Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин - Ойрын өдрүүдэд Энэтхэгийн хойд нутгаар үргэлжлэн орсон ширүүн бороо зогсож, нар мандсан энэ өглөө Солонгос болон Зүүн Өмнөд Азийн 10 орноос ирсэн мянга гаруй хүн Төвөдийн гол дуганд цугларан, Дээрхийн гэгээн Далай ламд зориулан бат оршил өргөж, урлагийн үзүүлбэрүүдийг толилууллаа.
Хашааг өнгө алагласан даавуу, хумсан цэцгийн хэлхээ, олон цахирмаагаар чимж, хивс дэвсжээ. Дээрхийн гэгээнийг өргөөнийхөө үүдэнд гарч ирэхэд арга хэмжээг зохион байгуулагчдын төлөөлөл угтан авлаа. Дуганы тагтан дээр байрлах сэнтий хүрэх замын хоёр талаар арслангийн хувцас өмссөн бүжигчид, уран бүтээлчид эгнэн зогсжээ. Дээрхийн гэгээн баруун, зүүн талаар нь багшралдан зогссон хүмүүсийн зүг баяртайгаар инээмсэглэн, гар даллан мэндчилж байлаа. Тэрбээр мөн эгнээний эхэнд сууж байсан пали уламжлалын лам нартай мэндлэхээр түр зогсов.
Сингапур дахь Төвөдийн Буддын төвийн ерөнхийлөгч Винни Ани Дээрхийн гэгээн болон хийдийн хуврагын чуулганы төлөөлөгчид, бусад зочдод хүндэтгэл үзүүлээд, өнөөдрийн цугласан олон Дээрхийн гэгээнийг эрүүл энх, урт удаан насалж, номын хүрдийг эргүүлсээр байхын тухайд бат оршил өргөж байгааг мэдэгдлээ. Тэрбээр мөн энэ дэлхийд өгсөн сайн сайхан бүхнийг нь үнэлж, “Нигүүлслийн жил”-ийг илэрхийлэх одонг Дээрхийн гэгээнд өргөн барьжээ.
Арга хэмжээний зохион байгуулагчдын нэг болох Тайландын Чианг Рай хотын Рай Чэрнтаван Олон улсын бясалгалын төвийн хамба лам Прамедиважродом В.Важирамеди тэргүүт бага хөлгөний 30 орчим хувраг Дээрхийн гэгээний урт нас, дэлхийн энх тайвны төлөөх залбирлыг пали хэлээр унших үеэр зохион байгуулагчдын төлөөлөгч 14 хүн мандал, Бурхан багшийн лагшин, зарлиг, тааллын бэлгэдлийг өргөлөө.
Вьетнамын буддын шашны нийгэмлэгийн гүйцэтгэх зөвлөлийн дэд дарга бөгөөд Вьетнамын Төв Хорооны орлогч дарга эрхэмсэг Тич Нхат Ту ёслолын нийт оролцогчдын нэрийн өмнөөс хамтарсан мэдэгдлийг уншлаа. Түүнд Дээрхийн гэгээнийг энх тайван, бүх нийтийн хариуцлага, хувийн сахилга бат мөн шашин, нийгмийн эв зохицлын үзэл санааны төгөлдөршлийн биелэл болсон, буддын шашны дэлхийн хамгийн алдартай, нэр хүндтэй удирдагч болохыг тунхагласнаас гадна Нобелийн энх тайвны шагнал, АНУ-ын Конгрессын Алтан медаль, Темплтоны шагнал зэрэг хүртсэн шагналуудыг нь дурдсан байна.
Хамтарсан мэдэгдэлд Дээрхийн гэгээнийг буддын шашны уламжлалыг бэхжүүлэхийн зэрэгцээ шашин хоорондын яриа хэлэлцээг дэмжихэд бүх амьдралаа зориулсныг дурдав. “Хүчирхийллээс ангид байх, байгаль орчныг хамгаалах, төвөдийн өв соёлыг хадгалж үлдэхэд чиглэсэн гуйвшгүй итгэл үнэмшил нь үе үеийн хүмүүст урам зориг өгсөөр ирсэн билээ”.
Тиймээс түүний ерэн насны ойг тэмдэглэхээр Дарамсалад цугласан Азийн буддын удирдагчид, сүсэгтнүүдийн чуулган Дээрхийн гэгээн Далай ламыг "Нийт буддын ертөнцийн оройн дээд тэргүүн" хэмээн санал нэгтэйгээр тунхагласан аж. Мөн түүний эрхэм зорилго, үлгэрлэн үзүүлдэг хязгааргүй нигүүлслийг биелүүлж, эв эетэй, амар амгалан дэлхий ертөнцийг цогцлоохын төлөө үнэнчээр хүчин зүтгэхээ батлан өгүүлжээ.
Үүний дараа зохион байгуулагчдын 7 төлөөлөгч, хуврагийн чуулганы тэргүүлэгчид, буддын шашны бусад удирдагчдаас бүрдэх 7 хүн Дээрхийн гэгээнд төрөл бүрийн бэлэг сэлт тэргүүтэн өргөн барив. Мандал өргөх үеэр англиар ерөөл уншсаны эхэнд Жанрайсиг бурхныг урин дуудах дараах шад байлаа.
Цаст уулсаар хүрээлэгдсэн дагшин газарт
Тус хийгээд амгалан бүхэн гарахуйн орон болсон
Жанрайсиг бурхны эрхт Данзанжамц таны
Өлмийн лянхуа орчлонгийн эцэс хүртэл бат орших болтугай.
"Бурхан багшийн эрхэм зарлиг бүхэн, буддын уламжлал бүгдийн судар, тарнийн сургаал өнөд удаан орших болтугай. Бидний эрхэм удирдагч Дээрхийн гэгээн их Далай ламын агуу энэрэнгүй үйлс, тууштай амьдарч ирсэн ёсоор энэ дэлхий дээрх оюун санааны болон иргэний дээд сайн чанар бүхэн тоолшгүй зуу зуун галавт цэцэглэн хөгжих болтугай" хэмээн залбирал өндөрлөв.
Өнөөдрийн үйл ажиллагааг Сингапур дахь Төвөдийн буддын төв, Өмнөд Солонгосын Лавсум Шаддүвлин, Малайз дахь Пэрсатуан Ламрим Буддаксетра бясалгалын төв, Малайзын Их Хөлгөний буддын зөвлөл, Тайланд дахь Рай Чэрнтаван олон улсын бясалгалын төв, Индонезийн Гаадам Чойлин, Индонезийн Бантен мужийн Тангеран хот дахь Шривижаяа Мужийн буддын коллеж хамтран зохион байгуулжээ.
Энэ хооронд үндсэн 14 өглөгийн эзнээс бүрдсэн хоёр дахь бүлэг мандал өргөж, 150 орчим сүсэгтэн Дээрхийн гэгээнд бэлгээ өргөн барьжээ.
Арга хэмжээний хөтлөгч Дээрхийн гэгээнийг цугласан олонд айлдвараа айлдахыг зохион байгуулагчдын өмнөөс хүссэнд тэрбээр хүсэлтийг хүлээн авч ийн айлдав.
“Өглөөний мэнд. Би өөрийн амьдралд тохиолдсон зарим зүйлийг та бүхэнтэй хуваалцмаар байна. Би Төвөдийн зүүн хойд хэсэгт орших Амдод төрсөн. Хүүхэд байхдаа Төвөдийн төв нутаг дахь Лхас руу нүүж, өнгөний тодорхойлолтоос авхуулаад бусад сэдвийг авч үздэг “Хураангуй хүрээ” (дүйра) хэмээх логикийн анхан шатны сурах бичгээс буддын шашны сургалтаа эхэлж байлаа. Цааш нь би логик, танин мэдэхүйн онол, Төв үзлийн гүн ухаан, Винай буюу сүм хийдийн явдал мөрийн ёс цаазаас гадна хэдийгээр энэ уламжлалд орчлон ертөнцийн зүй тогтлыг хэрхэн тайлбарлаж буйг нь төдийлөн сонирхдоггүй байсан ч Авидармаг, түүнчлэн Билиг барамид буюу пражнапарамитаг судалсан билээ. Буддын гүн ухааны сургалтын хүрээнд сэтгэл судлал, оюун ухааны танин мэдэхүйн тал, оюун ухаан объекттой хэрхэн харьцдаг талаар судалж байлаа.
Би асар их урам зоригтойгоор суралцаж, сурах үйл хэрэгтээ тус дэм болгохын тулд оюун ухаан, билиг билгүүний бурхан Манзуширт залбирдаг байв. Төрөл бүрийн сонгодог судруудыг судлахад багш нар, мэтгэлцээний туслахууд минь надад маш их тусалдаг байлаа. Сурахын зэрэгцээгээр би гэгээрэх эрмэлзэл болох бодь сэтгэлийн бясалгалыг амьдралынхаа нэг хэсэг болгон дадуулж билээ”.
“Сургалтаа дүүргээд төв Төвөдийн гурван томоохон хийд болох Сэра, Брайвун, Гандан хэмээх гурван том хийдэд очиж, шалгалт өгөн, алдар цуутай олон эрдэмтэнтэй мэтгэлцсэний дараа Лхас дахь Жохан хийдэд дамжаа барих сүүлийн шалгалтаа өгсөн юм.
Амдогийн алслагдсан бөглүү тосгоноос ирсэн миний хувьд сургалтын хөтөлбөрөө бүрэн дүүргэж, төгсөлтийн шалгалтад орох боломж олдсон нь тун азтай хэрэг хэмээн санаж байв. Энэ хугацаанд мэтгэлцээний туслахууд минь надад маш их тус болж байлаа. Тэдний нэг нь тийм ч сэргэлэн биш болохоор түүнтэй мэтгэлцэхдээ би илүү давуу талтай байдаг байв.
Ямартай ч надад буддын шашны сургалтаа бүрэн дүүргэж, гэвшийн зэрэг авах боломж олдсон нь маш чухал хэрэг гэж боддог юм. Үүнээс гадна би шагшаабад, самади, билгүүн хэмээх дээд гурван суртхаалыг дадуулах тал дээр хичээж ажилласан билээ.
Төгсөлтийн шалгалтаа өгсний дараахан тухайн үед дэгдэж байсан үймээн самууны улмаас би Төвөд нутгаас дүрвэн гарах шаардлагатай болж билээ. Зуны ордон Норбулинкагаас хөдлөхийн өмнө би зургаан мутарт Махгал бурхны дүр бүхий дуганд очиж, өмнө нь залбирлаа. Ингээд нууцаар Норбулинка ордноос гарч, эх орноо орхин одох аяллаа эхлүүлсэн юм. Гэхдээ эрх чөлөөт Энэтхэг орныг зорьж байсан тул гуниглахын хажуугаар өөртөө итгэлтэй байлаа.
1959 онд Энэтхэгт хүрч ирэхэд Жавахарлал Неругаар удирдуулсан Энэтхэгийн Засгийн Газар намайг машид найрсаг хүлээн авч, надад болон миний араас ирсэн хүмүүст сайхан сэтгэлээр хандсан билээ. Тэрбээр бидэнд асар их туслалцаа үзүүлсэн юм”.
“Дүрвэж ирснээс хойш сурч мэдсэн мэдлэг туршлагаа дэлхий ертөнцтэй хуваалцах гайхалтай боломж миний өмнө нээгдсэн юм. Оюун ухаан, сэтгэл хөдлөл, материйн талаар ч судлав. Судар бичгүүдэд оюун ухаан, материйн төлөв байдлын янз бүрийн нарийн шинж чанаруудын талаар тайлбарласан байдаг билээ.
Ямартай ч амьдралынхаа туршид дадуулж ирсэн гол зүйлс минь бодь сэтгэл, бусдын тусын тулд гэгээрэх хүсэл тэмүүлэл, хоосон чанарын үзэл юм.
Өнөөдөр та бүхэн намайг энд урт наслах болтугай хэмээн залбирахаар цугларчээ. Ийнхүү залбирахаар ирсэн та бүхэнд бүгдэд, ялангуяа лам хуврагуудад талархал илэрхийлье. Бид зугаацахын тулд бус харин оюун санааны учир шалтгаанаар цугларсан билээ. Урьд хэлсэнчлэн би өдөр бүр бодь сэтгэл, хоосон чанарын үзлийг төлөвшүүлэхийг чухалчилдаг. Мөн буддын шашны хуврагийн сахил санваарыг дагаж мөрддөг. Үүн дээр нэмээд би олон жил судалсан билиг барамид, төв үзлийн гүн ухааныг эргэцүүлэн боддог.
1954 онд Хятадад очиж, Мао Зэдун даргатай уулзсан юм. Нэгэнтээ тэр надад шашин бол хор гэж хэлэхэд нь би түүний мунхаг байдлыг өрөвдөж билээ. Дүрвэн гарч, эрх чөлөөт оронд ирсэн цагаасаа хойш би буддын шашны талаар суралцах хүсэлтэй, тухайлан өөрсдийн оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаар илүү ихийг мэдэхийг сонирхож буй хүн бүхэнтэй номын талаарх мэдлэг туршлага, практикаа хуваалцаж ирлээ. Төвөдийн уламжлалын талаар сурч мэдэх хүсэлтэй хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байна. Би тэдэнд үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийсэн гэж боддог.
Түрүүнд хэлсэнчлэн та бүхэн энд оюун санааны шалтгаанаар мөн миний ерэн насны ойг тэмдэглэхээр цуглаад байна. Намайг урт наслаасай хэмээн ерөөл залбирал, өргөл өргөж, бусдын тусыг бүтээхийн тулд номыг хэрэгжүүлж буй та бүхэнд, ялангуяа лам хуврагуудад машид талархлаа. Би ч мөн номоор дамжуулан бусдын тусын тулд үйлчлэхээр шийдсэн. Далай ламын хувиар бусдын дотор сэтгэлийн эерэг төлөвийг бий болгох боломж олдсонд би өөрийгөө азтайд тооцдог билээ.
Ерөөл залбирал үйлдэж, ерэн насны ойг минь тэмдэглэсэн та бүхэнд баярлалаа”.
Үүний дараа Тайланд, Вьетнам, Индонез, Лаос, Мьянмар, Камбож, Малайз, Сингапур тэргүүт Зүүн Өмнөд Азийн 8 орны төлөөлөгчид урлагийн гайхалтай үзүүлбэр толилууллаа. Тайландын тогосны бүжиг, Вьетнамын ая дан хоршуулсан бат оршлын залбирал, энх амгалан, эв зохицлыг бэлгэдсэн Индонез бүжиг тэргүүт багтжээ. Хоёр лаос бүсгүй хайрын цэцгийг дүрсэлсэн бүжгийн үзүүлбэр үзүүлэв. Мьянмарын бүжигчид саунг буюу эртний хөгжмийн зэмсэг болох махир ятгын аялгуунд бүжиглэлээ. Камбожоос ирсэн гурван эмэгтэй алтан титэм, гоёл чимэглэл зүүж, гартаа мөн алтан цэцэгс барин бүжжээ.
Малайзын бүжигчид хурдан, эрч хүчтэйгээр эргэлдэн хуйлран бүжиглэх нь эв нэгдэл, үл ялгаварлалыг илэрхийлнэ. Төгсгөлд нь Сингапураас ирсэн бүжигчид домгийн арслангийн дүрд хувиран, бөмбөрийн цовоо цолгиун хэмнэлд цог хийморьтойгоор үзүүлбэрээ үзүүллээ. Арслангийн хувцас тус бүрд хоёр бүжигчин гайхалтай зохицон бүжиглэх аж. Үзүүлбэрийн үеэр арслангуудын нэг нь Дээрхийн гэгээний өлмий батжих ерөөлийг бичсэн хуйлаастай цаасыг дэлгэж, түүнд өргөн барилаа.
Гайхалтай чадамгай, сонирхолтой үзүүлбэрүүд үзэгчдийг хөгжөөхүйд халуун дотно алга ташилтаар хариу барив.
Сингапураас ирсэн төлөөлөгч санхүүгийн товч тайланг танилцуулж, хэдий хэмжээний мөнгө цугласан, хэдийг зарцуулсныг дурдаад, үлдсэнийг нь Далай ламын санд шилжүүлэхийг мэдэгдлээ. Зохион байгуулагчдад талархал илэрхийлж, зориулга ерөөл уншив.
"Энэхүү өргөлийн буянаар Дээрхийн гэгээн Далай лам урт удаан насалж, дэлхий дахинд жинхэнэ энх тайван тогтох болтугай”.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл