Энэтхэг улс, Дарамсала хот. 2013 оны 9 дүгээр сарын 25 - Дээрхийн гэгээн Далай лам шинжлэх ухаанд ихэд сонирхолтойг хүмүүс сайн мэднэ. 30-аад жилийн өмнө орчин үеийн эрдэмтэдтэй эхлүүлсэн яриа нь зовлон шаналлыг бууруулж, сайн сайхан байдлыг дэмжих зорилгоор сэтгэл судлалын шинжлэх ухааны ойлголтыг хөгжүүлэхэд зориулагдсан ашгийн бус байгууллага болох “Оюун санаа ба Амьдрал” хүрээлэнг үүсгэн байгуулсан билээ.
Сүүлийн жилүүдэд Эртний Энэтхэгийн гүн ухаан, түүн дундаа буддын шашны судруудад сэтгэл, сэтгэл хөдлөлийн талаар хэрхэн өгүүлснийг шинжлэх ухааны үүднээс сонирхох нь нэмэгджээ. Дээрхийн гэгээн энэтхэг сурвалжаас төвөд хэлнээ орчуулагдсан 300 гаруй боть бүхий Ганжуур, Данжуур бүтээлийн их санд хандах шинэ арга замын талаар ярьж эхэлжээ. Тэрбээр уг агуулгуудын заримыг нь буддын шинжлэх ухаан, заримыг нь буддын гүн ухаан, харин үлдсэн хэсгийг нь оюун бясалгалын тухай гэж ангилахыг зөвлөв. Түүний үзэж буйгаар оюун бясалгалын тухай агуулга зөвхөн буддын шашинтнуудад л сонирхолтой байж болох ч буддын шинжлэх ухаан, гүн ухааны хэсэг нь нь илүү академик хүрээний сонирхлыг татах болов уу.
|
2010 онд TCV сургуульд айлдвар айлдаж байхдаа Дээрхийн гэгээн, Намжил хийдийн хамба лам Тамтог ринбүүчид буддын шинжлэх ухаан, буддын гүн ухааны холбогдолтой материалуудыг цуглуулж, танилцуулга ботиуд болгон эмхэтгэх төслийг зохион байгуулахыг даалгаж байсан юм.
Юун түрүүн 70 гаруй эрдэмтэн судлаач Ганжуур, Данжуур судрыг уншин, эшлэл цуглуулах ажилд оролцжээ. 10 эрдэмтний бүрэлдэхүүнтэй баг цуглуулсан материалуудыг эмхэтгэн нэгтгэх ажилд сонгогдсон бөгөөд Тамтог ринбүүчи, Янгтэн ринбүүчи, Түвдэн Пэлсан гэвш нар тус ажлыг хянан удирджээ. "Оюун санаа ба амьдрал” хүрээлэнгийн захирал, (Ph.D) гэвш Түвдэн Жинба ботийн эхийг урьдчилан уншиж, агуулгыг дахин шинэчилжээ.
9 дүгээр сарын 23-ны Даваа гарагт Тамтог ринбүүчи, Янгтэн ринбүүчи тэргүүт 8 эрдэмтэн Дээрхийн гэгээнтэй уулзаж, буддын шинжлэх ухааны эмхэтгэл ботийн танилцуулгаа хянан хэлэлцлээ. Төвөд хэл дээрх энэхүү гар бичмэл нь 2 ботид багтсан 10 бүлгээс бүрдэх ба эхний боть нь танин мэдэхүйн судлагдахуунуудын талаар дурддаг бол хоёрдугаар боть нь сэтгэл, түүний судлагдахуунуудтай харилцах арга замуудыг авч үзсэн байна.
Нэгдүгээр ботид ерөнхий агуулга, танин мэдэхүйн судлагдахуун юмс, цаг хугацаа, нарийн бөөмс, орчлон ертөнц хийгээд хүн төрөлхтний үүсэл, мөхөл гэсэн бүлгүүд багтсан бол хоёрдугаар ботид оюун ухааны тухай, сэтгэл зүйн хүчин зүйлс, оюун ухаан нь объектуудтайгаа хэрхэн холбогдох, оюун ухааныг дадлагажуулах, нэг цэгт төвлөрөх бясалгал, аналитик бясалгалаар хичээллэх тэргүүт багтжээ.
4 хоногийн турш Дээрхийн гэгээн, 3 сургуулийн нэр хүндтэй эрдэмтдийн багийн хамт Ганжуур, Данжуур судрын эшлэлүүдийг үндсэн эхэд оруулах уу эсвэл зүүлт тайлбар болгох уу гэдгээс эхлээд танилцуулгын тодорхой цэгүүдэд ямар утга өгөх мөн өөр өөр нарийн нэр томьёог ашиглахын давуу, сул талуудын талаар маш идэвхтэй хэлэлцэв. 2, 3 дахь өдөр нь профессор Самдон ринбүүчи тэдэнтэй нэгдэж, энэтхэгийн сурвалж бичгүүдийн талаарх мэргэжлийн мэдлэгээ хуваалцсан юм. Жүдмэд дацангийн өмнөх хамба лам, гэвш Түтоп Далай ламын хувийн урилгаар оролцсон бол Намжил хийдийн багш нар ажиглагчаар оролцсон байна.
Шинжлэх ухааны талаар бүрдүүлсэн баримт, материалыг хянан хэлэлцэж дууссаны дараа буддын гүн ухааны тухай санал болгож буй номын ерөнхий агуулгыг мөн хэлэлцжээ. Дээрхийн гэгээн ажлын явцад сэтгэл ихэд хангалуун буйгаа илэрхийлээд, "Бид оюун ухаан, түүний объектуудын тухай ярихдаа бодит байдлыг хэрхэн танин мэдэх тухай ярьж байна. Бид ямар ч зорилготой байсан тэрхүү зорилгодоо үнэн зөв танин мэдэхүйг ашиглаж л хүрнэ. Оюун ухаан нь бодит байдлыг танин мэдэх өгөгдөлтэй бөгөөд энэ бол бодит танилцуулга билээ" хэмээжээ.










