Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лэй хот – Нубра хөндийгөөс буцаж ирсний маргааш буюу 7-р сарын 16-ны ням гарагт Дээрхийн гэгээн Далай лам Лэй хотоос Занскарын нийслэл Падамд нисдэг тэргээр хүрэлцэн ирэв. Түүнийг газардах үед орон нутгийн удирдлагууд болон айлчлалыг зохион байгуулсан хорооны гишүүд угтан авлаа.
Далай ламын сангийн санхүүжилтээр дэмжлэг авсан Занскарын Эрүүл мэндийн үйлчилгээ ба Сова Ригпа судалгааны хүрээлэнд Дээрхийн гэгээн тус хүрээлэнгийн нээлтэд зориулж босгосон дурсгалын самбарыг хүндэтгэлтэйгээр нээж, өлзийт ерөөлийн ном уншив. Энэ үеэр цай болон амтат будаагаар дайлжээ. Хүрээлэнгийн дарга, лам Чоспэл Зодпа арга хэмжээг нээж үг хэллээ. Дээрхийн гэгээн тэнд цугласан 3000 орчим хүнд хандан үг хэлэхдээ, орон нутгийн иргэдийг эмчилж буй гадаадын сайн дурын ажилтнууд, ялангуяа АНУ-ын эмч, сувилагч нар болон Италийн шүдний эмч нарт талархал илэрхийлэв. Тэрээр хөгжил буурай, алслагдсан энэ бүс нутагт нэн шаардлагатай байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн төлөө зүтгэж буй тэдний үйлсийг өндрөөр үнэлсэн юм.

Хуучин Подран ордонд Ладакийн Бурханы шашинтны нийгэмлэгийн Занскар дахь төлөөлөгч Бурханы лагшин, зарлиг, тааллын бэлгэдэл болон мандал өргөв. Уламжлалт цай, амтат будаагаар дахин манз цав барив. Дээрхийн гэгээн: "Би дэлхийн хаана ч очсон шашны эв нэгдлийн ач холбогдлын талаар дахин дахин ярьдаг. Манай бүх шашин хайр, энэрэл нигүүлслийн нийтлэг сургаалыг номлодог. Тиймээс өөр өөр шашны нийгэмлэгийн гишүүдийн хооронд үл ойлголцол гарч байгааг сонсох нь надад таагүй санагддаг. Нийгмээрээ эв найрамдалтай байж, нөхөрлөх нь маш чухал. Бид бүгд хүн төрөлхтөн гэх нэгэн цул зүйлийн нэг хэсэг гэдгээ ухамсарлаж, илүү өргөн хүрээнд бодож сэтгэхийг хичээгээрэй" хэмээн айлдав.
7-р сарын 17-ны даваа гарагт түүний сургаалыг сонсохоор ирсэн 10,000 орчим хүнд хандан Дээрхийн гэгээн шашны эв нэгдлийг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргахын чухлыг дахин онцоллоо. Тэрээр мөн Бурханы шашинд хүнийг язгуур угсаагаар нь (кастаар) ялгаварлан гадуурхдаггүй болохыг нэмж хэлэв. Дээдийн номыг сахин баримтлах бол язгуур угсаа, гэр бүлийн гарал үүсэл ямар ч хамаагүй болохыг Бурхан багш тодорхой айлдсан гэдгийг тэрээр цохон тэмдэглэв.

"Хүмүүс сурч боловсрох боломжийг ашиглах хэрэгтэй. Мухар сохроор дан сүсэг бишрэлд найдах нь хангалтгүй. Өмнө нь голчлон зан үйл хийдэг байсан хийдүүд болон гэлэнмаа нарын хийдүүдэд сургалтын хөтөлбөр хөгжүүлэхийг би сүүлийн дөч гаруй жилийн турш уриалж ирсэн. Үүний нэг тод үр дүн бол өнгөрсөн жил бид боловсролын амжилтыг нь үнэлж, анхны хорин гэлэнмаад 'Геше-ма' (Гавжмаа) зэрэг олгосон явдал юм. Намайг анх гэлэнмаа нарыг эрдэм мэдлэгтэй болохыг уриалахад зарим хүмүүс эсэргүүцэж байсан. Харин би Бурхан багш эмэгтэйчүүдэд бүрэн сахил (Бхикшуни) хүртээсэн юм бол яагаад тэд боловсрол эзэмшиж болохгүй гэж? хэмээн хариулж байлаа."
Манз барих үеэр нийт иргэдийн төлөөллийг оролцуулахыг хичээсэн бөгөөд өмнө нь гадуурхагдсан гэж бодож байсан хүмүүсийн заримд нь Дээрхийн гэгээнд үйлчлэх боломж олджээ.
"Төвөд болон Ладакчууд Жанрайсиг бурхантай онцгой барилдлагатай хүмүүс. Тиймээс энэ удаад Жанрайсиг бурханы авшиг хүртээж, энэ амьдралдаа, үхэх үедээ болон зуурдын төлөвт Жанрайсиг бурхантай холбогдон хэрхэн бясалгах тухай өгүүлдэг 'Митра иогийн гурван чухал утга'-ыг тайлбарлах нь зүйтэй гэж бодлоо" хэмээн Дээрхийн гэгээн цугласан олонд хандаж хэлэв.

Авшиг хүртээх үед Дээрхийн гэгээн Бодьсадвын санваар хайрлаж, энэ нь санваараа шинээр авах эсвэл сахил зөрчсөн бол сэргээх боломж гэдгийг тайлбарлав.
7-р сарын 18-ны мягмар гарагт айлдвараа эхлэхийн өмнө Дээрхийн гэгээн ялангуяа сургуулийн хүүхдүүдэд зориулан Төвөдөөр "Ганлома" хэмээх "Манзушрийн магтаал"-ын лун хайрлав. Тэрээр өөрийн туршлагаас үзэхэд энэхүү залбирлыг өдөрт гурван удаа унших нь билиг ухааныг хурцалж, оюун ухааны бүх чадварыг хөгжүүлэх адислалтай хэмээн тэдэнд хэллээ.
"Өчигдөр та бүхэн энэрэн нигүүлсэхүйн бясалгалтай холбоотой Жанрайсигийн адистид хүртсэн бол өнөөдөр энэхүү Манзушрийн магтаал нь билиг билгүүний бясалгалтай холбоотой юм. Бурханы хутагт хүрэхийн тулд танд билгүүн ухаан, энэрэн нигүүлсэхүй хоёулаа хэрэгтэй."

Оточ Манал бурханы жэнан (даган соёрхол) хүртээх үеэрээ Дээрхийн гэгээн эрүүл мэнд чухал болохыг, үүнд сэтгэлийн амар амгалан онцгой чухал үүрэгтэй болохыг онцолсон юм. Тэрээр 'Митра иогийн гурван чухал утга'-ыг уншиж дуусгаад, Бат оршил өргөх ёслолын өмнө багш шавь хоёр ингэж уулзахын зорилго нь багш хүн шавь нартаа билгүүн ухаан болон сайхан сэтгэлийг хөгжүүлэх нь ямар чухал болохыг ойлгуулах чин хүсэлтэй байхад оршдог хэмээн тайлбарлав. "Би үүнийг л хийхийг хичээдэг бөгөөд үүнийгээ та нартай хуваалцахыг хүсэж байна. Та бүхний үүрэг бол миний хэлсэн зүйлийг санаж, анхааран авах нь чухал юм. Ингэж байж л та нарт увьдас ургана."
Үдээс хойш Дээрхийн гэгээн орон нутгийн исламын шашны сургууль болох Анжуман Моэн-Ул-Ислам-д зочиллоо. Дээрхийн гэгээн Бурханы шашинтнуудад ч мөн адил хэлсэн шигээ исламын шашинт нөхөддөө шашны эв нэгдлийг хадгалах нь чухал гэдгийг дахин хэлэв. Тэрээр хоёр нийгэмлэгийг найрсаг байж, бие биеэ баяр ёслолдоо урьж оролцуулж байхыг уриалав. Дээрхийн гэгээн нүдэндээ инээмсэглэл тодруулан, тэдний бэлтгэсэн амтат зуушнууд өөрт нь ихэд таалагдсаныг урьсан зочдод ярив.

Өнөөдөр өглөө буюу 7-р сарын 19-ний лхагва гарагт Дээрхийн гэгээн нисдэг тэргээр эртлэн хөөрч, Занскар болон Лингшэдийн хөндий дээгүүр нисэн Лэй хотод буцаж ирэв. Ирсэн даруйдаа тэрээр нисэх онгоцны буудлын ойролцоо шинээр байгуулсан чандарлах газарт зочлох хүсэлтийг хүлээн авав. Төвөд судлалын төв хүрээлэнгийн захирал танилцуулгадаа, Ладакт чандарлах газрын ашиглалт нь ихэвчлэн тухайн орон нутгийн оршин суугчдаар хязгаарлагддаг болохыг тайлбарлав. Үүний улмаас гадны хүмүүс нас барагсдаа нутаглуулахад хааяа хүндрэлтэй тулгардаг байна. Энэхүү шинэ байгууламж нь гарал үүслээс үл хамааран бүх Бурханы шашинтнууд, мөн Энэтхэгийн бусад муж болон гадаадаас ирсэн зочдод нээлттэй байх ажээ. Бид бүгд үхэх тавилантай бөгөөд нисэх онгоцны буудлын ойролцоох энэ газар нь бидэнд мөнх бусыг сануулж байх болно хэмээн хүрээлэнгийн захирал дурдав.
Дээрхийн гэгээн Шивацэл Подран дахь өргөөндөө залрахын өмнө газрыг адислах хураангуй залбирал уншиж, тус газар сүндэрлүүлсэн Амитаба бурханы хөшөөг равнайлав.










