Энэтхэг, Дарамсала хот - 2011 оны 1 дүгээр сарын 7 (The Economic Times). Энэ өдөр Төвөдийн шашны удирдагч Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэхдээ, Энэтхэг улс авлигын асуудлаар Хятад, Пакистан зэрэг орнуудтай харьцуулахад илүү давуу байдалтай байгааг онцолж, эндхийн “чөлөөт хэвлэл”-ийг улс төрчид, албан тушаалтнуудын буруу үйлдлийг илчилж, олон нийтэд мэдээлэх үүргээ биелүүлэхийг уриаллаа.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам 18 дахь удаагийн Лал Бахадур шастирын дурсгалын лекц уншиж буй агшин. Энэтхэг, Дели хот. 2011 оны 1 дүгээр сарын 7. Гэрэл зургийг Дэнзин Tахла.
Мөн тэрээр Хятадтай харьцуулахад Энэтхэгт авлигатай тэмцэх илүү сайн тогтолцоо байгааг тэмдэглэж, шүүх засаглал нь намын хяналтад байдаг Хятадаас ялгаатай, “бие даасан” гэдгийг онцлон дурдлаа. “Авлига бүх түвшинд байдаг. Харин уг начиртаа өөрийгөө хянах сахилга бат агаад дотоод ёс суртахууны үнэт зүйлс л энэ муу муухайг үндсээр нь арилгаж чадна. Гэхдээ Энэтхэг улс Хятад, Пакистан зэрэг орнуудаас дээр байж чадаж байна” хэмээн 16 дахь удаагийн Лал Бахадур шастирын дурсгалын лекц уншсаны дараа хэллээ.
Мөн “Энэтхэгийн шүүх засаглал нь бие даасан бөгөөд эрх баригч Конгресс намын хяналтад байдаггүй. Наанадаж ил тод байдал, хариуцлага байна. Мөн чөлөөт хэвлэл байна” хэмээжээ. Түүнээс Энэтхэгт авлигатай хэрхэн тэмцэх тухай асуухад ингэж хариулсан юм.
“Хятад нь Энэтхэг шиг бие даасан шүүх засаглалтай биш” хэмээгээд, эндхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төрийн байгууллагууд болон бусад салбарын “хөшигний ард юу болж байгааг” шалгахыг уриалсан байна.
Терроризмын талаарх нэгэн асуултад Дээрхийн гэгээн XIV Далай лам “Энэ бол дэлхийн аюулгүй байдалд заналхийлж буй нүдэнд үл үзэгдэх, аюулт асуудал билээ. Үүнийг шийдэхийн тулд бид уг сурвалж, үндсийг нь олох хэрэгтэй. Үнэт зүйлсэд анхаарах нь чухал. Энэ бол өнгөрсөн үеийн нэгэн төрлийн нүгэл. Дан ганц залбирал энх тайвныг авчирна гэдэгт би итгэдэггүй. Энх тайван бол хичээл зүтгэл, мэдлэг, боловсролоор бий болдог юм” хэмээн онцлон хэллээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам орчин үеийн боловсролын тогтолцоонд ёс суртахууны болон ёс зүйн үнэт зүйлсийн талаарх хичээл дутагдаж байгаад харамсаж буйгаа илэрхийлж, тэдгээрийг зайлшгүй тогтолцоонд тусгах ёстойг уриалав.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун