АНУ, Вашингтон хот. 2007 оны 10 дугаар сарын 21. Харгис хүч хүний эрх чөлөөг хүсэх төрөлхийн тэмүүллийг хэзээ ч дарж чадахгүй. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Зүүн Европын хотуудад жагссан олон мянган хүн, миний эх орон төвөдийн ард түмний няцашгүй шийдэмгий байдал, мөн Бирмд саяхан болсон жагсаал цуглаан энэ үнэнийг хүчтэй сануулж байна.
Эрх чөлөө бол бүтээлч байдал, хүн төрөлхтний хөгжлийн эх үндэс юм. Коммунист тогтолцоонуудын үзэж байсанчлан хүмүүсийг хоол хүнс, орон байр, хувцас хунараар хангах нь хангалтгүй. Хэрэв бидэнд эдгээр зүйлс байгаа ч бидний мөн чанарыг тэтгэх эрх чөлөөний үнэт агаар дутагдаж байвал бид зөвхөн хагас хүн хэвээр үлдэнэ.
Өнгөрсөн хугацаанд дарлагдсан ард түмнүүд эрх чөлөөний төлөөх тэмцэлдээ хүчирхийлэлд хандах нь олонтоо байв. Гэвч Махатма Ганди, Мартин Лютер Кинг Жуниор зэрэг алсын хараатай зүтгэлтнүүд амжилттай өөрчлөлтийг хүчирхийлэлгүйгээр авчирч болдгийг харуулсан билээ. Хүн төрөлхтний мөн чанарын түвшинд авч үзвэл бидний ихэнх нь энх тайван байхыг хүсдэг гэдэгт би бээр итгэдэг. Сэтгэлийнхээ гүнд бид бүтээлч, үр өгөөжтэй хөгжил дэвшлийг хүсдэг бөгөөд сүйрэл, устгалыг таашаадаггүй.
Өнөөдөр олон хүн нийгэм дэх хүчирхийллийг бууруулах хэрэгтэй гэдэгтэй санал нийлдэг. Хэрэв бид энэ асуудалд үнэхээр нухацтай хандаж байгаа бол хүчирхийллийн үндэс шалтгаантай, ялангуяа бидний хүн нэг бүрийн дотор оршдог шалтгаантай тэмцэх хэрэгтэй.
Бид ах эгч, дүү нартаа хандахдаа төрдөг сэжиглэл, үзэн ядалт, дайсагнал зэрэг сэтгэл хөдлөлөө бууруулж, дотоод зэвсгээ хураах хэрэгтэй. Түүнчлэн өнөөгийн харилцан гүнзгий хамааралтай дэлхий ертөнцөд хүчирхийлэл хэрэглэх тухай асуудалд хэрхэн хандаж буйгаа дахин эргэцүүлэн бодох шаардлагатай. Заримдаа хүч хэрэглэх замаар асуудлыг хурдан шийдэж болно гэж санагдаж болох ч ийм “амжилт” нь ихэвчлэн бусдын эрх, сайн сайхан байдлын золиос болдог. Нэг асуудал шийдэгдсэн байж болох ч өөр нэг асуудлын үрийг тарьж, улмаар хүчирхийлэл болон хариу хүчирхийллийн мөчлөгийн шинэ хуудсыг нээдэг.
Чехословакийн “Хилэн хувьсгал”-аас эхлээд Филиппинд өрнөсөн ардчиллын төлөөх ард түмний хөдөлгөөн хүртэл хүчирхийлэлгүй арга зам улс төрийн эерэг өөрчлөлтөд хэрхэн хүргэж болохыг дэлхий нийт харсан. Гэвч хүчирхийлэлгүй байх зарчмыг бодитоор хэрэгжүүлэх үйл явц одоогоор туршилтын шатандаа байна. Хэрэв энэхүү туршилт амжилттай болбол илүү энх тайван дэлхий ертөнцийг цогцлоох замыг нээж чадна.
Хүмүүсийн хоорондын зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхдээ бид илүү бодитой хандлагыг баримтлах хэрэгтэй. Энэ нь “бид” болоод “тэд” гэсэн хуучин ойлголтууд нэгэнт зохимжгүй болсон, харилцан гүнзгий хамаарал бүхий шинэ бодит байдалтай нийцсэн хандлага байх ёстой. Өөрийн тал бүрэн ялж, дайснаа бүрэн ялах тухай ойлголт цаашид хэрэгжих боломжгүй. Ирак дахь дайн болон Дарфурын хямрал бидэнд гашуунаар сануулж буйчлан, хүчирхийллийн мөргөлдөөнд гэм зэмгүй хүмүүс ихэвчлэн хамгийн түрүүнд хохирогч болдог.
Өнөөдөр хүмүүсийн хоорондын зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх цорын ганц боломжит арга нь харилцан буулт хийх сэтгэлгээнд суурилсан яриа хэлэлцээ, эвлэрэл юм. Өнөөдөр бидний тулгарч буй олон асуудлыг бид өөрсдөө бий болгосон. Хүний гараар бий болсон эдгээр асуудлын үндсэн шалтгаануудын нэг нь хүн төрөлхтөн үймэрсэн сэтгэл, зүрхээ хянах чадваргүй байгаад оршдог гэж би үздэг. Энэ бол дэлхийн агуу шашнуудын сургаал бидэнд ихээхэн зүйл өгч чадах салбар юм.
Нэгэн удаа Чилийн эрдэмтэн надад эрдэмтэн хүн өөрийн судалгааны тодорхой салбарт хэт баригдах нь зохимжгүй гэж хэлсэн юм. Учир нь ингэснээр түүний бодитой, төвийг сахисан байдлыг алдагдуулна.
Би буддын шашныг шүтэн дагагч хүн. Гэвч хэрэв би бээр буддын шашинд үнэнч байх сэтгэлээ түүнд хэт баригдахтай хольж хутгавал миний оюун санаа Буддын шашныг талд баримтлах болно. Нэг талыг барьсан сэтгэл аливаа зүйлийг бүхэлд нь харж чаддаггүй бөгөөд ийм сэтгэлээс үүдсэн аливаа үйлдэл бодит байдалтай нийцэхгүй. Хэрэв шашин шүтлэгтнүүд энэ эрдэмтний зөвлөгөөг анхаарч, өөрсдийн шашны уламжлалд хэт баригдахаас зайлсхийж чадвал энэ нь фундаментализм буюу хэт туйлшралын өсөлтөөс сэргийлж чадна. Мөн өөрийнхөөсөө өөр шашны уламжлалыг чин сэтгэлээсээ хүндэтгэх боломжийг тэдэнд олгоно.
Хүн өөрийн хувийн итгэл үнэмшлийн түвшинд “нэг үнэн, нэг шашин” гэсэн зарчмыг баримталж болох ч үүний зэрэгцээ өргөн хүрээний нийгмийн түвшинд “олон үнэн, олон шашин” гэсэн зарчмыг хүлээн зөвшөөрөх ёстой. Би энэ хоёрын хооронд ямар ч зөрчил байхгүй гэж үздэг. Шашин бол эрүүл зөв ёс суртахуунтай амьдрахад эсвэл жинхэнэ аз жаргалд хүрэхэд зайлшгүй шаардлагатай гэж би хэлэх гэсэнгүй. Эцсийн дүндээ хүн итгэгч эсвэл үл итгэгч байхаас үл хамааран сайн, сайхан сэтгэлтэй, энэрэнгүй хүн байх нь л чухал.
Бусадтай гүн гүнзгий харилцан хамааралтай гэдгээ ухамсарласны үндсэн дээр бусдыг чин сэтгэлээсээ халамжлах нь дэлхийн бүх агуу шашны сургаалын мөн чанар юм. Би аялж явахдаа хүний төрөлх сайн сайхан чанаруудыг төлөвшүүлэхийг үргэлж хамгийн чухал зорилгоо болгодог. Үүнд хайр энэрлийн үнэ цэнийг ойлгож, эрхэмлэх хэрэгцээ, энэрэн нигүүлсэх төрөлхийн чадвар, бусдыг чин сэтгэлээсээ ойлгож, хуваалцах хэрэгцээ багтана. Хүний царай төрх шинэ, хувцаслалт, зан авир нь өөр байлаа ч бид болон бусад хүмүүсийн хооронд үнэндээ ямар нэгэн чухал ялгаа байхгүй.
Би сансраас авсан дэлхийн зургийг анх харахдаа манай гараг ямар жижигхэн, эмзэг болохыг мөн бидний хоорондын маргаан мэтгэлцээн ямар өчүүхэн болохыг маш хүчтэй ухаарсан юм.ъ Бидний хооронд ялгаа бий мэт санагдах үед дэлхийн янз бүрийн шашин, үзэл суртал, улс төрийн тогтолцоо нь хүмүүсийг устгахын тулд бус, харин хүмүүст үйлчлэхийн тулд бий болсон гэдгийг бид мартдаг.
1970-аад оны сүүлчээр хуучин ЗХУ-д аялж байхдаа би хүмүүсийн дунд өргөн тархсан айдас, хардлагатай нүүр тулсан. Энгийн хүмүүс хүртэл Өрнөдийнхөн тэднийг маш их үзэн яддаг тул эх орон руу нь довтлоход бэлэн байна гэж айж байлаа. Мэдээж энэ нь тэдний дотоод айдас, хардлагаа бусдад тусгаж буй хэрэг гэдгийг би ойлгож байсан. Өнөөдөр хүн төрөлхтөн нэгэн бүхэл гэдгийг ухамсарлах энэхүү үндсэн ойлголтыг дэлхий ертөнц болон түүний өмнө тулгарч буй сорилтуудыг харах үзэл хандлагынхаа суурь болгох нь урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна.
Дэлхийн дулаарлын аюултай хурдац, баян ядуугийн ялгаа улам нэмэгдэж буй байдал, дэлхий дахины терроризмын өсөлт, бүс нутгийн мөргөлдөөн гээд бидэнд хандлага, ухамсартаа үндсэн өөрчлөлт хийх, өөрөөр хэлбэл илүү өргөн хүрээтэй, цогц байдлаар харах үзэл хэрэгтэй байна. Нийгмийн хувьд бид залуу үеэ хэрхэн сурган хүмүүжүүлэх талаарх үндсэн хандлагаа өөрчлөх шаардлагатай. Хүний сэтгэл зүрхийг төлөвшүүлэх асуудалд орчин үеийн боловсролын тогтолцоонд ямар нэгэн чухал зүйл дутагдаж байна. Хүмүүс энэ чухал асуудлыг судлан эргэцүүлж эхлэхийн хэрээр тархины хөгжил болон сэтгэл зүрхний хөгжлийн хооронд үүссэн өнөөгийн тэнцвэргүй байдлыг засч залруулж чадна гэдэгт би найдаж байна.
Хүн төрөлхтний нийгэмд энэрэнгүй сэтгэлийг илүү өргөн дэлгэрүүлэхийн тулд бид эмэгтэйчүүдийн үүрэгт онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Эх хүн ураг тээх хугацаандаа түүнийг бие дотроо хэдэн сарын турш тээдэг учраас биологийн үүднээс авч үзвэл эмэгтэйчүүд ерөнхийдөө илүү мэдрэмтгий сэтгэл зүрх, бусдыг ойлгон мэдрэх чадвартай байж болох юм. Хайр энэрлийн анхны багш маань өөрийн ээж байсан бөгөөд тэрээр надад асар их хайр халамж үзүүлсэн. Эмэгтэйчүүдийн энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэхэд гүйцэтгэх үүргийн талаар ярихдаа эмэгтэй хүний байр суурь зөвхөн гэр орноор хязгаарлагдах ёстой гэсэн уламжлалт үзлийг ямар нэгэн байдлаар дэмжихийг би хүсээгүй. Биеийн хүч бус, харин боловсрол, оюун ухааны чадавх манлайллыг тодорхойлох болсон энэ эрин үед эмэгтэйчүүд нийгмийн бүхий л салбарт илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх цаг нь болсон гэж би үздэг. Энэ нь илүү эрх тэгш, энэрэнгүй нийгмийг бий болгоход тусалж чадна.
Ерөнхийдөө би ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй байдаг. 1950, 1960-аад он хүртэл хүмүүс дайн бол хүн төрөлхтний зайлшгүй нөхцөл бөгөөд зөрчил мөргөлдөөнийг хүч хэрэглэх замаар шийдвэрлэх ёстой гэж үздэг байлаа. Өнөөдөр зөрчил мөргөлдөөн үргэлжилж, терроризмын аюул заналхийлж байгаа хэдий ч ихэнх хүмүүс дэлхийн энх тайвны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьж, үзэл суртал номлоход өмнөхөөсөө хамаагүй бага анхаарч, харин зэрэгцэн оршихыг илүү их эрхэмлэх болжээ.
Дэлхий ертөнцөд хандах бидний хандлагад гарч буй хурдацтай өөрчлөлтүүд ч итгэл найдварын эх үүсвэр болж байна. Саяхныг хүртэл бид дэлхийн нөөц баялаг хэзээ ч дуусахгүй мэтээр бодож, бодлогогүйгээр хэрэглэсээр ирсэн. Харин одоо хувь хүмүүс төдийгүй засгийн газрууд ч экологийн шинэ дэг журмыг эрэлхийлж байна. Би сар, одод үзэсгэлэнтэй харагддаг ч хэрэв бидний хэн нэгэн тэдгээр дээр амьдрахыг оролдвол аз жаргалгүй байх болно гэж байнга хошигнодог. Бидний энэ цэнхэр гараг бол бидний мэдэх хамгийн таатай амьдрах орчин юм. Түүний амьдрал бол бидний амьдрал, түүний ирээдүй бол бидний ирээдүй. Одоо эх дэлхий бидэнд хамтран ажиллахыг сануулж байна. Хүлэмжийн хийн нөлөө, озоны давхаргын доройтол зэрэг дэлхий нийтийн асуудлын өмнө ганц нэг байгууллага, нэг улс орон дангаараа юу ч хийж чадахгүй.
Эх дэлхий бидэнд нийтээрээ хүлээх хариуцлагын тухай сургамж өгч байна. ХХ зуун цус асгаруулалтын зуун болсон. Харин эхлэл нь эргэлзээтэй байсан ч хорин нэгдүгээр зуун яриа хэлэлцээний зуун болж чадна. Энэ зуунд хүчирхийлэлгүй байдлын үр болох энэрэнгүй сэтгэл цэцэглэн хөгжих боломжтой. Гэвч сайн сайхныг хүсэх нь дангаараа хангалтгүй. Бид зэвсгийн тархалттай холбоотой тулгамдсан асуудлыг нухацтай авч үзэж, гадаад зэвсэг хураалтыг өргөжүүлэхийн төлөө дэлхий нийтээрээ хүчин чармайлт гаргах ёстой.
Хүн төрөлхтний томоохон хөдөлгөөнүүд хувь хүний санаачилгаас эхлэлтэй байдаг. Хэрэв та өөрийгөө ямар нэгэн дорвитой нөлөө үзүүлж чадахгүй гэж бодвол дараагийн хүн ч бас шантарч, улмаар агуу боломж алдагдаж болзошгүй. Нөгөө талаас бид хүн бүр өөрсдийн бусдыг эрхэмлэх, бусдын төлөө гэсэн сэтгэлээ хөгжүүлж, энэрэнгүй сэтгэлээр зөөлрүүлсэн зүрх сэтгэл, оюун ухаанаараа дэлхий ертөнцтэй харилцсанаар бусдад урам зориг өгч чадна.










