Энэтхэг, Ладак муж, Лех хот – Энэ өдөр Ладакийн Буддын холбоо, Ладакийн Гомпа холбоо нар Дээрхийн гэгээн Далай ламыг Аби-Спан Спитукт хүндэтгэлийн үдийн зоогт урьсан байна. Үргэлжилсэн бороо орж байсан ч Дээрхийн гэгээнийг товлосон газартаа хүрэлцэн ирэхэд Ладакийн Гомпа холбооны ерөнхийлөгч, эрхэмсэг Доржэ Станзин угтан авч, хүндэтгэл үзүүлэн, олон жилийн турш Ладакийн ард түмэнд энэрэнгүй сэтгэлээр хандаж байгаад нь талархал илэрхийллээ. Тэрээр мөн Тиксэ ринбүүчи, бусад зочдод мэндчилгээ дэвшүүлэв.
Хүндэтгэлийн хувцас чимэглэл тэргүүтээр бие юугаа гоёсон Спитук тосгоны эмэгтэйчүүд уламжлалт хөгжмийн аялгуунд таацсан уран яруу, баяр баясгалантай дуу бүжгийг толилуулсан нь урлагийн үзүүлбэрийн эхлэл байлаа. Дараа нь төвөдүүдийн Сонамлин суурингаас ирсэн томоохон хамтлаг дуулж, бүжиглэсэн бөгөөд тэдний урам зоригийг бороо ч мохоож чадсангүй. Энэ үед үзэгчид шүхэр доороос үзэж сонирхож байв.
Ингээд Дээрхийн гэгээн дараах айлдварыг айлдав.
"Энэхүү ёслолыг лам хувраг, эгэл сүсэгтэн олон, ладакчууд болоод төвөдүүд маш их сэтгэл гарган зохион байгуулжээ. Төвөдүүд бид зүүн зүгийн Дарцэдoгоос баруун тийш Ладактай хил залгаа орших Нгари хүртэлх гурван аймгийн хүмүүсийн талаар ярьдаг. Төвөдүүд бидэнд хил давах боломж олдсоноор ижил төстэй шашин шүтлэг, соёл, хэлт Ладакийн ард түмэнтэй үнэхээр адилхан болохоо олж мэдсэн юм.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулсанд та бүхэнд баярлалаа.
Би Төвөдийн гурван аймгийн тухай дурдлаа. Цастын орны төвд орших энэ нутгийг Төвөдийн Засгийн Газар голчлон анхаардаг байв. Харин би ерөнхийдөө зургаан сая төвөд хүний амьдардаг Төвөдийн гурван аймгийн талаар ярьдаг. Бид бүгд ижил шашин, соёл, хэлтэй Цастын орны хүмүүс. Би бээр гурван аймгийн нэг болох Амдогийн Домэйд төрсөн билээ”.
"Төвөдийн газар нутгаар зочлох завшаан тохиох үед бид бүгд нэг ард түмэн юм байна гэсэн хүчтэй мэдрэмж төрдөг юм. Би Амдогийн Силингийн ойролцоо төрсөн. Нутаг минь төвөөс алслагдсан ч шашин, соёлын нийтлэг өв уламжлалтай. Төвөдийн гурван аймгийн талаар ярихдаа би улс төрийн сэдлээс илүүтэйгээр гурван аймгийн хүмүүс бид нэгэн бүхэл гэдэг санааг илэрхийлэхийг хүсдэг юм.
Хятадын коммунист дэглэм улс төрийн бодлогоор Төвөдийг эзэлсэн боловч төвөдүүд өөрсдийгөө гурван аймгаас бүрдэх Цастын орны хүмүүс хэмээн үздэг. Төвөд, Цастын орон хэмээх нэрийн дор бидэнд “Би бол төвөд хүн” гэсэн хүчтэй мэдрэмж төрдөг. Дхотө, Домэй, У-цангаас гаралтай бид зургаан сая төвөдийг бүрдүүлдэг билээ. Аз жаргалтай аль эсвэл уй гунигтай байхаас үл хамааран бид бүгдээрээ төвөд хүн хэмээх нэгэн мэдрэмжийг хуваалцаж байна.
Би Төвөдийн өнцөг булан бүрд очиж, нутаг нутгийн аялгыг сонссон ч тэр нутагт амьдардаг хүмүүс төвөд хүн гэдгээ адилхан л мэдэрдэг. Яг одоо бид Төвөдтэй хил залгаа нутагт байна. Төвөдүүдийн хувьд “Бид нэг үндэстэн” гэсэн хүчтэй мэдрэмж бий. Бидний дотор энэ урам зориг хүчтэй, тод байгааг харж байгаадаа машид баяртай байна.
Бидэндоюун санааныхаа уламжлалыг хадгалж авч үлдсэн сүм хийдүүд бий. Төвөдийн төв нутагт лам хуврагын сургалтын томоохон гурван хийд байдаг. Хам, Амдод ч мөн сүм хийдийн агуу институтууд бий. Тэд бидний соёлын өв уламжлалын мөн чанарыг хадгалж байгаа”.
“Гурван аймгийн хүмүүс бүгдээрээ нэг шашин, соёл, хэлтэй нэг ард түмэн гэсэн хүчтэй мэдрэмжийг тээж яваа. Үүнийг хүлээн зөвшөөрөх нь нэн чухал.
Энд би Төвөдтэй хил залгаа Ладакт байна. Өмнө дурдсанчлан төвөдүүдэд нэг үндэстэн гэх хүчтэй мэдрэмж бий. Энэ бол улс төрийн мэдэгдэл биш. Соронзон Гомбо хааны үеэс эхлэн Энэтхэгийн шашин, соёлыг төвөд хэлд орчуулсан агуу гүүш олон байлаа. Тэд бидэнд Бурхан багшийн аман зарлигийн орчуулга Ганжуур, тайлбар судруудын орчуулга Данжуурыг үлдээсэн билээ. Энэ бүгд Бурхан багшийн сургаалууд юм.
Хятадтай хиллэдэг Төвөдийн зүүн хэсгээс нааш Ладак хүртэл нутагт бид нэг ижил хэл, соёл, шашинтай. Бид өөрсдийн уламжлалын энэ талуудад хатуу баригдаад байгаа юм биш, харин бидний эрхэмлэн дээдэлдэг энэ соёл нь Ганжуур, Данжуурын сургаалуудаас гаралтай юм. Энэ нь бидний хадгалан хамгаалж, судалж, хэрэгжүүлсээр ирсэн зүйлс билээ.
Манай томоохон сүм хийдүүд Бурхан багшийн сургаалыг хадгалж хамгаалахад салшгүй үүрэгтэй сургалтын төвүүд юм. Бидний хөрш зэргэлдээ орнуудад ч Бурхан багшийн уламжлалыг хадгалан үлдэхийн тулд асар их хүчин чармайлт гаргаж байгаа ч бид арай өөр арга барилаар ажилласан юм. Бид логик, учир шалтгаанд суурилсан нарийн чанд судалгаа хийж ирлээ.
“Өнөөдөр Хятад улс Төвөдийг захирч буй хүчирхэг улс ч Төвөдийн соёл уламжлал тэнд ч дэлгэрсээр байна. Хятад хүмүүс төвөдийн буддын шашны уламжлалыг ихээхэн сонирхон, шүтэж буй нь тэдэнд тустай. Төвөдийн шашин, соёл хосгүй үнэтэй билээ. Энэ уламжлал Төвөдийн хил орчмын бүс нутагт мянга гаруй жилийн турш хадгалагдан иржээ.
Хэдийгээр би Домэйд төрсөн ч Далай лам нарын сэнтий оршсон Лхас руу нүүж байв. Багш нарынхаа сайхан сэтгэлийн ачаар би логикоос эхлээд Билиг барамид, Төв үзэл (Мадхямака), Авидарма, Шагшаабадын суртхаал (Винай) хүртэлх буддын шашны сургалтын үндсэн хөтөлбөрийг судалж билээ. Авидармад орчлон ертөнцийг хэрхэн дүрсэлдгийг төдийлөн сонирхдоггүй боловч бусад сэдвийг судлах нь надад их тус болсон юм.
Хэрэв та Билиг барамид, Төв үзэл, логик, танин мэдэхүйн онолын талаар тодорхой ойлголттой бол өөрийгөө Бурхан багшийн сургаалын талаар жинхэнэ мэдлэгтэй болсон гэж үзэж болно. Хэрэв та энэ сэдвүүдийг мэддэггүй бол Авидармыг цээжээр уншдаг байлаа ч таны ойлголт өргөн хүрээг хамарч эс чадна.
Мөн тарнийн ёсон буй. Манай уламжлалд тарнийн ёсны дөрвөн үндэс багтдаг нь Бурхан багшийн сургаалын бүрэн дамжлагыг тээж яваа гэсэн үг. Энэ бүх сургаалын мөн чанар нь бид өөрсдийн оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаар суралцах, тогтворгүй сэтгэлээ сахилга баттай болгохын тулд сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн даван туулах талаар суралцах явдал юм. Ийм төрлийн судалгаа, бясалгалаар дамжуулан бид хамаг амьтны тусын тулд Бурхан болохын төлөө хичээдэг билээ.
Бусад уламжлалд ийм өргөн хүрээний судалгаа, бясалгал байдаггүй. Бидэнд байгаа буддын шашны ийм гүн гүнзгий мэдлэг өөр хаана ч үгүй. Бид голчлон төв үзэл болоод логикт анхаарлаа хандуулдаг бөгөөд өнгөрсөн үеийн эрдэмтэн, мэргэдийн ачаар тогтсон таван сэдвийг судалдаг. Энэ бол гайхалтай сайхан уламжлал. Би буддын шашны сонгодог зохиолуудыг уншиж судалсан бөгөөд бидний соёлын уламжлал үүнээс бүрддэг билээ”.
“Төвөдтэй хил залгаа Ладак нутагт бидний нийтлэг үнэт зүйл болох буддын уламжлалыг машид сонирхдог. Үүнд би тун их баяртай байдаг билээ. Буддын уламжлалаа хадгалахыг хичээж буй та бүхний хүчин чармайлтад хувь нэмэр оруулахын тулд энд ирж сургаал ном айлдсандаа машид баяртай байна. Баярлалаа”.
Ладакийн буддын холбооны ерөнхийлөгч талархлын үг хэллээ. Тэрбээр Дээрхийн гэгээн болон энэхүү газрыг бэлтгэж, арга хэмжээг амжилттай зохион байгуулахад оролцсон Спитукийн бүх хүнд талархал илэрхийлжээ. Спитук тосгоны иргэд баярын арга хэмжээг төгсгөж уламжлалт шөдөл бүжгийг бүжив. Дээрхийн гэгээн үдийн зоогийн дараа Шивацал Повран руу буцсан билээ.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл