Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчин Чойлин – Дээрхийн гэгээн XIV Далай лам өнөө өглөө Австралийн парламентын сонгуульд нам нь ялж, Ерөнхий сайдаар дахин сонгогдсон Энтони Албанезид баяр хүргэж захидал илгээв.
Захидалдаа: "Өнгөрсөн хугацаанд танай сайхан оронд хэд хэдэн удаа айлчлах завшаан надад тохиосон нь нэр төрийн хэрэг байлаа. Австрали ахан дүүс та бүхэн бидэнтэй дотно нөхөрлөж, энэрэнгүй сайхан сэтгэлээр хандаж, хүн төрөлхтний нийтлэг мөн чанар, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөөх өчүүхэн зүтгэлийг маань ямагт сайшаан дэмжиж ирсэн нь бидэнд их урам өгсөн билээ. Энэ завшаанд Австралийн Засгийн газар, ард түмэнд Төвөдийн ард түмний эрх, эрх чөлөөг анхааран дэмждэгт нь талархаж явдгаа хэлье.
Австралийн зон олны итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэх үйлсэд тань их амжилт хүсье" хэмээн тэмдэглэжээ.
Дээрхийн гэгээн захидлаа залбирал, ерөөлөөр өндөрлөжээ.