АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Дээрхийн гэгээн Далай лам өглөө эртлэн Веризон төвд болсон дүйнхорын эрх авшгийн зэхэл үйлийн залбиралд оролцохоор мориллоо. Түүнийг тус төвд морилон ирэхэд Нийслэлийн бүсийн төвөд үндэстнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд угтан авсан юм. Ёслолын мандал өргөсний дараа Дээрхийн гэгээн залбирлаа эхэллээ.
|
Дэлхийн энх тайвны төлөөх Цогт цагийн хүрдний эрх авшгийн айлдварын эхний өдрийн өглөө Дээрхийн гэгээн Далай лам орон газар аравнайлах ёслолыг удирдаж буй нь... АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 6. Гэрэл зургийг Дэнзин Чойжор. |
|
Дэлхийн энх тайвны төлөөх Цогт цагийн хүрдний эрх авшгийн айлдварын эхний өдрийн өглөө Дээрхийн гэгээн Далай лам товч айлдвар айлдаж буй нь... АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 6. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL. |
Дээрхийн гэгээн “Бодьсадвагийн 37 гарын авлага”, “Бясалгалын шат” тэргүүт номын талаар өгүүлэхдээ “бяцхан заль” хэрэглэдгээ хошигнон дурдав. Дүйнхорын эрх авшиг олон хүнийг татах нөлөөтэйг мэдсэн тэрбээр мянга мянган хүнийг цуглуулах арга сэдсэн аж. Гол нь цугласан хүмүүстээ буддын шашны гүн утгыг таниулах айлдвар айлдахад гол анхаарлаа хандуулдаг гэнэ. Дээрхийн гэгээн “Хэрэв зүгээр л бурхны шашны ном айлдана хэмээн зарлавал хүмүүс “Өө, би энийг мэднэ” гээд ирэхгүй байх вий” хэмээгээд инээв.
Завсарлагааны дараа Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний өдрийн баярын хөтөлбөр эхэллээ. Тэрбээр өнөөдөр 76 насыг зооглож байгаа билээ. Энэхүү арга хэмжээг Нью-Йорк хотын Төвөдийн төлөөлөгчийн газраас зохион байгуулж, хөтлөгчөөр Олон улсын Төвөдийн төлөөх Аян (International Campaign for Tibet)-ы гишүүн хатагтай Тэнзинжамц ажиллав. Тэрээр Махатма Ганди, Мартин Лютер Кинг хэмээх хоёр эрхмийг Дээрхийн гэгээн Далай ламд урам өгдөг агуу хоёр хүнийг хэмээн тодорхойллоо. Үүний дараа доктор Мартин Лютер Кингийн хүү III Мартин Лютер Кинг, Махатма Гандийн зээ хүү Арун Ганди болоод Дээрхийн гэгээн Далай ламыг тайзнаа урилаа.
|
Дээрхийн гэгээн XIV Далай ламын 76 насны төрсөн өдрийн баярын үйл ажиллагааны үеэр төвөд хүүхдүүд уран бүтээлээ толилуулж буй нь... АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 6. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL. |
Баярын хөтөлбөр Дээрхийн гэгээний буяныг магтан дуулсан “Топай Люян” хэмээх дуугаар эхэллээ. Энэхүү дууг Нийслэлийн бүсийн төвөд үндэстний холбооны залуу гишүүд дуулжээ. Дараа нь Энэтхэг, Монгол, Япон, Хятад, Бутан, Вьетнам, Төвөд, Непал, АНУ тэргүүт орны төлөөлөгчид тайзнаа гарч, Дээрхийн гэгээнд мэндчилгээ дэвшүүлэв. Энэ бол Дээрхийн гэгээний дэлхий даяар хүлээсэн хайр хүндэтгэлийн илрэл билээ. Үүний дараа Касүр Алак Жигмэ Лхүндүв Дээрхийн гэгээний амьдралын түүхийг харуулсан гэрэл зургийн дэлгэрэнгүй цомог болох “Жигтэн Мигпэ” хэмээх номын анхны хувийг өргөн барив. Номыг “Дхомэй Цэнгөл Дэнгьяб Надэл” байгууллага эрхлэн хэвлүүлсэн бөгөөд Дээрхийн гэгээн номыг нээж, ноён Кинг, ноён Гандид гардуулсан юм.
Үүний дараа Дэлхийн энх тайвны төлөөх Цогт цагийн хүрдний эрх авшгийн айлдварыг зохион байгуулж буй Нийслэлийн бүсийн төвөд үндэстний холбооны ерөнхийлөгч ноён Галдан Лодой хүндэтгэлийн үг хэлэв. Тэрээр цугласан бүх хүний өмнөөс Дээрхийн гэгээн XIV Далай ламд төрсөн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлэн, үг эхэллээ.
Тэрээр “Дээрхийн гэгээн Далай лам бүх амьдралаа хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дэлгэрүүлэх, шашны эв нэгдлийг дэмжих мөн Төвөдийн асуудалд хоёргүй сэтгэлээр зүтгэхэд зориулсан билээ. Дэлхий дахинд зөрчил, хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед Дээрхийн гэгээн Вашингтон хотод дүйнхорын эрх авшиг хайрлаж буй нь хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс, хайр энэрэл, энх тайвныг дахин бэхжүүлэхэд сайхан завшаан болно гэдэгт бид чин сэтгэлээсээ итгэж байна” хэмээжээ.
Ноён Лодой мөн Нийслэлийн бүсийн төвөд үндэстнүүдийн холбоо энэхүү авшиг хүртээх томоохон ажлыг зохион байгуулах хүсэлтээ хэрхэн уламжилж, олон бэрхшээлийг даван туулсан талаараа дурдаад, нийт 5 тивийн 48 орны сүсэгтнүүд оролцож буйг албан ёсоор зарлав. “Бид энэхүү агуу үйл ажиллагааг АНУ-ын Засгийн Газар, ард түмэнд хийгээд дэлхийн өнцөг булан бүрд төвөдийн баялаг соёл, оюун санааны өв, өвөрмөц онцлогийг хамгаалан дэмжиж ирсэн бүх хүнд чин сэтгэлийн талархал болгон зохион байгуулж байгаа билээ. Та бүхний өгөөмөр, энэрэнгүй сэтгэл төвөдийн нандин мэргэн ухааны өвийг хамгаалах, дэлгэрүүлэх, дэлхийн өнцөг бүрд үндэслүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр орууллаа” хэмээсэн юм. Тэрээр Дээрхийн гэгээн XIV Далай ламын өлмий бат оршихыг ерөөсөн залбирлаар үгээ өндөрлөлөө.
|
| Арун Ганди, Кваме Браун, III Мартин Лютер Кинг нар Дээрхийн гэгээн Далай ламтай уулзаж буй нь... АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 6. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL. |
Үүний дараа Вашингтон хотын Зөвлөлийн дарга ноён Кваме Браун Дээрхийн гэгээнийг өөрийн хотдоо төрсөн гэртээ байгаа мэт тухлахыг хүслээ. Тэрээр Дээрхийн гэгээнийг шударга бус байдлын талаар дуу хоолойгоо хүргэж байгаад талархлаа илэрхийлээд, Вашингтон хотод нэгэн сургууль, орон гэргүй хүмүүсийн төвд очиж, тэнд байгаа хүүхэд, насанд хүрэгчдэд урам зориг өгч байсан тухай хуучлав.
Ноён Браун Дээрхийн гэгээнийг энэ хотод энхийн сайхан мэдээг авчирсныг тэмдэглээд, Хотын зөвлөлөөс түүний Төвөдийн төлөө гэсэн тууштай хичээл зүтгэл, энх тайван, ардчиллын үйл хэргийг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхэд үнэлж баршгүй нөлөөлснийг сайшаасан тогтоолыг өргөн барилаа. Тус тогтоолд “Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц таны даян дэлхийд энх тайвныг цогцлоох хийгээд хүч үл хэрэглэх үзэл санаа, хүний эрх, шашны эрх чөлөө, ардчиллыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө тууштай зүтгэж ирснийг ихэд сайшаан энэхүү өргөмжлөлийг хадгалуулав” хэмээсэн байв.
Дээрхийн гэгээн зөвлөлийн даргад чин сэтгэлийн талархал илэрхийлээд, өөрийн зурагт намтар номыг бэлэг болгон гардуулав.
Үүний дараа Өмнөд Африкийн Арчибишоп Десмонд Тутугийн сэтгэл хөдөлгөм цахим мэндчилгээг үзүүлэв. Тэрээр мэндчилгээндээ Дээрхийн гэгээн дэлхийн хамтын нийгэмлэгт хэрхэн сайнаар нөлөөлж буй онцлон, түүний эснэсэн өдрийг угтан хүн бүр сайн үйл хийж, нийгэмдээ тус хүргэхийг уриалжээ.
Дараа нь ноён Арун Гандиг тайзнаа урьж, үг хэлэхийг хүсэв. Тэрээр Гандийн гэр бүлийн нэрийн өмнөөс Дээрхийн гэгээнд төрсөн өдрийн баярын мэнд хүргэлээ. Дараа нь Махатма Ганди өвөөгөөсөө энх тайвны талаар ойлгож авснаа хуваалцсан юм. Энх тайван гэдэг зөвхөн бие махбодын хүчирхийлэл бус, далд “идэвхгүй хүчирхийлэл”-ийн тухай ойлголтыг хамардаг. Заримдаа бид ийм төрлийн хүчирхийллийг хүчирхийлэл гэж ч анзааралгүй өнгөрдөг тул Махатма Ганди бээр энэ “идэвхгүй хүчирхийлэл”-ийн аюулыг үргэлжид анхааруулдаг байсныг дурслаа.
Ноён Ганди хүмүүст хандан, “Өнөөдөр Дээрхийн гэгээнд өргөж болох хамгийн агуу төрсөн өдрийн бэлэг бол бид дахиж нэг нэгнээ үзэн ядахгүй, ялгаварлахгүй, шунахгүй байж, хүмүүнийг шашин шүтлэг, үзэл санаанаас нь үл хамааран хүндэлж хайрлан, ирээдүйн үеийн төлөө энх тайвныг бүтээхээ амлах явдал” юм хэмээн уриалав.
|
| Дээрхийн гэгээн XIV Далай лам 76 насныхаа төрсөн өдрийн баярын үеэр Арун Ганди, III Мартин Лютер Кинг нартай хамт буй нь... АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 6. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL. |
Дараа нь III Мартин Лютер Кинг үг хэлэхдээ Дээрхийн гэгээнийг “Төрөлх төвөдийн ард түмэн төдийгүй дэлхий даяар энэрэл нигүүлслийн биелэл хэмээн дээдэлдэг оюун санааны удирдагч” хэмээн тодорхойлов.
Тэрээр ээж Коретта Скотт Кингийн 1989 онд Дээрхийн гэгээн Далай лам Нобелийн Энх тайвны шагнал хүртсэний дараа бичсэн үгсийг эш татав. Тэрээр “Далай лам хүч үл хэрэглэх үзэл хийгээд эрх чөлөөний төлөөх дуу хоолойгоо өргөдөг дэлхийн агуу удирдагчдын нэг бөгөөд түүний энэрэх сэтгэл, уужуу ухааныг хүн төрөлхтний ирээдүйг бүхэлд нь хамардаг билээ” хэмээн бичжээ.
Ноён Кинг үгийнхээ төгсгөлд “Хэрэв бид Махатма Ганди, Мартин Лютер Кинг, Дээрхийн гэгээн Далай лам нарын сургаалыг дагавал энх тайван болоод нийгмийн шударга ёсны төлөө хүч үл хэрэглэх харилцан дэмжигч хүмүүсийн дэлхийн сүлжээг холбооны технологийн хувьсгалаар дамжуулан бий болгож чадна. Өнөөдөр бид таны энх тайван, энэрэл нигүүлслийн төлөөх зориг, зүтгэлийн гэрэлт жишээг тэмдэглэж байна. Таны алсын хараатай удирдлагаас бид урам зориг, итгэлийн гэрлийг авч чадлаа” хэмээсэн юм.
Дараа нь Дээрхийн гэгээн үг хэллээ. Эхлээд төвөд уламжлалт соёлын талаар дурсав. Төвөд хүмүүс төрсөн өдрөөс илүү насан эцэслэсэн өдрийг чухалчилдаг тухай өгүүлээд, “Учир нь хүн хорвоог орхих үед нийгэмд эерэг эсвэл сөрөг байсан гэдгээ тодорхойлсон байдаг. Харин сөрөг үйлдэл хийх магадлалтай хүнд “төрсөн өдрийн мэнд” гэх нь утгагүй хэрэг шүү дээ” хэмээн хошигнов.
|
| 76 насныхаа төрсөн өдрийн баярын үеэр Дээрхийн гэгээн Далай лам үг хэлж буй нь... АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 6. Гэрэл зургийг Тэнзин Чойжор /OHHDL. |
Дээрхийн гэгээн буддын сургаалын үндсэн үзэл санааг дахин онцлон дурдав. “Хэрэв бусдад тус хүргэх боломжтой бол түүний төлөө бүхнийг хийгээрэй. Харин тус хүргэж чадахгүй бол ядаж хор хүргэхээс татгалзах ёстой” хэмээн айлдаад, энэ зарчим нь амьдралыг утга учиртай болгодог хэмээн онцоллоо.
Тэрбээр мөн “Оюунлаг ах” хэмээн хүндэлдэг Арчибишоп Десмонд Тутугийн төрсөн өдрийн мэндчилгээний талаар ярьж, бие биеэ хөгжилтэйгөөр шоглон, тоглоом хийдэг байснаа дурсан хуучлав. “Тэр хөгжилтэй хэсгийг энэ бичлэгт оруулаагүй бололтой” хэмээн хошигноод, ирэх 10 дугаар сард Өмнөд Африкт Арчибишоп Тутугийн мэндэлсэн өдрөөр түүнтэй уулзахыг хүсэж буйгаа илэрхийлэв.
Дээрхийн гэгээн цааш “Би Махатма Ганди, Мартин Лютер Кинг нартай биечлэн уулзаж байгаагүй ч тэдний ард түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэлийг ихэд биширдэг билээ. Тэдний үйл хэрэг хүн төрөлхтний сайн сайхны төлөө байлаа. Тэдний хүч үл хэрэглэх энх тайвны үзэл санааг бишрээд зогсохгүй энэ дэлхийд мөнхжүүлэхийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээж ирсэн юм” хэмээн айлдлаа.
Дээрхийн гэгээн хүндэт зочдын өмнө үг хэлэхдээ хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дэлгэрүүлэх, шашны эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөөх өөрийн тууштай амлалтаа дахин илэрхийлэв. “Өнөөдөр энд нэгэн буддистын төрсөн өдрийг тэмдэглэхээр инду шашинт ноён Арун Ганди, христийн шашинт ноён III Мартин Лютер Кинг нар нэгдэн ирсэн нь шашны эв нэгдэл, харилцан хүндэтгэлийн хүчирхэг илэрхийлэл билээ” хэмээв.
Мөн Дээрхийн гэгээн өөрийг нь хүндэтгэн ирсэн олон орны төлөөлөгчдөд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, “Тэдний ихэнх нь Төвөдтэй түүхэн холбоо бүхий бүс нутгаас ирсэн нь надад ихэд утга төгөлдөр байна” хэмээн талархлаа илэрхийлжээ.
![]() |
| Дээрхийн гэгээн Далай ламын 76 насны төрсөн өдрийн баярын үеэр Төвөдийн бүс нутгуудаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлж буй нь... АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 6. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL. |
Дээрхийн гэгээн төвөд хүүхдүүдийн дуунд ихэд баярлан, “Үнэхээр сайхан дууллаа” хэмээн магтаж, “Энэ дууг хэчнээн удаан бэлдсэн бол?” хэмээн хошигноход үзэгчид инээд хөөртэй хүлээж авлаа. Тэрбээр боловсролын чухлыг онцолж, “Бидэнд оюуны боловсрол төдийгүй сэтгэлийн дулаан чанарыг хөгжүүлэх боловсрол ч хэрэгтэй” хэмээн сургамжилсан юм.
Үүний дараа Дээрхийн гэгээн англи хэлнээс төвөд хэлэнд шилжин, Веризон төвд цугласан төвөд хүмүүст болон “Америкийн дуу хоолой”-н төвөд хэлний албаны шууд дамжуулалтыг сонсоу буй Төвөдөд оршин суугаа ард олондоо хандан үг хэлэв.
Дээрхийн гэгээн хаана амьдарч буйгаас үл хамааран төвөдийн ард түмэн нэгэн адил үндэсний нэгдмэл ухамсартай байдгийг онцлоод, шашны хаадын үеэс уламжилсан төвөд хэл, бичгийн уламжлалаа хадгалж, дэлгэрүүлэхийн чухлыг сануулав. Мөн уламжлалт хэл соёлоо хамгаалахын зэрэгцээ орчин үеийн боловсролд ч анхаарах хэрэгтэйг захисан юм.
Тэрбээр төвөдүүдэд хандан, “Буддын шашны зан үйл, ёслол төдийд анхаарал хандуулах бус, сургаалын гүн ухаанд илүү гүнзгий судалгаа хийдэг ХХI зууны буддистууд байх хэрэгтэй” хэмээн айлдав.
Дээрхийн гэгээн сүүлийн үед улс төрийн эрх мэдлээ ардчилсан сонгуулиар сонгогдон дэвшсэн удирдлагад шилжүүлсэн үйл явдлын талаар дэлгэрүүлэн ярив. “Энэ нь Төвөдийн хувьд эерэг хөгжлийн алхам болсон юм. Саяхны сонгуулиар Энэтхэг улсад төрж өссөн шинэ үеийн төлөөлөл, боловсролтой нэгэн болох шинэ Калон Трипа сонгогдсон. Энэхүү үйл явдал нь Төвөдийн асуудал ганц хүний оролцоонд тулгуурладаг гэсэн Хятад улсын үзэл санааг няцаасан үйл явдал боллоо. Одоо Төвөдийн улс төрийн үйл явц Далай лам байгаа эсэхээс үл хамааран үргэлжлэх нь тодорхой болсон” хэмээн тайлбарласан юм.
Дээрхийн гэгээн 14-15 наснаасаа ардчилалд гүн сонирхолтой болж, 1952-1953 оны орчим Төвөдөд байхдаа шинэчлэлийн комисс байгуулж, ардчиллын төлөөх санаачилга гаргаж байсан талаараа өгүүлэв. Харин дүрвэж ирснээсээ хойш тэр өөрийн уг санааг бүрэн хэрэгжүүлэх боломжтой болсон бөгөөд ингэснээр Төвөдийн ардчилал жилээс жилд хөгжиж ирсэн гэдгийг дурдав. “Одоо сонгогдсон төвөд удирдлагууд бодит хариуцлагыг үүрэх цаг ирлээ” хэмээн онцолсон билээ.
Мөн тэрбээр эрх мэдлээ шилжүүлэх шийдвэр нь урам хугарах эсвэл сэтгэл гутрах илрэл биш харин Төвөдийн нийгмийг улам бүр ардчилсан болгох дараагийн алхам хэмээн тайлбарлав. Түүнчлэн “Төвөдийн Төв Захиргаа” хэмээх нэршлийг төвөд хэлээр өөрчлөх болсон нь ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд байгууллагыг хаах, татан буулгах санаа огтхон ч агуулаагүй болохыг тодруулжээ.
Дээрхийн гэгээн Далай ламын АНУ дахь төлөөлөгч Касүр Лувсан Няндак Зайүл арга хэмжээг хааж үг хэллээ.
|
| Дээрхийн гэгээн Далай лам 76 насны төрсөн өдрийн баярынхаа төгсгөлд үзэгчидтэй даллан мэндчилж буй нь... АНУ, Вашинготн хот. 2011 оны 7 дугаар сарын 6. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL. |
Ноён Лувсан Няндак “ХХ зууныг дайн дажинтай, хүчирхийллийн зуун хэмээн үздэг. Тэр үед хэдэн арван сая хүн хүчирхийллийн улмаас амь үрэгдсэн. Гэвч энэ зуунд энх тайван болон хүч үл хэрэглэх үзлийн ариун сургаалыг дэлгэрүүлж, дэлхийн олон түмэнд эрх чөлөө, шударга ёсыг авчирсан аугаа энхийн элч нар төрөн гарсан билээ. Тэдний дундаас Энэтхэг улсын агуу үндэстний эцэг Махатма Гандиг онцлон нэрлэмээр байна. Өнөөдөр түүний ач хүү ноён Арун Ганди энэ танхимд хүрэлцэн ирсэн нь энэ өдрийг мартагдашгүй, түүхэн өдөр болголоо. Танд энэ арга хэмжээг зохион байгуулсан бүх хүний өмнөөс, энд цугларсан олон нийтийн өмнөөс болоод Tөвөдөд оршин суугаа иргэд, Дээрхийн гэгээний төрсөн өдрийг чөлөөтэй тэмдэглэх эрхгүй төвөдүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өөр нэгэн энхийн төлөө зүтгэдэг түүхэн элч бол доктор Мартин Лютер Кинг юм. Энх тайван, хүч үл хэрэглэх үзэл, эрх чөлөө, нийгмийн шударга ёсыг эрхэмлэдэг бүхэн түүний нэрийг зүрх сэтгэлдээ хадгалж явдаг билээ. Бид өнөөдөр энэ онцгой өдөрт хүрэлцэн ирж, энэхүү баярыг улам бүр утга төгөлдөр болгож өгсөн ноён III Мартин Лютер Кингд, доктор Кингийн хүүд туйлын их талархаж байна.
Дээрхийн гэгээнд талархал илэрхийлэх хамгийн сайн арга бол бид бүгд өөрийн дотоод сэтгэлдээ хайр энэрэл, уучлал хүлцэл, тэвчээр тэргүүт хүний сайн үнэт чанаруудыг төлөвшүүлэхийг амлах явдал юм. Хэрэв бид бусдад тус хүргэж чадахгүй ч дор хаяж ямар нэгэн амьтанд хор хүргэхээс зайлсхийж чадна.
Энэхүү арга хэмжээний бэлтгэл, зохион байгуулалт оролцсон бүх хүнд үнэхээр дурсамжтай үйл явдал боллоо. Энэ мөчид би чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Хамтран ажиллаж, үнэтэй зөвлөгөө, туслалцаа үзүүлсэн Нийслэлийн Төвөдийн холбооны тусгай төлөөлөгч Гяри ринбүүчи болон Олон улсын Төвөдийн төлөөх аянд (International Campaign for Tibet) машид талархсанаа илэрхийлье. Мөн Дээрхийн гэгээнд хүндэтгэл үзүүлж, хотод айлчлах бүрд халуун дотноор угтдаг Вашингтон хотын захиргаанд баярлалаа. АНУ-ын Засгийн Газраас үзүүлж ирсэн бүх дэмжлэг, хүндэтгэлийг бид машид үнэлдэг билээ” хэмээжээ.
Үүний дараа Дээрхийн гэгээн үдийн зоог барьж, үдээс хойш дүйнхорын эрх авшгийн зэхэл үйлийн залбирлаа үргэлжлүүлэв.
Өдрийн цагаар Хойд Америк даяарх төвөдийн холбоодын төлөөлөгчид оролцсон ёслолын парад Веризон төвөөс эхэлж, “National Mall”-д хүрч өндөрлөв. Энэ жагсаалд хэдэн мянган төвөд иргэн оролцож, төгсгөлд нь уламжлалт бүжгээр баярын уур амьсгалыг улам хөгжөөжээ.
7 дугаар сарын 7-ны өдөр Дээрхийн гэгээн өглөөний зэхэл үйлийн залбирлаа үргэлжлүүлж, үдээс хойш АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Жон Бейнер конгрессын хоёр намын төлөөлөлтэй уулзах уулзалтыг Капитол Хиллд зохион байгуулах юм.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










