Энэтхэг улс, Тамил Наду муж, Ченнай хот (Indian Express) - Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай лам Пүрэв гарагт “Төвөд Хятадаас Өөртөө засах захиргаа тогтоох нь зөвхөн цаг хугацааны асуудал бөгөөд хэрвээ Төвөд чөлөөлөгдвөл би бээр шашны зүтгэлтний эрх мэдлээсээ татгалзах болно” хэмээжээ.
“Тийм ээ. Бид Өөртөө засах захиргааг тогтоохыг заавал олно гэдэгт би итгэлтэй байна… Энэ бол зөвхөн цаг хугацааны асуудал” хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам Ченнайд сургууль, Мадрас Их Сургуулийн оюутнуудад зориулсан айлдварынхаа үеэр сэтгүүлчдэд ярьсан билээ.
“Одоогийн mөвөдүүдийн сэтгэл зориг өмнөх үеийнхнээс илүү бат бэх бөгөөд бидний тэмцлийн талаар дэлхий нийт илүү их ойлголттой болжээ. Төвөдүүдийн энэ хөдөлгөөн зарим хятад хүний сэтгэлд ч хүрч чадсан байна.
2008 оны 3 дугаар сарын бидний эсэргүүцлийн жагсаалын талаар Хятадын оюунлаг хэсэг болох оюутан, багш нар, бусад эрдэмтэн судлаачид 300 орчим дэмжлэгийн нийтлэл гаргажээ. Тиймээс Хятадын Засгийн Газар бидний тэмцлийг бодитоор, учир зүйтэй авч хэлэцэх хэрэгтэй” хэмээсэн билээ.
Тэрбээр хэрвээ Төвөд чөлөөлөгдвөл шашны зүтгэлтний “эрх мэдлээсээ татгалзах”-аа илэрхийлсэн юм.
“Тэд (сонгогдсон засгийн газар) надаас илүү сайн мэднэ. Би удирдагч байж чадахгүй. Би бээр зөвхөн төвөд түмний төлөөлөгч билээ” хэмээсэн билээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам төвөдүүдийн эсрэг хүч хэрэглэж буй Хятад улсын үйлдлийг нэн даруй зогсоохыг уриалж, тогтвортой байдлыг хүчээр бус итгэл найдвараар бий болгодгийг сануулав.
“Итгэл харилцан хүндэтгэлээс үүсэх тул Хятадын ард иргэд, засгийн газар энэ асуудлыг бодитой, учир зүйгээр шийдвэрлэх ёстой” гэж тэрбээр хэлэв.
Тэрбээр “Төвөд орныг бусдын адил орчин үеийн хөгжил дэвшилд хүргэхийг хүсэж буйгаа дурдаж, ард иргэд нь хүчирхийлэлд тулгуурласан тэмцэлд оролцохоос зайлсхийх болно. Энэ бол Энэтхэгээс авсан хамгийн сайн сургамж минь...” хэмээн айлдлаа.
Тэрбээр асуултад Энэтхэгийн гадаад бодлого, Төвөд, Хятадын нөхцөл байдалд “хэт болгоомжтой” хандаж байгаа ч төвөдийн дүрвэгсдэд хамгийн сайн нөхцөл бололцоог олгож байгааг сайшаасан юм.
“Дэлхийн аль ч улс төвөдийн дүрвэгсдэд Энэтхэг шиг сайн боловсрол, бусад нөхцөл бололцоог олгодоггүй сэн” хэмээлээ.
Шри Ланкагийн талаарх асуултад тэрбээр хүчирхийллийг үргэлжид эсэргүүцдэг байснаа илэрхийлэв. “Ийм их хүчирхийллийг харах үнэхээр харамсалтай. Би маргааныг энх тайвнаар шийдээсэй хэмээн залбирч, найдаж байна. Угсаатны эсвэл шашны асуудлыг улс төрийн зохион байгуулалтаар үүсгэдэг байж болох юм” хэмээв.
Шри Ланкад энх тайван байдлыг хангах үүднээс олон улсын оролцоог шаардах санал асуулгад хариулахдаа өөр орны дотоод хэрэгт тайлбар өгөхийг хүсэхгүй байгаагаа мэдэгдэв.
“Хэдий тийм ч Нобелийн шагналт тэргүүт нэр хүндтэй хүмүүс Коломбо руу довтлохыг зогсоохыг уриалж болно шүү дээ” хэмээн хэлсэн билээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам өнгөрсөн долоо хоногт арлын оронд хийсэн айлчлалынхаа дараа Шри Ланкийн нөхцөл байдлыг Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Шив Шанкар Менонтой ярилцахыг хүсэж буйгаа илэрхийллээ.
Энэтхэг, Хятадын Арүначал Прадешийн маргааны талаар 1914 онд Шимла хотод болсон гурван талт конвенцид Хятад, Британийн Энэтхэг болон Төвөдийн төлөөлөгчид оролцож, тухайн мужийг Энэтхэгт харьяалагддаг гэж шийдсэн гэдгийг онцлов.
“Хятадууд бодитой хандлага баримтлах ёстой. Учир нь түүхийг улс төрийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх боломжгүй” гэж тэрбээр хэллээ.










