Япон, Мияжима, 2006 оны 11-р сарын 6 (Цэрэнцoмо)
Даваа гарагт Хятадаас ирсэн Бурханы шашны сүсэгтнүүд хэвлэлд ярилцлага өгөхдөө, Хятадад Дээрхийн гэгээн Далай ламыг Төвөд нутагт эргэн залахыг хүсэмжилдэг хүн маш олон байдгийг онцоллоо.
“Төвөд бол түүний төрөлх нутаг. Хүн өөрийн жинхэнэ байх ёстой газартаа эрх чөлөөтэйгөөр байх учиртай” хэмээн Бээжингээс ирсэн, нэрээ нууцлахыг хүссэн 54 настай хятад эр хэлжээ.
Тэрбээр Японы Мияжима арал дахь Дайшойн хийдэд болж буй Дээрхийн гэгээн Далай ламын номын айлдварт сууж буй хятад сүсэгтнүүдийн нэг юм.
“Бид түүнийг эргэн ирэхийг хүлээж байна. Энэ бол зөвхөн төвөдүүдийн хүсэл биш. Далай ламын адис хүртэж, сургаал номыг нь сонсохыг хүсдэг хятад үндэстэй Бурханы шашинтнууд сая саяараа бий,” хэмээн түүний 35 настай эхнэр Хилийн чанад дахь төвөд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурдлаа. Тэрээр Далай ламын номын айлдварт анх удаа сууж байгаа бол нөхөр нь өмнө нь хоёр удаа сууж байжээ.
Далай ламын зохиосон шашны ном, бүтээлүүд Хятадад бүрэн хориглогдсон тул олон Бурханы шашинтай сүсэгтнүүд түүний сургаалыг судлахын тулд нууц, далд арга замаар хэрэглэхээс өөр сонголтгүй болсныг мөн ярьжээ.
“Бүх зүйл нууцаар явагддаг. Бид гадаад оронд зорчих үедээ түүний номыг худалдан авч, нууцаар хэвлэн, Далай ламыг үнэхээр харахыг, сургаалыг нь судлахыг хүсдэг хятад сүсэгтнүүдийн дунд тараадаг,” хэмээн 34 настай нэгэн хятад эмэгтэй өгүүлээд, өдөр бүр цүнхэндээ авч явдаг Далай ламын хуучин гэрэл зургийг үзүүллээ.










