Энэтхэг, Химачал Прадеш, Сидхбари, Жүддод Нууц Тарнийн дацан, 2014 оны 11 дүгээр сарын 29 – Үргэлжлэн зурайх засмал замын дагуу байрлуулсан ариун билэгдлүүд, саяхан өнгөө засч шинэхэн будгийн үнэр ханхлуулсан барилга байгууламж, сэвэлзүүр салхинд намиран хийсэх Төвөдийн болон буддын шашны тугны урт цуваа Жүддод хийдийн өнөө өглөөний өнгө төрхөнд сүр жавхаа нэмж байлаа. Хийдийн ард сүндэрлэх сүрлэг Дхауладхар уулын оройд наран тусах үед Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хийдэд морилон ирсэн ба тэрээр Богд Зонхов Сера Чойлин хийдэд нууц тарнийн Гухясамажа ёсны болон нууц тарнийн ёсны өөрийн дамжлагыг Жэвзүн Шарав Сэнгээд хайрласны 600 жилийн ойд зориулсан бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцох юм. Хэдэн зуун лам хувраг, Төвөдийн Төв Захиргааны ажилтнууд, жирийн төвөд иргэд Дээрхийн Гэгээнтнийг тосон угтахаар цугларсан байв. Хойд хэсэгт нь лам хувраг нар эгнэн суусан, Гухясамажагийн хот мандал болон догшин ядмын дэлгэмэл хөргийг өлгөсөн хурлын уужим танхимд тэрээр орлоо. Ёслолын хурц гэрэл тусгасан индэрт түүнийг суудлаа эзлэхэд лам хувраг нар Гухясамажагийн залбирлыг уншицгаав.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жүддод тарнийн ёсны коллежид
болсон бага хурлын нээлтийн ажиллагааны үеэр дахин хэвлэгдэн
гарсан Богд Зонховын бүтээлийг үзэж сонирхлоо.
Энэтхэг, Химачал Прадеш, Сидхбари, 2014.11.29.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОАлбан ёсны арга хэмжээ эхлэхийн өмнө ‘Гухясамажагийн Их Тайлбар’ бүтээлийг төвөдөөр ‘судар’ хэлбэрээр, ‘Таван Зэргэмийг Тодруулагч Зул’ бүтээлийг дэвтэр хэлбэрээр дахин хэвлэснийг Дээрхийн Гэгээнтэнд өргөн барив. Уг бүтээлийн хувийг зочдод тараасан байлаа.
Жүддодын хамба лам арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Гандан Три ринбучи болон гэлүгба урсгалын мяндаг бүхий лам нар бага хуралд оролцож байгаад баяртай байгаагаа тэмдэглээд, тэдэнд болон бусад зочдод талархал илэрхийлэв. Тэрээр цааш нь Будда Шагжимуни бодийн сэтгэлийг үүсгэж, бодьсадвын замналаар замнан, улмаар гэгээрлийг олсон болохыг тэмдэглэлээ. Бурхан Багш дараа нь олон сургааль ном, түүний дотор Гухясамажагийн нууц тарнийн 17 бүлэг бүхий сургаалиа айлдсан байна. Тэдгээр сургаалийг Төвөдөд анх түгээн дэлгэрүүлсэн нь Марба Лозава ажээ. Бурхан Багшийн бошиглон айлдсаны дагуу хожим нь Богд Зонхов Шарав Сэнгээд итгэмжлэн, дамжлагыг уламжилсан байна. Эртний өвөг дээдсүүд болон Далай Лам нар энэ уламжлалын авшиг, сургааль хийгээд тайлбарыг уламжлуулсан учраас эл сургааль өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн тухай хамба лам онцлон тэмдэглэлээ. Жүддод дацан Энэтхэг оронд дахин сэргээгдсэний дараа лам нар уламжлалыг хадгалах, заримыг нь шинэчлэх боломжтой болсон тухай тэр нэмж хэлэв. Жүддод дацангийн лам хувраг нар Богд Зонховын уламжлалыг цэврээр нь даган сахиж, хэн нь ч маргаантай Дорж Шүгдэнг шүтдэггүй хэмээн тэр батлан хэллээ.
Шашин, соёлын галон, ноён Пема Чинжор хэлсэн үгэндээ, 1959 оноос хойш Хятадын удирдагчид Төвөдийн мухар сүсгийн талаар тохуурхан ярьж, Төвөдийн буддизмыг устгахыг хичээсээр ирсэн хэмээв. Ийм аюул заналын дунд төвөдүүд уламжлал ёсоо хадгалаад зогсоогүй, дэлхийн нийтийн хүндэтгэл хийгээд сонирхлыг энэ чиглэлд хандуулж чадсан байна. Үүнд хэд хэдэн шинэлэг арга хэмжээ, тэдгээрийн дотор шинжлэх ухаанд анхаарал сонирхол хандуулсан болон эмэгтэйчүүдийн ном сурах явдлыг дэмжсэн Дээрхийн Гэгээнтний санал санаачилга хувь нэмэр оруулсныг тэрээр дурдаад, үр дүнд нь саяхан 25 гэвшмаа төрснийг зарлалаа. Богд Зонховын өнөөгийн залгамжлагч Ризонг ринбучи, Гандан Три ринбучи хэлэхдээ, Бурханы сургааль эсэн мэнд үлдэх нь ном сургаалийг судлах, шашны дотоод утга учрыг судлахаас хамаарах бөгөөд тэр бүгд унавал уламжлал мөн мөхнө хэмээв.
Дээрхийн Гэгээнтэн Гандан Три ринбучи, Жанзэ цорж, Шарба цорж, хамба лам нар болон өмнөх хамба нар, Төвөдийн Төв захиргааны ажилтнуудын оролцоог өндөр үнэлээд, гол илтгэлээ тавьсан байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жүддод тарнийн ёсны коллеж дээр
болсон бага хурал дээр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Химачал
Прадеш, Сидхбари, 2014.11.29. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО“Будда Шагжимунигийн сургааль 2600 жилийн настайг Таксила, Викрамашила болон Наланда их сургуулийн туурь харуулж байна. Үүний адил Бурхан Багшийн сургааль номлол өгсөлт уруудалтыг туулсан. Гэхдээ Нагаржуна гэгээн зэрэг их багш нарын бүтээлийн хуулбарыг бид Төвөдөд хадгалж үлдсэн бөгөөд учир шалтгааны ухаан дээр үндэслэн судалгаа, дүн шинжилгээ хийх замаар сургааль номын утга агуулгыг тогтоох зан заншил бидэнд байдаг. Төвөдийн буддизм бол цогц сургааль мөн. Буддизм бол хамгийн сайн шашин гэж би хэзээ ч хэлдэггүй, тэр яг эм адил нэгийг илааршуулахад тохиромжтой хэрнээ, нөгөөг анагаахад үл тохирно. Харин буддизмын гүн ухаан бол гүн гүнзгий агуулгатай” хэмээн тэр хэлэв.
“Ганжуур дахь зарим бүтээл хятад хэлнээс орчуулагдсан боловч ихэнх нь Энэтхэгийн хэл болох пали болон санскрит хэлнээс орчуулагдсан. Бурхан Багшийн сургааль нь оюун сэтгэлийг бузар муухайгаас гэтэлгэхийн төлөө байдаг. Гэхдээ Бурхад өөрсдийн оюун чадлыг зүгээр дамжуулах боломжгүй бөгөөд та бүхэн өөрсдөө ухан ойлгож, өөртөө тэрхүү эрдмийг төрүүлэх ёстой. Та бүхэн өөрөө өөртөө эзэн байх ёстой.”
Ганжуурт багтсан бүтээлүүдийг гүн ухааны, шинжлэх ухааны болон шашны хэмээн ангилж болох бөгөөд гүн ухаан, шинжлэх ухааны хэсгийг хэн ч судалж болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Орчин үеийн сургуулиудын сургалтын хөтөлбөрт иргэний ёс зүйг нэвтрүүлэх талаар байнга ярьж хэлж явдгаа тэр дурдсан байна. Үүний зэрэгцээ буддын шинжлэх ухааны салшгүй хэсэг болсон сэтгэл судлалыг мөн судлах аваас өргөн олонд үр өгөөжтэй зүйл болно.
“Тарнийн ёсны тухайд, Богд Зонховын бүтээл дэх тодорхой тайлбар нь бидний сурах асуудлыг хөнгөвчилж байна. Өнөөдөр Жүддод тарнийн ёсны дацан энэхүү үйл явдлыг тэмдэглэж байгаа нь бахархууштай зүйл юм. Тарнийн ёсны сургуулиудад онцгой нарийн увидасууд уламжлагдан хадгалагдаж байна.”
Жүддод тарнийн ёсны коллежид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын
тавьсан илтгэлийг лам хувраг нар сонсч байгаа нь. Энэтхэг,
Химачал Прадеш, Сидхбари, 2014.11.29.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО/Гүн номлолын болон өргөн хүрээтэй үйлийн дамжлагын үүргийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглээд, ‘адистидын дамжлага’ хэмээх гурав дахь дамжлага нь ямар утгыг илэрхийлж байгаа талаар асуулт тавилаа. Нэмж тэрээр сраджүд дамжлага, Вэнсабагийн ‘сонорын дамжлагыг’ дурдаад, тэдгээр дамжлага хадгалагдан үлдсэн явдлыг үнэлэв. Чуулганы, найруулгын, үзэхүйн зэрэг гэгээрэлд хүрэх эрдмүүд оюун ухаан дээр хөгжиж боловсордог. Хорихуй гэж юу болох, түүнд хүрэх боломжтой гэдгийг та бүхэн ойлгох үед зам мөрийг ч баримтлах боломжтой гэдгийг та нар мөн ойлгох бөгөөд үүнийг хэрэгжүүлэх нь ач холбогдолтой. Богд Зонхов машид их судалж, амьдралд хэрэгжүүлж байсан гэдгийг тэр тэмдэглэн хэлэв. Тэр хорвоогийн найман зовнилыг огтоос умартаж, өөрийн амьдралыг утга төгөлдөр болгосон ажээ.
“Хэрвээ бид Богд Зонховыг бишрэн шүтдэг бол түүний үлдэр дууриалыг дагах ёстой. Ийм замаар бид түүний сайхан сэтгэлийн хариуг барина.”
Дараа нь Жүддодын хамба лам хэлэлцүүлэг эхлүүлсэн ба эрдэмтэд-шинжээчид эрчим хүчний салхийн үүрэг болон хуурмаг бие бий болох явдлыг тал бүрээс нь хөндөж ярилцлаа. Хэлэлцүүлэгт Дээрхийн Гэгээнтэн оролцон,
“Клиник үхлийн дараа бясалгалын түвшинд хүмүүс байсаар байдаг тухай бид ярьдаг. Биднийг энд цагаачилж ирснээс хойш ‘түгдам’-д суусан 30 орчим тохиолдол гарсан. Ажиглаж болохуйц зүйл болж байгаа учраас бид энэ үзэгдлийн талаар эрдэмтэдтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Сэтгэл оюуны үүднээс энэ үзэгдлийг бид тайлбарлаж чадах ч, тэд чадахгүй. Сэтгэл оюун байгаа цагт бие махбодь шинэ сэргэг хэвээр байдаг гэж бид ярьдаг. Оюун ухаан гаран одох үед бие махбодь үхжиж эхэлдэг. Оюун ухаан байгаа цагт бие махбодь муудахгүй байгаа нь тохиолдол эсэх, та бүхний сая хөндсөн хий-эрчим хүчний ач холбогдол юунд байгаа талаар бид судлан шинжлэх шаардлагатай” хэмээн тэр хэлэв.
Эрдэмтэд-шинжээчид бага хурлын нээлтийн ажиллагааны үеэр
өөрсдийн илтгэлийн хураангуйг танилцуулж байгаа нь.
Энэтхэг, Химачал Прадеш, Сидхбари, 2014.11.29.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО“Эмнэлгүүд нас барсан хүний цогцсыг удаан хадгалахыг зөвшөөрдөггүй ч, хоёр жилийн өмнө Түвдэн ринбучи Шинэ Зеландад таалал төгсөх үед түүний цогцос муудахгүй байсаар байсан тул эмнэлэгт үлдээхийг зөвшөөрсөн юм. Түүний таалал төгссөний 4 дэх өдөр гар нь өмнө байсан байрлалаас хөдөлж, зүүн гар нь баруун гарынхаа ядам хурууг чанга атгасан байжээ. Хийн эрчим хүч байсан цагт л ийм явдал болох боломжтой бөгөөд энд тавьсан илтгэлүүдийн нэгэнд үхэл болох үед хийн эрчим хүч гаран оддогийг баталж байна. Учрыг нь олох ёстой зүйл бол энэ мөн.”
Нээлтийн хуралдааны үеэр эрдэмтэд илтгэлийнхээ хураангуйг үргэлжлүүлэн танилцуулсан байна. Завсарлагааны цаг болсныг хонхны цангинасан дуу санууллаа. Ямар нэг зүйлийг эргэлзээгүй ойлгохын тулд бид ихэвчлэн дүн шинжилгээ хийдэг хэмээн Дээрхийн Гэгээнтэн дахин тэмдэглэн хэлэв. Харин тарнийн ёсонд агуу их цэнгэлийг мэдрэх тусам оюун ухаан улам нарийн түвшинд очдог байна. Нарийн чанар нэмэгдэхийн хэрээр тодорхой байдал нэмэгддэг. Тиймээс иога тарнийн ёсонд тодорхой байдлыг тодотгохын тулд дүн шинжилгээ хийх шаардлага байдаггүй.
Өдрийн шимтэй хоолны дараа зочид хэлэлцүүлгээ үргэлжлүүлэв. Арга хэмжээний төгсгөлд Лама Умзей талархлын үг хэллээ. Урилгыг хүлээн авч, морилон ирсэн Дээрхийн Гэгээнтэн болон Гандан Три ринбучид тэр талархсанаа илэрхийлэв. Хэлэлцүүлэгт оролцсон лам хувраг, эрдэмтэд болон бусд зочид дэмжигчдэд мөн тэр баярласнаа хэллээ.
“Дээрхийн Гэгээнтэн бол Дээдийн ном хадгалагдан үлдэх эсэх нь хамаарах хүмүүсийн нэг мөн. Түүнээс дахин дахин сургааль номыг нь хүртэх боломж бидэнд олдох болтугай. Сурах, зан үйл хэрэгжүүлэхэд тулгарах саад тотгороос тус хийдийн лам хуврагууд ангид байх болтугай” хэмээн тэр хэлэв.
Гунтан Дамби Донмэгийн Богд Зонховын сургаалийн магтаал болон Гухясамажагийн ариун залбирлаар хуралдааны үйл ажиллагаа өндөрлөсөн байна.