АНУ, Хавай, Мауи (Мауи Ньюс сонин. 2007 оны 4 дүгээр сарын 26. Сурв. Рик Чатеневер) – XIV Далай лам хэдийгээр шашин, улс төрийн аль алинд нь дэлхийн хэмжээний удирдагч боловч 2007 оны 4-р сарын 24-ний мягмар гарагт энгийн сэдвээр олон нийтэд яриа хийлээ. Тэрбээр Мауид хийх хоёр өдрийн айлчлалаа Паиагийн Мауи дарма төвд шинээр босгосон суваргыг аравнайлснаар эхлүүлэв. Энэ үеэр тэрбээр энэрэн нигүүлсэхүй, аз жаргал, бодит байдлыг хүлээн авахдаа оюун ухаан хэрхэн төөрөлддөг талаар ярилаа. Нобелийн Энх тайвны шагналт, төвөд үндэстэн, эх орноосоо гадаадад дүрвэн амьдарч буй шашны зүтгэлтэн Дээрхийн гэгээн бээр талбай цугласан 500 орчим урилгатай зочдод хандсан илтгэлээ "Энэрэл нигүүлсэл гэдгийг бүхий л шашны уламжлал сургадаг билээ" гэсэн үгээр эхлүүллээ. Талбайн дээгүүр өнгө өнгийн хийморийн дарцаг намирч, үе үе шиврээ борооны орж байсан ч зон олон үүнийг үл ажран түүний үгийг сонсож байлаа. Хүрэн улаан, алтан шар өнгийн өмсгөлтэй хувраг бөгөөд албан ёсны цол нь "Дээрхийн гэгээн" хэмээх энэ эрхмийн улс төрийн байр суурь, нөлөөллөөс шалтгаалан АНУ-ын нууц албаныхантай төстэй чанд хамгаалалтын баг дагалджээ. Аюулгүй байдлыг чангатгасны улмаас Болдвин өргөн чөлөөг бүрэн хаасан байв. Далай лам болон түүний багийнхныг суулган Дарма төв рүү ирж яваа жийп машины цуваа дэлгүүр, ресторан эгнэсэн гудамжаар өгсөх үед зам дагуу зогсож байсан хүмүүс маш чангаар баярлан уухайлж байсан нь алсаас сонсдож байлаа. Дарма төвд цугларсан хүмүүсийн дунд мөн төвөд дүрвэгсдийн төлөөлөл багтсан байжээ. Далай лам чимээгүйхэн цугласан олны дундуур алхахдаа төвөд цагаач нартаа онцгой анхаарал хандуулж байлаа. Тэрбээр үндэсний хувцастай, Лхасаас дүрвэж ирсэн залуу эмэгтэйчүүдтэй хэсэг зуур ярилцлаа. Лхаст түүний нэрийг дурсах нь ч хориотой байдаг. Энэ уулзалт мөнөөх төвөд эмэгтэйчүүд болон тэднийг харж байсан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, нулимс нь дусалж байв. Дээрхийн гэгээн өнөөдөр (4 дүгээр сарын 25-ны 14:00 цагт Вар Мемориал цэнгэлдэх хүрээлэнд) "Оюун судлахуйн найман бадагт: Буддын гүн ухааны хэлэлцүүлэг" сэдвээр илтгэл тавихдаа аз жаргалын талаар түлхүү ярьсан билээ. Тэрбээр ийн айлдлаа. "Буддын үзэл баримтлал нь 'харилцан шүтэн барилдахуй' хэмээх ойлголтод тулгуурладаг. Үзэгдэл бүхэн байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Аз жаргал нь бие махбодын, сэтгэл санааны гэсэн хоёр түвшинтэй байна. Хүмүүс энэ хоёр түвшнийг хооронд нь андуурах, эсвэл тэдгээрийг холбосон шалтгаан-үр дагаврын хуулийг ойлгоогүйн улмаас аз жаргалд хүрч чаддаггүй. Зарим үед бид бие махбодын хувьд аятай тухтай байгаа хэр нь сэтгэлээр унадаг шүү дээ. Иймд сэтгэл санааны тав тухтай байх нөхцөлийг чухалчилж, нухацтай авч үзэх ёстой. Итгэл үнэмшлийг сэтгэлийн амар амгалангийн эх үүсвэр гэж болох ч аз жаргалд хүрэхэд саад болж буй гол зүйл нь оюун ухаанаас үүддэг сэтгэлгээний гажуудлууд юм. Үзэн ядах, уурлах зэрэг сэтгэл хөдлөл ийм гажуудлаас үүсдэг. Жишээлбэл, өнгөрөн одож буй зүйлсийг мөнхөд орших мэт санах, зовлонг аз жаргал гэж үзэх, өөрийн тухай буруу үзэлтэй байх нь зовлонгийн үндэс юм”. Буддын шашны үүднээс бол бидний зугтдаг зовлон гээч нь угтаа бодитой оршдоггүй ажээ. Шавь нарынхаа хувьд амьд Будда хэмээн хүндлэгддэг энэ эрхэм нэрийн хуудас нь болсон хөгжилтэй инээдээрээ тайлбараа чимж байгаад сэтгэлийн хуурмаг байдлыг "хортой боловч үзэсгэлэнтэй цэцэг" хэмээн зүйрлэв. Буддын ухаанд бүх зүйл хийгээд бодит байдлыг зөвхөн гадаад шинжид нь тулгуурлалгүйгээр гүн нягтлан шинжилдэг хэмээн тайлбарлалаа. Дарма төвийн жижиг байранд суварга аравнайлах ёслолд оролцохоор хэдэн зуун хүн цуглажээ. Зохион байгуулах явцад тодорхой хүндрэлүүд гарч байсан ч хүндэт зочны тайван дөлгөөн байдлын ачаар эл ёслол ямар ч саадгүй, цэгцтэй болж өндөрлөв. Ёслолын төгсгөлд түүнийг угтан авсан Дарма төвийн төлөөлөгч Жоржиана Күүк Дээрхийн гэгээнийг хүссэн үедээ дахин морилохыг урив. Хэдэн цагийн дараа Далай лам Вар Мемориал цэнгэлдэх хүрээлэнд "Дэлхийн энх тайванд хүрэх хүмүүнлэг арга зам" сэдвээр илтгэл тавихад цугласан хүмүүсийн тоо 20 дахин нэмэгдэж, 10,000-аас давсан юм. Элизабет Капуувайлани Линдсэйг нээлтийн үг хэлсний дараа Дээрхийн гэгээнийг Хавайн заншлаар 'Айна Луана Басби-Нэфф, куму Камана'опо Крабб, куму хула Хокулани Холт-Падилла, куму хула Пуалани Канака'оле Канахеле, куму хула Кехаулани Кекуа болон куму хула Кеали'и Райчел хэмээх хаку уншлага уншин, хүзүүнд нь цэцгэн хэлхээ зүүж угтлаа. Ийн цэцгэн хэлхээ зүүж өгөхөд Дээрхийн гэгээн Энэтхэгийн цэцгэн эрих гоё үзэсгэлэнтэй боловч ихэвчлэн өт хорхойтой байдаг гэж хэлсэнд хүмүүс хөгжилдөн инээлдлээ. Далай ламын айлчлалыг тохиолдуулан Мауи даяар хүүхдүүдийн дунд зохион байгуулсан "Энх тайвныг төсөөлөхүй" уралдаанд шалгарсан сурагч Жессика Соломон, Роланд Льюис Залески нар бүтээлээ тайзнаас уншиж танилцууллаа. Тэд Далай ламын үг хэлэх үеэр хүндэтгэл үзүүлсэн 1000 орчим хавайн сурагчдаас бүрдсэн үзэгчдийн төлөөлөл байв. Далай лам өөрийн үеийнхнийг XX зууныхан харин хүүхэд залуучуудыг шинэ зууны эзэд хэмээн тодотгон "Ирээдүй илүү аз жаргалтай байх, хүчирхийлэл нэмэгдэх эсэх нь та бүхнээс шалтгаална. Бидний үүсгэсэн энэ бүх асуудлыг шийдэх үүргийг та нар хүлээнэ" хэмээн хэлээд хөгжилтэй инээлээ. Арга хэмжээний хөтлөгч Шеп Гордон, Мауигийн урлаг, соёлын төвийн ерөнхий менежер Арт Венто нараар удирдуулсан багийн хүчин чармайлтаар тус хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн нь Далай ламын гүн ухааны айлдварт зориулсан тайван, дөлгөөн орчин болон хувирсан байв. Хүрэн өмсгөлөөрөө гоёж, хөлөө ачиж суугаад тэрбээр нэг цагаас илүү хугацаанд үг хэлсэн бөгөөд цэцгээр чимэглэсэн, хясаан хэлбэрийн дүүжин халхавч доорх тайзнаас айлдвараа хүргэсэн юм. Тайзны арын талбайд хоол хүнс, бараа бүтээгдэхүүний лангуунуудыг байрлуулжээ. Үдээс өмнө буддын шашны үндсэн судар номын агуулгыг анхаарахыг уриалж байсан Далай лам бээр үдээс хойш шашны сургаалаас илүүтэй хүний сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн талаар ярьсан билээ. Бидний оюун санааны ертөнцөд орших сэтгэл хөдлөлийн өргөн хүрээг "супермаркет"-тай зүйрлэж, эерэг талуудыг нэн чухалчлахыг онцолсон юм. Асуудалд бухимдаж хандах нь уур хилэнд хүргэхээс цаашгүй гээд: "Бухимдлыг бүрэн устгах боломжгүй ч, хайр энэрэл, хүнлэг сэтгэлээр үүнийг багасгах арга замыг олох нь хамгийн ухаалаг хэрэг гэж би бодож байна. Муу сэтгэлийг "Сэтгэл оюуны төрөлх салшгүй нэг хэсэг" хэмээн үзэхгүйгээр харин ч сэтгэцийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй сэтгэл хөдлөлүүдийг таньж, хэвшүүлэх нь зүйтэй. Энэ бол шашны бус, харин шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарууд юм" хэмээн айлдвараа төгсгөлөө. Орчуулсан Б.Ганчимэг |










