Герман, Гамбург, 2014.8.24 – Дээрхийн Гэгээнтэн буудлаасаа гарч, моддын навчсыг нар нэвтэлсэн гудамд түүнд хүндэтгэл, дэмжлэгээ илэрхийлэхийг хүссэн төвд болон бусад сайн санаат хүмүүстэй мэндчиллээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвараа эхлэхийн өмнө
104 настай эмэгтэйтэй мэндчиллээ. Герман, Гамбург,
2014.8.24. Гэрэл зургийг Мануэль БауэрГамбургийн Хурлын төвийн индэрт гарсан даруйд түүнтэй уулзахаар хүргүүлэн ирсэн 104 настай бууралтай Дээрхийн Гэгээнтэн эн тэргүүнд мэндчилсэн байна. Тэргэнцэр дээр бараг хөдөлгөөнгүй суух эмэгтэйн царайд мишээл тодрохыг хараад хуран цугласан олны сэтгэл хөдөлж байгаа нь илт байлаа.
“Өнөөдөр энд Бурханы Дээдийн номыг Наландагийн уламжлалын дагуу тайлбарлах болно” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв. “Төвдийн хаан Тисрон Дэцэн анх 8 дугаар зуунд Наланда их сургуулийн тэргүүлэх эрдэмтэн Шантаракшита гэгээнийг Төвдөд урьснаар Төвдийн буддист уламжлал эхлэлээ тавьсан. Түүнээс 4 зууны өмнө буддизм Хятадад дэлгэрсэн бөгөөд Дармапалатай мөр зэрэгцэн суралцаж байсан Сюань Цангийн хичээл зүтгэлээр Хятадын буддизм ч Наландатай холбогдсон юм. Гүн ухааны голлох үзэл баримтлал Сэтгэл төдийтөн хийгээд Төв үзлийн урсгалуудад хуваагддагаас хятадууд сэтгэл төдийтний урсгалыг зонхилон дагаж, харин Шантаракшита Нагаржунаг залгамжилж, төв үзлийн үзэл баримтлалыг Төвдөд боловсруулсан юм.”
Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө Наландагийн уламжлалын өчүүхэн шавь хэмээн тодорхойлоод, Шантидева гэгээний ‘Бодьсадвын Явдалд Орохуй’ болон Тогмэд Санбогийн ‘Бодьсадвын Гучин Долоон Гарын Авлага’ зохиолыг хөтлөн тайлбарлах завшаан олдсонд туйлын баяртай буйгаа илэрхийлэв. Дөрвөн бүлэгт бичигдсэн бүхнийг тайлбарлах нь хэцүү гэдгийг тэмдэглэн хэлээд, түүний тайлбарын дараа өөрсдөө бие даан уншиж, судлахын тулд номоо авч явахыг тэрээр сонсогчдод хандан уриаллаа.
Манай эриний 8 дугаар зуунд амьдарч байсан Шантидева нь ‘Суртгаалаас Хураахуй’ болон ‘Бодьсадвын Явдалд Орохуй’ гэсэн харилцан бие биенээ нөхдөг хоёр агуу бүтээл туурвисныг Дээрхийн Гэгээнтэн дурдав. Юмс мөн чанартаа бодитоор оршихгүй ч, харилцан шүтэлцэх байдлаар оршиж байдаг хэмээн үздэг Чандракирти гэгээний үндэслэсэн Төв үзлийг Шантидева баримталж байжээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам орчуулагч Кристоф Шпиц болон
Кэлсан Вангмо нарт тодруулга хийж байгаа нь. Герман, Гамбург,
2014.8.24. Гэрэл зургийг Мануэль БауэрГерман хэлний орчуулагч Кристоф Шпицэд тусалж байгаа Германы эмэгтэй лам Кэлсан Вангмо анхны гэвшмаа цолыг авсныг сайшаан магтахын тулд Дээрхийн Гэгээнтэн яриагаа түр завсарлалаа. Зохиолын тайлбартаа эргэн орооод тэрээр гарчгийг санскрит болон төвд хэлээр уншсаны дараа ‘бодь’ буюу ‘жан-чүв’ гэсэн үгийг гэгээрэл хэмээн орчуулдаг ч, мунхгийн харанхуйг ариутгах, эсвэл цэвэрлэх, мэдлэгийг олох гэсэн утгат онцгой хамаарна хэмээн тайлбарлав. Энэ нь мунхгийн харанхуйг даван туулж, бодийн сэтгэлийн чадварлаг арга замаар тэтгэгдэн хоосон чанарыг ухан ойлгох замаар мэдлэгт тулгарах саад бэрхшээлийг арилгаж байж Бурханы хутгийг олно гэсэн утгатай. Түүний заасан замыг даган үүнийг бид хийх ёстой гэдгийг Бурхан багш ухааруулсан.
“Бурхад буруу үйлийг усаар угаадаггүй
Бусдын зовлонг гараар илэн арилгадаггүй
Өөрсдийн ухаарлыг бусдад шилжүүлдэггүй
Ялж төгс нөгцсөний үнэний сургаалийг түгээж (хамаг амьтныг) чөлөөлнө.
Дээрхийн Гэгээнтэн ‘Бодьсадвын Явдалд Орохуй’ зохиолын 9 дүгээр бүлэг буюу билиг ухааны бүлгийг тайлбарлахдаа, хүмүүст муу бодлоосоо ангижирч, бодит байдлыг байгаагаар нь ойлгуулахын тулд Бурхан багш 84,000 сургаалиа айлдсан хэмээн хэлэв. Өөрт хамаатуулах үзэл мэтийн сэтгэлийн сөрөг хандлагын үндэс суурь болсон мунхгийн харанхуйг даван туулахын тулд юмсыг байгаагаар нь ойлгох шаардлагатай. Хэрвээ бид ууртай байх, эсвэл аль нэг зүйлийг өөртөө хэт хамаатуулах үед бидний уур хилэн хийгээд хамаатуулах сэтгэлийн 90% нь оюун ухааны тусгал байдаг хэмээн хэлсэн Америкийн сэтгэл засалч Аарон Бекийн үгийг Дээрхийн Гэгээнтэн эш татаад, энэ нь Нагаржунагийн үзэлтэй нийцэж байгаа хэмээлээ. Юмс үнэн чанартаа ямар байгааг бус, харин харагдаж байгаа байдлаар нь бид харж дасчээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдвар айлдсан Гамбургийн
Хурлын төвийн танхимын ерөнхий дүр зураг. Герман, Гамбург,
2014.8.24. Гэрэл зургийг Мануэль Бауэр“Хүмүүсийн дунд бодит үнэнийг нягтлан судлахад сэтгэл оюунаа чилээх нэгэн, энэхүү бүтээлд дурдсан иога нар болон өдөр тутмын амьдралаа зөвхөн хөөж байгаа нэгэн байдаг. Өнөөдөр эрдэмтэд иогчдын нэгэн адил юмсыг бодит байдлаар нь олж харах оролдлого хийж байгаа хэмээн бид хэлж чадна. Гэхдээ иога нарын дунд ч ойлголтын зөрүү байдаг” хэмээн тэр тэмдэглэн хэлэв.
Дээрхийн Гэгээнтэн цааш нь тайлбарлахдаа, ‘Бодьсадвын Явдалд Орохуй’ бүтээлийн 9 дүгээр бүлэгт тусгагдсан бодит үнэний тухай янз бүрийн үзэл бодол нь ээдрээтэй ч, тэдгээрт дүн шинжилгээ хийх нь туйлын ач тустай хэмээв. Ийм дүн шинжилгээний зорилго нь сэтгэлийн бүхий л сөрөг хандлагын үндэс сууринд байдаг мунхгийн харанхуйг үндсээр нь арилгахад оршино. Тэрээр 15 нас хүрч байж хоосон чанарыг үнэхээр сонирхох болсноо хэллээ. Харин 30 насандаа ойлгож мэдсэн зүйлээ судлах, амьдралд хэрэгжүүлэхийг чин сэтгэлээсээ хичээх болсон ажээ.
“Хоосон чанарыг зарим талаар ойлгож эхэлсэн тэр мөчид л Бурханы хутгийг олох бодит боломжийн талаар та ойлгох болно. Хэдийгээр бид Лам Гурван Эрдэнэд аврал одуулан, бодийн сэтгэлийг хөгжүүлдэг ч, уг чанартаа ямар утгатайг нь тэр бүр ойлгодоггүй. Хэрвээ та энэ талаар анхааралтай бодвол сэтгэл хэрхэн гэгээрлийн сэтгэл болон хувирч байгаа үйл явцыг ойлгож чадна.”
Айлдвар үдийн зоогийн үеэр завсарлах цаг болоход Дээрхийн Гэгээнтэн,
“Энэ хоол идэж байгаа ‘Би’ гэж хэн бэ? гэж өөрөөсөө асуугаарай. Тэр хаана байна? ‘Би’ бол бие махбодь ч биш, сэтгэл оюун ч биш. Тэгвэл тэр хаана байна вэ? Тэр өлсгөлөн этгээд хэн бэ? Ийм замаар үдийн хоолоо бид үр дүнтэй болгож чадна” хэмээн зөвлөв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Европод аж төрж байгаа Төвд
хүмүүстэй хийх уулзалтын өмнө Төвдийн нийгэмлэгийн
төлөөлөлтэй уулзсан нь. Герман, Гамбург, 2014.8.24.
Гэрэл зургийг Мануэль БауэрГамбург дахь Төвдийн төвийн төлөөлөгчидтэй уулзах үедээ Дээрхийн Гэгээнтэн төвийн үйл ажиллагааг буддизмыг сурталчлахад зориулаад зогсохгүй, сэтгэл оюуны үйл ажиллагааны тухай өргөн мэдлэгийг түгээсэн сургалтын төв болгох үйл хэргээ үргэлжлүүлэх үйл хэргийг нь дэмжлээ. Ганжуур Данжуураас түүвэрлэн бэлтгэсэн шинжлэх ухааны агуулга бүхий номыг саяхан төвд хэл дээр хэвлэн гаргасныг тэрээр сануулан хэлэв. Тэрхүү номын англи орчуулга энэ оны сүүл гэхэд дуусч магадгүйг тэр дурдаад, герман хэлнээ орчуулах ажлыг эхлүүлэхийг төвийн хамт олноос хүслээ. Европод нийт 650 төвд хүн суурьшин амьдарч байгаа талаар тэр мөн дурдав. Тэд цагаачид маягаар гадаадад 55 жил амьдарч байгааг Далай Лам тэмдэглэлээ. Энэ хугацаанд хүмүүний амьдралын хэдэн үе өөрчлөгдсөн ч, сэтгэл зүрх нь мохоогүй Төвдийн ард түмнийг тэр магтан бишрэв. Уян зөөлөн, шударга үнэнч төвд хүний нэр хүндийг дээдэлж явахыг тэрээр хүслээ.
Хурлын танхимд эргэн ирээд, Дээрхийн Гэгээнтэн танхимд суугаа хүмүүсийн асуултад хариулсан бөгөөд тэдгээр асуултын дунд номын багшаа хэрхэн сонгох талаар зөвөлгөө өгөхийг хүссэн хүсэлт байсан юм. Дээрхийн Гэгээнтэн зөвлөхдөө, ном сударт тодорхойлон заасны дагуу багшийн шинж чанарын талаар судалж, тэрхүү шинж чанарыг тухайн багш болох хүн хангаж буй эсэхийг хэдэн жил шаардагдсан ч байсан хамаагүй шинж хэмээв. Тухайн багшийн талаар итгэлтэй болсон үедээ л гагцхүү багш шавийн барилдлагаа үүсгэхийг тэр зөвлөсөн байна.
‘Бодьсадвын Явдалд Орохуй’ бүтээлийн 9 дүгээр бүлгийн тайлбар луу эргэн ороод, мунхгийн харанхуй хийгээд саруул ухаан нь гэрэл ба харанхуй лугаа хамтдаа эс оршихын адил хоосон чанарыг ойлгох замаар саруул ухаанаар мунхгийг ялна хэмээн тэрээр тайлбарлав. Эрдэм мэдлэгээр тэтгэгдээгүй мунхаг сул дорой байдаг. Дээрхийн Гэгээнтэн цааш нь,
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсч байгаа нь.
Герман, Гамбург, 2014.8.24. Гэрэл зургийг Мануэль Бауэр“Зовлонгоос ангижрах боломжтой, сэтгэлийн сөрөг хандлагыг арилгаж болно гэсэн сэтгэлийг бид хөгжүүлдэг учраас хоосон чанарыг жинхэнэ утгаар нь ойлгох үндэс болсон 9 дүгээр бүлэг маш чухал. Тэрхүү ойлголтоос тийнхүү чөлөөлөгдөх хүсэл үүсэн гарна. Дараа нь, хамаг амьтны зовлонт нөхцөл байдлыг авч үзээд, бид бодийн сэтгэл, тэдэнд үйлчлэх хүслийг хэвшүүлдэг” хэмээн айлдав.
Бурхан Багш гэж хэн болохыг, дээдийн ном бол хамгийн зөв зам мөр хийгээд зөв чөлөөлөлт гэдгийг ойлгох замаар буддистууд 21 дүгээр зууны буддистууд байхыг эрмэлзэх ёстой хэмээн тэрээр онцлон тэмдэглэв.
‘Бодьсадвын Явдалд Орохуй’ бүтээлийн нэгдүгээр бүлэг бодийн сэтгэлийг үүсгэх, бусад амьд амьтанд туслах туйлын хүслийн тухай өгүүлдэг талаар Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Үүнд гэгээрлийг олох эрмэлзэл агуулагддаг бөгөөд энэ нь хүсч мөрөөдсөн бодол төдийгүй, бусад амьд амьтанд жинхнээсээ туслах нь боломжтой гэдгийг мэдэх мэдлэг дээр суурилдаг.
Бодийн сэтгэлийг үүсгэх үйл явцыг маргааш хэрэгжүүлэх тухай өгүүлээд Дээрхийн Гэгээнтэн энэ өдрийн айлдвараа өндөрлөлөө. Ийм маягаар номыг хөтлөн тайлбарлах нь хөгшин хүн хоол идэхдээ зажлахад амрыг нь сонгодогтой адил байна хэмээн тэрээр хошигнон хэлэв. Бодийн сэтгэлийн богино ба урт хугацааны давуу тал, тухайлбал доод төрлөөс чөлөөлөгдөж, дээд төрөлд хүрэх, эцэст нь гэгээрэлд хүрэх зам байдгийг тэр сануулан хэлэв. Гэхдээ өөрийгөө өөрчлөх үйл явцад хугацаа шаардлагатайг тэр мөн санууллаа. Дарамсалад цэцэрлэгтэй байснаа, цэцэгс цэцэглэхийг хурдасгахыг хэт хичээснээр үрийг нь гэмтээдэг байснаа Дээрхийн Гэгээнтэн дурсан ярив. Тэрээр,
“Өсч дэвжихэд хугацаа хэрэгтэй” хэмээн айлдвараа өндөрлөлөө.