Дарамсала хот: Дээрхийн гэгээн Далай лам Бямба гарагт АНУ-ын Сиэтл хотноо Хятадын сэтгүүлчидтэй ярилцахдаа “Төвдүүд Хятадын эсрэг үзэлтэй бөгөөд хан үндэстнийг Төвдөөс хөөх ёстой” гэсэн буруу ойлголтыг залруулж тодруулахыг хичээв.
Хэвлэл мэдээллийн уулзалтад АНУ, Канадын 20 гаруй хятад сэтгүүлч, үүнд Лос Анжелес дахь Синьхуа агентлагийн сурвалжлагч, Phoenix TV сувгийн баг оролцов. Дээрхийн гэгээн “Төвд дэх төвд иргэд эх орондоо цөөнх болж болохгүй, Төвдийн байгаль орчин, соёлыг хадгалж үлдэх ёстой” гэжээ. Төвдийн асуудлыг шийдвэрлэхэд Хятадын засгийн газар юу хийх ёстой талаар Дээрхийн гэгээн "Эрх баригчид та бүхэн тусалж чадна" гэж хариулав. Далай лам тусгаар тогтнолын төлөөх ажиллагаагаа зогсоовол яриа хэлэлцээ эхлүүлж болно гэж Хятадын засгийн газар мэдэгдсээр байгаа ч, Далай лам “намайг Төвдийн тусгаар тогтнолыг эрэлхийлээгүйг дэлхий нийтээр мэдэж байгаа” гэж Дээрхийн гэгээн хэлэв. Тэрбээр “Хичээнгүйлэн тодруулах зүйл байна. Хэрэв надад нуух зүйл байвал би Хятадын хэвлэл мэдээлэлтэй ярилцахыг хүсэхийн оронд аль болох зайлсхийж хол байх байсан”.
Дээрхийн гэгээн 3-р сарын 19-нд Бээжингийн дээд удирдлагад уриалсан захидалдаа Хятадын удирдагчдад ямар мессэж хүргэхийг хүссэн бэ? гэсэн асуултад хариулахдаа, “Төвдөд явуулж буй хүчирхийллийг даруй зогсоож, гэмтэж шархдсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхийг Хятадын засгийн газарт уриалсан” гэжээ. Тэрбээр Төвдөд эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон даруйд Хятадын засгийн газарт хандан Төвдөд хараат бус хөндлөнгийн шинжээч байгууллагуудын төлөөлөгчдийг оруулж үнэн мөнийг бодитой тогтоох боломж олгохыг уриалсан билээ. Дээрхийн гэгээн Төвдөд болсон жагсаал цуглаанд нөлөөлсөн гэх мэдээллийг үгүйсгэв.
Дээрхийн гэгээн “хараат бус хэвлэл мэдээллийн багууд албан ёсны цензургүй бодит баримтыг олж мэдэхийн тулд Төвдөд очиж хэрэгтэй” гэв. "Би Хятадын засаг захиргаанд хандан бодит байдлыг хүлээн зөвшөөрөх цаг болсон тул, үр дүнтэй арга замыг шаардлагатайг хэлмээр байна. Төвдийн орон нутгийн удирдлага баримтыг гажуудуулж буйгаас үл хамааран, Хятадын эрх баригчид баримтаас үнэнийг тогтоох ёстой” гэж Дээрхийн гэгээн хэлсэн.
Төвд, хятад хүмүүс мянга гаруй жил хөрш зэргэлдээ амьдарч ирсэн тул, Төвд салан тусгаарлах, тусгаар тогтнох асуудал бодит байдалд нийцэхгүй гэж Дээрхийн гэгээн хэлээд Европын Холбооны жишээг дурдаж, Төвдүүд БНХАУ-ын бүрэлдэхүүнд үлдэх нь илүү ашигтай гэдгийг онцлон тэмдэглэв. Хятад улс нь олон янзын соёл болон олон угсаатан ястнуудаас бүрдсэн үндэстэн бөгөөд тухайн угсаатны бүлгүүд нь өөр өөрсдийн соёлыг хадгалах үүрэгтэй. Төвдүүд ч өөрийн гэсэн өвөрмөц шашин, соёлтой, мөн төвд хэлээ хадгалж үлдэх ёстой гэж Дээрхийн гэгээн хэлэв. Тэрбээр Төвдийн асуудлыг хан үндэстэн хятад ба төвд хүмүүсийн хооронд шийдэх ёстойг онцоллоо.
Төвд, хятад иргэд хоорондын ойлголцлыг сайжруулах алхмуудын тухай асуултад Дээрхийн гэгээн “Төвдчүүдийг Хятадын ард түмэнтэй харилцахыг уриалж байна” гэжээ. Дээрхийн гэгээн 1978-1979 онд Хятадын эрх баригчидтэй албан ёсны харилцаа тогтоосноо хэлээд 1980-аад он Ху Яобан засгийн газарт байхад итгэл найдвар дүүрэн үе байсан гэв. Түүнчлэн 2002 онд бид Хятадын удирдлагатай харилцаагаа сэргээж, өнөөг хүртэл зургаан удаа яриа хэлэлцээ хийсэн. Тав дахь удаагийн яриа хэлэлцээний үеэр Хятадын талаас Далай лам Төвийн тусгаар тогтнолыг эрэлхийлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч түүний дараа Хятадын байр суурь өөрчлөгдөж, зургаа дахь удаагийн яриа хэлэлцээгээр байр сууриа чангатгасан байна.
Дээрхийн гэгээн Бурханы шашны хувраг хүний хувьд Хятадын сүсэгтнүүдтэй харилцаж, сүүлийн 10 жилд Зүүн Өмнөд Ази, эх газрын Хятадаас олон хятад сүсэгтнүүд түүний айлдвар, мөргөлд оролцохоор иржээ. Тэрээр эх газрын Хятадаас ирсэн хятад сүсэгтнүүдтэй тусад нь уулзах боломжийг ямагт гаргадаг, хол байхаас илүүтэй ойр уулзаж ярилцсан нь дээр гэж хэлэв. Төвдийг жинхэнэ утгаар өөртөө засах автономит эрхтэй болгохыг шаардаж буйгаа Дээрхийн гэгээн дахин дурдаад, Төвд дотор ба гадна оршин суудаг ихэнх төвд хүмүүс "дунд төв зам"-ын бодлогыг дэмждэг бөгөөд энэхүү бодлогыг бодитой хандлага гэж тэр нэрлэсэн ба энэ нь харилцан зөвшөөрөхүйц шийдэлд хүргэх боломжтой гэв.
Дээрхийн гэгээн Бээжингийн Олимпийн наадмыг дэмжиж буйгаа дахин нотолж, Лондон, Парист хотуудад Олимпийн бамбарыг буухиалах үеэр Төвдийг дэмжсэн жагсаал хийсний дараа, тэрээр Сан Франциско дахь төвдчүүдэд хандан хүчирхийллээс татгалзахыг уриалсан гэжээ. Гэвч Дээрхийн гэгээн жагсагчдын "үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг" хамгаалж, "Би боль гэж хэлэх эрхгүй" гэж хэллээ. Энэтхэгийн Засгийн газрыг эвгүй байдалд оруулахгүйн тулд Дээрхийн гэгээн Төвдийн ТББ-уудын төлөөлөгчдөд хандан Төвдөд хийхээр төлөвлөсөн энхийн жагсаалыг зогсоохыг уриалсныг хүлээж авч зөвшөөрсөн ажээ.
Дээрхийн гэгээн хэлэхдээ “Төвд, Хятадыг холбосон төмөр замыг цэргийн зориулалтаар ашиглахгүй, нөөц баялгийг ашиглахгүй, Хан үндэстнийг авчрахгүй бол нааштай хөгжлийн шинж тэмдэг, Төвдүүд хөгжлийн эсрэг биш” гэдгийг тэрбээр тайлбарлаад, Төвд орныг хоцрогдсон хэвээр байлгах сонирхол нэг ч төвд хүн байхгүй гэв.
Дээрхийн гэгээн Хятадын засгийн газар зориуд болон санамсаргүй байдлаар Төвдөд соёлыг хоморголон устгах бодлого явуулж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлэв. Тэрээр АНУ-д сурдаг Цинхайгаас ирсэн төвд оюутантай уулзсан бөгөөд тэрээр төвд хэлээр ярьж чаддаггүй, түүнд орон нутгийн засаг захиргаа төвд хэл сурах орчин бүрдүүлдэггүй, харин хятад хэлийг нэн тэргүүнд тавьдаг гэж хэлжээ. Лхас хотын их сургуулийн Төвд судлалын тэнхимийг үл тоомсорлож, сүм хийдүүдэд хязгаарлалт тавьж, улс төрийн боловсролыг нэмэгдүүлсэн байна. Тэрээр цааш нь Хятадын зарим эрх баригчид Төвдийн Бурханы шашныг салан тусгаарлах үйл ажиллагааны эх сурвалж гэж үздэг. Өнөөдөр 300,000 гаруй хүн амтай Лхас хотын гуравны хоёр нь дэлгүүрийн эзэд хан үндэстэн хятадууд ажээ. Тиймээс нутгийн иргэд хятад хэлээр ярихаас өөр аргагүйд хүрдэг гэж нэмж хэлэв.
Дээрхийн гэгээн хүн төрөлхтний үнэт зүйлс, шашны эв нэгдэл, Төвдийн асуудлийг дэмжихэд чиглэсэн гурван үүрэг амлалтдаа үнэнчээр зүтгэж буйгаа дурдав. АНУ-д хийсэн айлчлал нь түүний эхний хоёр хүчин чармайлтад илүү чиглэсэн ажээ.










