Бодгаяа, Бихар, Энэтхэг - Энэ өглөө 7 цаг дөхөж байхуйд Дээрхийн гэгээнтэн Далай лам Бодьгаяа дахь номын айлдварын талбайд ирэхэд гудамж талбай ердийнхөөсөө нам гүм, хүмүүс дөнгөж цуглаж эхэлж байв. Тэрбээр түрүүлж ирсэн сүсэгтнүүдэд мэндчилж, мандлын танхимын өмнө суун, Арван гурван нөхөрт Важрабайравагийн эрх авшиг хүртээх бэлтгэлээ эхлүүллээ. Намжал хийдийн хоёр лам түүнтэй хамт тусгай залбирал уншиж суув.
Дээрхийн гэгээн Далай лам Арван гурван нөхөрт Важрабайрава бурхны эрх авшиг хүртээл зэхэл үйл хийж буй нь. Бодьгаяа, Бихар, Энэтхэг. 2018.01.19. Гэрэл зургийг: Мануэл Бауэр
Цаг хагасын дараа тэрбээр сүсэгтнүүдэд хандан, хөнгөн ханиад хүрсэн бололтой хэмээн мэдэгдлээ.
“Дармасалагаас гараад, сар хагас болж байна. Энэ хооронд Мумбай, Дрепүнг, Гандэн, Сэра хийдээр явж, олон нийтэд айлдвар хүртээлээ. Аялал минь намайг багахан ядрааж, хөнгөн ханиад хүрчээ. Би маргааш амрах тул Важрабайравагийн авшгийг нөгөөдөр хүртээнэ. Харин Дэмчиг бурхны эрх авшгийг хойшлуулъя.
Хүн төрөлхтний энэ амьдрал бол чөлөөллийн замыг идэвхжүүлэх хамгийн таатай боломж юм. Бие махбод үхлээс сүрдэж, сэтгэлийн хувьд мунхаглалд автдаг. Ямантак нь эдгээр нөхцөлийн эсрэг хүч юм. Нагаржуна хэлэхдээ “Уур хилэн, шунахай сэтгэл, мунхаглал зэрэг гурван хор нь бодит байдлыг буруугаар төсөөлснөөс үүдэлтэй. Юмс бидэнд хараат бус өөрөө бие даан оршиж буй мэт харагддаг учир бид түүндээ зууралдаад байдаг. Харин Бурхан багш л шүтэн барилдлагын үнэнийг айлджээ. Үүний үндсэнд бид амьтай бүхэнд энэрэл, гэгээрэлд хөтлөх мэргэн ухааныг хөгжүүлдэг. Энэ бол бодьсадва нисэн нөгөө эрэгт хүрэх хоёр далавч юм” хэмээжээ”.
Арван гурван нөхөрт Важрабайрава бурхны авшгийн үеэр олон нийтэд хандан үг айлдаж буй нь. Бодьгаяа, Бихар, Энэтхэг. 2018.01.19. Гэрэл зургийг: Мануэл Бауэр
Далай лам тайлбарлахдаа “Бурхан багш ном сургаалаа олны өмнө ил тод айлдсан бол тарнийн номоо нууц хэлбэрээр дамжуулсан байдаг. Энэ нь бусдаас нуусан хэрэг биш, харин нарийн хий, суваг, дусалтай холбоотой зан үйл үйлддэг тул бэлтгэлгүй хүн өөрөө бие даан идэвхжүүлэх нь тун аюултай байж болзошгүй учраас тэр юм”.
Олон жилийн өмнө Энэтхэгийн нэрт эрдэмтэн, профессор Л.М.Жоши Дээрхийн гэгээнд “Буддизм Энэтхэгт доройтоход нөлөөлсөн нэг шалтгаан нь хуврагууд хөрөнгө чинээтэй болж, олон нийт үүнийг таашаалгүй итгэл алдарсан явдал байв” хэмээж байжээ. Хоёр дахь шалтгаан нь тарнийн ёсыг буруу хэрэглэж байсантай холбоотой юм. Тарнийн үйлд хамтрагч юм авах нь винайн ёсонд үл нийцдэг хэмээн цохон тэмдэглэв. Хаад ноёд, орон нутгийн захирагчид яваандаа буддын шашнаас өөр бусад уламжлалыг илүү дэмжих болсон тухай Дээрхийн гэгээн дурдаж, тарнийн үйлийг нууцаар хийхэд маш болгоомжтой байх шаардлагатайг санууллаа. Үүний дараа эрх авшиг олгох үйлээ эхлүүлж, эрч хүчтэй, итгэл дүүрэн ёсчлон хүртээлээ.
Англи хэлнээс орчуулсан Т.Ялгуун