны Их сургууль дээр Энэрэнгүй сэтгэл, бага насны хүүхдийн боловсролын шинжлэх ухааны үндэслэлийн талаарх хэлэлцүүлгийн үеэр Төвдөд болж буй улс төрийн мөргөлдөөний талаар шууд хөндөж ярилцаагүй. Гэвч Беллевьюд төвтэй Кирлин буяны сангийн бага хурлыг зохион байгуулагч Дан Кранзлер нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Хятадын хяналтад байгаа Төвд дэх хурцадмал байдлын талаар цухас дурджээ. “Би хувийн зүгээс хэлж болох ч, дэлхий даяараа бодит үнэнг мэдэж байгаа” гэж түүнийг хэлэхэд Далай лам алга ташин, Кранзлерын гарыг атгаж түүнийг тэвэрсэн. Вашингтоны Их сургууль дээрх уулзалтын үеэр Дээрхийн гэгээн “Буруу үзэл бодол, буруу үйлдлээс болж асуудал гардаг" хэмээгээд тэднийг өөрсдийн асуултын хариултыг өөрсдөө эрэлхийлэхийг дэмжлээ. “Та бүхэн асуултынхаа хариултыг нухацтай, чин сэтгэлээсээ амьдралдаа хэрэгжүүлээрэй" гэж тэр захив.
Хек Эд танхимын тайзан дээрх тархи судлал ба эрүүл мэндийн тэргүүлэх судлаачдаас “айдас хүйдэс эсвэл хатуу чанга багш нар балчир хүүхдийн суралцах хурдыг нэмэгдүүлэх үү?” гэж асуухдаа Далай лам нүүр дүүрэн инээмсэглэж, хүүхдүүд аюулгүй, аз жаргалтай орчинд суралцах нь хамгийн сайн гэдэгтэй санал нийлж буйгаа илэрхийлэв. Өдгөө 72 насыг зооглож буй Дээрхийн гэгээн тайзны хурц гэрлийн дор хүрэн улаан дээл болон нүдний шил зүүж, улаан өнгийн суудалд хөлөө завилж тухлах аж. Тэрбээр хааяа алгаа хавсран залбирч, англи болон төвд хэлээр ээлжлэн ярилцав. Түүний хажууд орчуулагч сууж байсан.
KeyArena танхимд болсон хэлэлцүүлгийн үеэр тэрээр “Энэрэн нигүүлсэхүйн дадал нь дотоод хүч чадал, амар тайвныг нэмж, айдсыг багасгадаг, ... мөн бат бөх нойр бэлэглэдэг. Би унтах дуртай, их нойртой" гэж хэлэхэд үзэгчид инээлдэв. Хэлэлцүүлэгт оролцогчид нь хүүхдийн бие махбодын хэрэгцээг хангах нь хангалтгүй, эцэг эхчүүд хүүхдийнхээ нийгэмшил, сэтгэл хөдлөл, хичээл сурлагад гүнзгий оролцох шаардлагатай, мөн нялх балчир наснаас нь эхлэн хүүхдэд энэрэн нигүүлсэхүйн сэтгэлийг үлгэрлэн сургах нэн чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэсэн.
Сиэтль хотын гэрлэлт ба гэр бүл судлаач Жон Готтман еврейн амралтын өдөр залбирал үйлдэхээс өмнө 4 настай охиноо талхаар тоглолоо гэж загнасан тухайгаа ярив. Түүнийг уйлахад охиноо өлсөж байгааг мэдээд түүнд шарсан талх хийж өгөхөд охин "Ааваа, та эндээс ямар нэг юм сурсан гэж найдаж байна. Та том охиноо "таймаут" өгч шийтгэдэггүйь харин түүнтэй ярилцаад асуудлаа шийддэг шүү дээ" гэж хэлснийг дурдсан.
Өнчин, орхигдсон хүүхдүүдийг халамжилдаг Лос Анжелес хотод төвтэй Whole Child International байгууллагын тэргүүн Карен Гордон хэлэхдээ “орой унтахаас өмнө гэх мэт энгийн үедээ ч эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ тусгайлан ярилцах боломж өдөр бүр гаргах хэрэгтэй талаар дурдав. Далай лам “хүний сайн сайхан байдал дэлхий ертөнцтэй шууд болон шууд бусаар холбоотой, хувиа хичээсэн үзэл бодлоос илүүтэйгээр энэрэн нигүүлсэхүйг эрхэмлэн хэрэгжүүлээрэй. Та өгөөжийг нь хүртсээр байх болно " гэв.
Тэрбээр энэрэн нигүүлсэхүйг бага наснаасаа сурснаа дурсан, "Миний аав гүйлгүүн ухаантай хүн байсан ч, бүх зүйлийн хариултыг мэддэгггүй байсан. Амьтад хүртэл үр зулзагаа элбэрэн өсгөдөг шиг, хүн төрөлхтөн ч хариуцлагатай байхыг багаасаа заалгах хэрэгтэй. Амьтад төрөлхийн зөнгөөрөө үр төлөө өсгөж бойжуулдаг бол, хүмүүнд багаас нь хариуцлагатай байхыг зааж сургах хэрэгтэй. Гэхдээ яаж? Би мэдэхгүй. Миний мэдлэг та нарынхтай ижил” хэмээгээд хүүхдийг цэцэрлэгээс эхлээд их сургууль хүртэл хэрхэн хүмүүжүүлэх талаар эрдэмтэд, нийгмийн ажлын экспертүүдээс тодорхой зөвлөмж өгөхийг хүссэн юм. Дээрхийн гэгээн цааш нь “зөвхөн нэг хүүхдийн төлөө биш, дэлхий дахины ирээдүйг төлөвшүүлэхэд бүх хүн оролцох хэрэгтэй. Эцэстээ энэ нь даян дэлхийд энх тайван тогтоох урьдач бэлтгэл болно” гэв.
Баасан гарагийн орой KeyArena-д болсон хандивын концертийн өмнө Мэттьюс, Далай лам нар дэлхий дахинаа олон зөрчил мөргөлдөөнийг өдөөж буй эзэрхэг түрэмгийллийг буруушаав. Далай лам "Одоо эмэгтэйчүүд засаглах цаг нь болсон" гэж нүүр дүүрэн инээмсэглэн хэлэхэд, Мэттьюс ээжийгээ өсвөр насанд нь гэмт бүлэглэлээс хол байлгаж, үнэт зүйлс зааж өгсөнд нь сайшааж “Би ээжийгээ дэлхийн хатан хаан байх ёстой гэж үргэлж боддог байсан” тухай дурслаа. Дээрхийн гэгээн "Миний энэрэн нигүүлсэх сэтгэл ээжийн минь хайраас улбаатай" гэж хариу барив.
Олон сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон зарим хүмүүс Далай ламын захиасыг зүрх сэтгэлдээ шингээж авсан талаар сэтгэгдлээ хуваалцаж байсан. Баллардаас ирсэн Нейв Мегенхардт "Эхний хэлэлцүүлгийн айлдвар нь давалгаа мэт түгэн тэлж үр нөлөөгөө хүртээсээр байвал үнэхээр гайхалтай" гэсэн бол, түүний нөхөр Фил хэлэлцүүлэгт оролцож үг хэлсэн хүмүүсийн ярьсан эцэг эхийн хүмүүжлийн зарим аргыг хэрэглэдгээ мэдээд урам зориг авснаа дурдсан юм.
Зохион байгуулагчид тус бага хурлын тасалбар дууссан гэж мэдэгдсэн ч, Вашингтоны Их сургууль болон KeyArena хэлэлцүүлэгт нийт 4500 гаруй суудал хоосон байв. Олон байгууллага тасалбарыг бөөндөж авсан ч, хүмүүст бүрэн тараагаагүй байж болох талаар зохион байгуулагч хэлэв. Далай ламын оролцсон арга хэмжээнүүдэд суудал олдохгүй байж магадгүй тул, хурлыг тус хот орчмын бүс нутагт 11 сайтаар дамжуулах ёстой байв. Гэвч эхний чуулган эхлэхэд нэг сүм өглөөний 9 цагт хаалтай, нам гүм байсан бол өөр нэг сүт зурагтаа ажиллуулж чадаагүй байна.
Хауторн Хиллс дэх Оюунлаг Амьдралын Төв (Center for Spiritual Living)-д шууд дамжуулалтын үеэр зэргэлдээ шоуны дуу хааяа сонсогдож байсан ч, хорь гаруй хүн чуулганы шууд дамжуулалтыг үзэж, сэтгэл ханамжтай байв. Далай ламтай уулзахаар ажлаасаа гарсан олон хүмүүсийн нэг болох Сиэтл хотын иргэн Мэри Келли Грин "Би маш их уйлсан. Дээрхийн гэгээн Сиэтлд хүрэлцэн ирсэн нь ер бусын зүйл гэж бодож байна. Би тэр энергийн нэг хэсэг байхыг хүссэн" гэв.
Баллардын номын санд хуралдааны шууд дамжуулалтыг 10 орчим хүн үзсэнд оролцогч Мег Петтибон сэтгэл дундуур буйгаа илэрхийлж "Би энд олон хүмүүс ирээсэй гэж хүсч байсан" гэв. Сиэтл хотын иргэн Жой Баррера “Далай лам Төвд эх орныг нөмөрсөн эзлэн түрэмгийлэл, ард түмнийхээ амсаж буй дарангуйллын эсрэг хэрхэн хичээн зүтгэж буйг хараад биширч хүндэлдэг. Төвдийн асуудлын хажууд бидний зовлон бэрхшээл өчүүхэн болохыг мэдрүүлсэн” гэжээ.
Төвдөд өнгөрсөн сард бослого хөдөлгөөн дэгдсэнээс хойш Далай лам АНУ-д хийж буй анхны айлчлал юм. Дэлхий даяар Бээжингийн Олимпийг эсэргүүцсэн жагсаал цуглаан ширүүссэн нь Хятадын засгийн газрын хүний эрхийн маргаантай нөхцөл байдлаас улбаатай. Хятадын засгийн газар нь Төвдөд гарч буй эсэргүүцлийн жагсаал цуглаанд Далай ламыг буруутгаж, төвдүүд хүч хэрэглэсэн үймээн дэгдээсэн гэж мэдэгдсэн.
Далай ламын айлчлалын хуваарь
Залбирал: KeyArena танхимд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хөгжим дэх энэрэн нигүүлсэхүйн тухай ярилцсаны дараа Дээрхийн гэгээн Дэйв Мэттьюстэй зангидсан гараа мөргөлдүүлж мэндчилэв. Мөн тайзан дээр NBC News-ийн сурвалжлагч Анн Карри хэлэлцүүлэгт оролцсон.
Айлдвар: KeyArena танхимд эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид хүүхэд, гэр бүлийн амьдралд хэрхэн энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэх талаар Далай лам өөрийн орчуулагч доктор Тупен Жинпагаар дамжуулан ярилцана.
Эрдэм сургааль: Далай лам “Bank of America”, Вашингтоны Их Сургууль, Хек Эд танхим зэрэг газруудад "Энэрэл нигүүлслийн шинжлэх ухааны үндэс: бидний одоонийн мэдлэг" сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно.
Арга хэмжээний хуваарь
Дээрхийн гэгээн оролцсон эдгээр арга хэмжээний суудал дүүрсэн тул, seedsofcompassion.org вэбсайтаар дамжуулан нэр заасан сувгуудаар шууд дамжуулна гэж зохион байгуулагчид хэллээ.
Бямба гараг
13-15.00: -- Хүн төрөлхтний зүрхний цохилт. Хөгжим, урлаг, бүжиг, лекцээр энэрэн нигүүлслийн олон илэрхийллийг хамруулсан арга хэмжээ болно. KONG телевизээр 13.30 цагт шууд дамжуулна.
Ням гараг
10.30-12.00: -- Нийгэм, сэтгэл зүйн ба бага насны хүүхдийн боловсролд сайн үйлсийн ажлын ач холбогдлын тухай хэлэлцүүлэгт Далай лам оролцоно.
Даваа гараг
10.45-12.00: -- Хүүхэд залуучуудын өдөр. Урлаг, түүхээр энэрэл нигүүлсэхүйг илэрхийлэх арга хэмжээнд 15,500 оюутан сурагчид, багш нар оролцоно. Seattle Channel 21 болон UWTV Channel 27 телевизээр шууд дамжуулна.
15.00-17.00: -- Вашингтоны их сургуулийн хүндэт доктор цол гардуулах ёслол болно. UWTV 27 телевизээр шууд дамжуулна.
Мягмар гараг
09.30-13.45: -- Залуучууд ба оюун санааны харилцааны өдөр. Өмнөд Африкийн хамба лам Десмонд Туту болон бусад хүмүүстэй шашин хоорондын хэлэлцүүлэг хийнэ. UWTV 27 телевизээр шууд дамжуулна.
Олон нийтийн уулзалт
Ням, Даваа, Мягмар гарагуудад янз бүрийн сэдвээр 80 гаруй уулзалт болох ба тасалбар нээлттэй зарж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг wiki.seedsofcompassion.org/workshops хаягаар авна уу.










