Тэгчин Чойлин, Дарамсала, Энэтхэг - Дээрхийн гэгээн Далай лам Балба улсын Ерөнхий сайдаар томилогдсон Сушила Каркид баяр хүргэж, захидал илгээжээ.
Тэрээр захидалдаа, "Балба, Төвөдийн ард түмэн түүхэндээ найрсаг дотно харилцаатай байсан билээ. 1959 оноос хойш, Төвөдөөс дүрвэн гарсан нутаг нэгтнүүдийг минь хүлээн авч, суурьшин амьдрах боломж олгосоор ирсэн Балбын Засгийн газар болон ард түмэнд гүнээ талархаж явдаг. Төвөд үндэстнүүд цөөхүүлээ хэдий ч танай улсын эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулсан гэдэгт найдаж байна" гэжээ.
Мөн Далай лам тус улсын хөгжил дэвшлийг өндрөөр үнэлэн, "Өнгөрсөн жилүүдэд танай орны нийгмийн бүх салбар ихээхэн хөгжин цэцэглэлээ. Энэ бүх амжилт нь ядарч зүдэрсэн, тусламж хэрэгтэй хүмүүсийн амьдралыг сайжруулж чадсан үедээ л жинхэнэ утгаараа үнэ цэнтэй болдог" хэмээн онцолсон байна.
Захидлынхаа төгсгөлд Дээрхийн гэгээн, "Энэ хүнд цаг үед ард түмнийхээ итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэх үүрэг хүлээж байгаа Танд амжилт хүсэн, залбирал ерөөлөө зориулъя." гэжээ.