Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчэн Чойлин – Дээрхийн гэгээн Бихар мужийн ерөнхий сайд Нитиш Кумарт эвсэл нь ялсанд баяр хүргэж, захидал илгээв.

Тэрбээр захидалдаа, “Тантай олон жил сайхан нөхөрлөж буйдаа, мөн Бихар мужид, ялангуяа Бодгаяад олон удаа зочлох бүрд минь өгөөмөр сэтгэлээр угтан авч байсанд тань гүнээ талархаж явдаг. Түүхт Наландагаас уламжилж ирсэн Энэтхэгийн эртний эрдэм ухааны талаарх мэдлэг, сонирхлыг нэмэгдүүлэх гэсэн хүчин чармайлтыг минь та бүхэн тууштай дэмжиж, урамшуулж байдагт талархлаа илэрхийлье. Энэтхэгийн эртний каруна (энэрэл нигүүлсэл) хэмээх гүн ухааны үзэл хийгээд түүнээс урган гарсан ёс суртахууны зарчим болох ахимса (хүч үл хэрэглэхүй) нь дэлхий дахинд урам зориг өгөхүйц үлгэр жишээ мөн билээ.
Сүүлийн жилүүдэд Бихар мужийн олон салбар хөгжин цэцэглэлээ. Ийм амжилт ололт нь ядуу зүдүү, тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн амьдралыг бодитоор сайжруулж чадсан цагт л илүү утга учиртай болдог.
Бихар мужийн ард түмний итгэл найдварыг биелүүлэх үйл хэрэг тань саадгүй бүтэх болтугай” хэмээжээ.










