Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчэн Чойлин - Андра Прадеш мужид орсон үргэлжилсэн, хүчтэй аадар борооны улмаас олон хүн амь нас эрсдэж, эд хөрөнгө сүйдэн хүнд хэцүү байдалд байгаа мэдээг сонсоод Дээрхийн гэгээн Далай лам Тэргүүн сайд И.С.Жаган Мохан Реддид захидал илгээж, үерт өртөгсөд, хайртай хүмүүсээ алдсан гэр бүлүүдэд эмгэнэл илэрхийлэв.
Тэрбээр захидалдаа: "Би тэдний төлөө залбирч байна. Засгийн газар, Үндэсний гамшгаас хамгаалах баг болон бусад байгууллагууд авран хамгаалах, туслах ажилд чинхүү идэвхтэй оролцож, гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахын төлөө чадах бүхнээ хийж байгаад би маш их талархаж байна.
Андра Прадеш мужийн зон олонтой эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн аврах ажилд зориулж Далай лам сан (ДЛТ)-аас хандив өргөж байна" гэжээ.
Өнгөрсөн жилүүдэд Дээрхийн гэгээн Далай лам хэд хэдэн удаа Андра Прадеш мужид айлчилж байсан бөгөөд 2006 онд Амараватид өргөн олонд буддын шашны ном айлдах завшаан тохиосныг мөн дурджээ.
Тэр үеэр мужийн Засгийн газар мянга мянган сүсэгтнийг уг арга хэмжээнд оролцох, Гунтур дүүргийн Нагаржунаконда зэрэг ариун дагшин газраар мөргөл хийх нөхцөл бүрдүүлж өгсөнд үргэлж талархаж явдгаа илэрхийлэв.
Дээрхийн гэгээн захидлаа залбирал, ерөөлөөр өндөрлөв.
Орчуулсан Б.Баярмаа