Венец, Итали, 2009 оны 2 дугаар сарын 10 (АНСА)
Далай лам Ром хотын хүндэт иргэн болсныхоо маргааш буюу мягмар гарагт Венец хотын түлхүүрийг гардаж авахдаа Марко Полог Юань улсад байсан тэр цагт Хубилай хаанд зүтгэхийн хамт олон хүний амь хөнөөх муу үйлээс нь ятган болиулж байсан нэгэн төвөд ламыг дурслаа.
Өдгөө 73 сүүдэртэй, эх орноосоо хилийн чанадад дүрвэн амьдарч буй Төвөдийн оюун санааны удирдагч бээр Венецийн хотын захирагч Массимо Каччаригаас Венецийн хүндэт иргэн хэмээх одон гардаж авахдаа, "Тэр цагт жил бүр 100,000 хүнийг голд шидэн хороодог хатуу цааз байсныг их хаанд учирлан сэнхрүүлж, болиулсан тэр хүн нь төвөд лам байсны дээр Марко Пологийн анд нөхөр байв.
Энэ бол өнгөрсөн түүх. Харин өнөөдөр коммунист Хятадын эрх баригчдын алсын хараа туйлын явцуу, мөчид байна. Хятадууд төвөд үндэстнүүдийг, шашин, соёлыг нь устгахыг санаархаж байна” хэмээн хэллээ.
Мөн “Лхас дахь сүм хийд тус бүрд шавилан сууж байгаа лам хуврагийн тоо "ойролцоогоор 50" болж буурсан байна. Хэдхэн жилийн өмнө хийд бүрд 100 орчим хувраг байдаг байлаа. Мөн Төвөдийн ард түмэн Хятадын түрэмгийллийн эсрэг хүч үл хэрэглэн эсэргүүцэн босож байсан тэртээх 1959 онд нэг хийдэд хэдэн мянган лам суудаг байв. Тэгтэл өнөөдөр ийм цөөхөн болсон нь лам хуврагийн тоо огцом буурч буйг илтгэж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард лам нарын удирдсан хоёр долоо хоногийн бослогыг харгисаар нухчин дарснаас хойш нөхцөл байдал улам дордож байна. Олон хүн баривчлагдаж, сураггүй алга болж байна. Тэднийг зодож, гар хөлийг нь хугалж, төвөд сургууль нээхийг хориглож байна” хэмээн Далай лам онцлов.
Хилийн чанад дахь Төвөдийн цагаачлалын засгийн газраас зарласан тоо баримтаар, уг бослогын үеэр 100 гаруй хүн нас барж, 100 хүн сураггүй болж, 1,200 хүн хоригдсон байна. Харин Хятадын тал эсэргүүцэн босогчдын гарт 18 энгийн иргэн, 2 цагдаа амь үрэгдсэн гэж мэдэгдсэн юм.
"Ийм хүнд хэцүү цаг үед та бүхний зүрх сэтгэлээс энэрэл хайр цацарч зүрхэнд минь шингэж байгааг мэдэрч буйдаа ихэд баярлан, урам зориг орж байна" хэмээн төрөлх эх орондоо өөртөө засах эрх олгуулахыг горилж яваа Далай лам хэллээ.
Венец хотын захирагч бөгөөд Италийн нэрт философич Каччари бээр "Далай лам Таны Төвөдийн эрх чөлөө, өөртөө засах эрхийн төлөөх тэмцлийг ухаалгаар удирдаж буйг тань бид өндөр үнэлдэг билээ. Тэмцэл дуусаагүй. Бид та та бүхнийг дэмжиж буйгаа илэрхийлж Танд энэхүү хүндэт иргэний одонг гардуулж буй юм" хэмээн хэллээ.
ХЯТАД УГ АЙЛЧЛАЛЫГ ЭСЭРГҮҮЦЭВ.
Далай ламыг Венецэд айлчлах үеэр Италийн Парламентын Төвөдийг дэмжих бүлгийн тэргүүн, Радикал намын гишүүн Маттео Мекаччи дагалдан явлаа. Тэрбээр өмнөх өдөр нь Ромд илэрхийлж байсан байр сууриа давтаж, Италийн Засгийн газар Далай ламын айлчлалыг "үл хэрэгсэх" шийдвэр гаргасныг шүүмжилж, Хятадын зүгээс ирсэн шүүмжлэлд өгсөн хариуг нь буруутгав. Европын Холбоо удаа дараа Төвөдөд өөртөө засах эрх олгохыг дэмжсэн байх суурьтай буйгаа илэрхийлж байсантай адил энэ боломжийг ашиглах ёстой байсан гэж тэрбээр үзжээ.
Даваа гарагт Ромд болсон ёслолын дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яам "салан тусгаарлагч" улс төрчийг ингэж хүндэтгэх нь "Хятадын ард түмнийг гомдоож", тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг боллоо гэж мэдэгдэв. Мөн хоёр орны харилцаанд учруулж буй хохирлыг арилгах "яаралтай арга хэмжээ" авахыг БНХАУ шаардсан ч яг ямар арга хэмжээ болохыг тодорхой хэлсэнгүй.
Италийн Гадаад хэргийн яам мягмар гарагт хариу мэдэгдэл хийхдээ, Италийн хотын захиргаад өөрөө удирдах бие даасан эрхтэй байдгийг дурдаж, Бээжингийн "Нэг Хятад" бодлогыг дэмждэгээ дахин нотолсон байна.