Мундгод, Карнатака муж, Энэтхэг - Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам машинаар Брайвүн Лосалин хийдийн дагсал хаялцдаг мэтгэлцээний талбайд морилон ирэхэд 25,000 гаруй хүн, тэдний дотор 10,000 гаруй лам хувраг цугласан байлаа. Түүнийг хийдийн хамба лам угтан авч, тайз хүртэл дагуулан явав. Хашааны дээд буланд хоёр бүлэг ахмад төвөдүүд цуглажээ. Тэдний 70 орчим нь Мундгодын төвөд сууринаас ирсэн 85-аас дээш насны хүмүүс, мөн Канадад оршин сууж буй 70 орчим хүн байв. Дээрхийн гэгээн тэдэн рүү харан инээмсэглэж, гараараа даллан, заримтай нь ярилцаж, аль болох олон хүнд хүрч, тэд мөн бөхийн залбирч байлаа.

Дээрхийн гэгээн тайзны ард байрлах ариун хөрөг шүтээнүүд бүхий шилэн шүүгээний өмнө түр зогсон залбираад, Ногоон дарь эх бурхны том хөрөгт хадаг өргөлөө. Тэрбээр Бурхан багш, Богд Зонховын шүтээний өмнө зул асаагаад, мөн Цагаан Дарь эх бурханы том хөрөгт залбирч, хадаг өргөв. Дараа нь зочдын дунд байсан эртний найз нөхөд рүүгээ гараа даллаж, цугласан олонд хандан зүүн, баруун, урд талд гараа даллахад тэд алга ташилтаар хариулав. Үүний дараа Гэлүгвын удирдагчдад хүндэтгэл үзүүлээд, шат өгсөн сэнтийд суухаар дээш гарлаа.
Дээрхийн гэгээний баруун талд Гандан ширээт, Шарба Чорж, Лин ринбүүчи, Такцаг Күндэлин ринбүүчи, Чанкай ринбүүчи нар суув. Түүний зүүн талд Гандан ширээт асан Жанцэ Чорж, Брайвүн ширээт, Брайвүн Лосалин хийдийн хамба лам нар байв.
Дээрхийн гэгээн удахгүй хүртээх насны авшигын бэлтгэл зан үйлийг хийх хэрэгтэйгээ мэдэгдээд, энэ хооронд цугларагсдыг Гэндун Друпын “Ногоон дарь эхийн магтаал” -ыг уншиж байхыг хүсэв.
Тэрбээр цугласан олонд хандан "өмнө нь надад энэ мэтгэлцээний талбайд ном айлдах боломж олдсон билээ" хэмээн хэлэв. "Өнөөдөр би насны авшиг хүртээх гэж байна. Гэхдээ үнэхээр урт наслахад туслах зүйл бол сэтгэлийн амар амгаланг олох явдал юм. Энэ зорилгод хүрэх хоёр гол дадлага бол бодь сэтгэл буюу бусдын төлөөх энэрэнгүй сэтгэл, мөн хоосон чанарыг үнэн зөвөөр ойлгох үзэл юм. Энэ хоёр нь номын гол утга учир юм. Зүгээр л Гурван эрдэнийг мухраар давтан залбирч мөргөх нь хангалтгүй бөгөөд та юунд, хэнд аврал одуулж байгаагаа мэдэх хэрэгтэй.”

Дээрхийн гэгээн Нагаржунагийн “Төв үзлийн билгүүний үндэс” номоос эш татав. Энэхүү бүтээл нь дараах шүлгээр төгсдөг:
Гаутамад мөргөе
Тэр энэрэнгүй сэтгэлээр
Бүх үзлийг орхих замд хөтөлдөг
Аугаа номыг айлдсан билээ.
Шүтэн барилдлага нь найман туйлшралаас ангид гэдгийг харуулсан дараах шүлгүүдээр эхэлдэг:
Төгс төгөлдөр Бурханд мөргөе
Бүх багш нараас хамгийн шилдэг нь
Шүтэн барилдсан зүйл бүхэн нь
Үгүй болохгүй, үүсэхгүй;
Устахгүй, мөнх бус;
Ирэхгүй, явахгүй;
Ялгарахгүй, адил биш;
Төрөл авахаас/ fabrications ангид нь амгалан юм гэж айлдсан билээ.
Дээрхийн гэгээн "энэхүү томоохон айлдварт Лосалин хийдийн олон зочид оролцож байна" гэж үргэлжлүүлэв. "Бид бүгдийн нийтлэг зүйл бол бидний бага нас маань ээжээсээ хамааралтай байсан явдал юм. Түүний анхаарал халамжгүйгээр бид амьд үлдэхгүй байх байсан. Бид түүний энэрэнгүй халамжийн ачаар өсөж бойжиж, оюун ухаан маань хөгжсөн билээ."

"Бид хүүхэд байхдаа бусад хүүхдүүдтэй огтхон ч алагчлалгүй тоглодог байсан билээ. Харин боловсрол эзэмших үеэс л ‘бид’ ба ‘тэд’ гэж ялгахыг сурч эхэлсэн нь зөвхөн хагаралд хүргэдэг. Тиймээс юмс харагдаж байгаа шигээ оршдоггүй гэдгийг ойлгохын тулд бид оюун ухаанаа сургах хэрэгтэй.”
“Хүчирхийллээс ангид байх уламжлал буюу ‘ахимса’ нь Энэтхэгт 3000 гаруй жилийн турш цэцэглэн хөгжиж ирсэн юм. Үүнийг Жайны урсгалын багш Махавира хүчтэй сурталчилж байсан. Хожим нь Бурхан багш ч хүчирхийллээс ангид байхыг зөвлөж, оюун ухааны үйл ажиллагаа болон бодит байдлыг зөвөөр харах тухай логик, учир шалтгааны үндсэн дээр тайлбарласан. Түүний анхны номын хүрдэнд багтсан “Хутагтын дөрвөн үнэн” болон Пали уламжлалын гол сургаал болох “Винайн сургаал”-ыг Буддын шашны бүх урсгал хүлээн зөвшөөрдөг.
"Түүний хоёр дахь номын хүрдний хүрээнд багтдаг ‘Билгүүний зүрхэн’ хэмээх судар байдаг бөгөөд түүнд 'Дүрс бол хоосон; хоосон чанар бол дүрс юм. Хоосон чанар бол дүрсээс өөр биш; дүрс нь ч мөн хоосон чанараас өөр биш' гэж гардаг. Бид хоосон чанарыг ойлгосноор бодит байдлын талаарх буруу төсөөллөөс ангижирч чадна. Гэхдээ бид энэ ойлголт юуг үгүйсгэж байгааг тодорхойлох ёстой."
"Наландагийн олон их багш нар үүнийг өөрсдийн туурвисан бүтээлүүддээ авч үзсэн байдаг бөгөөд эдгээр нь төвөд хэл рүү орчуулагдсан бөгөөд өнөөдөр ч бидний сурах бичиг хэвээр байна. Наландагийн арга барилын үндэс болсон логик, учир шалтгааныг зөвхөн төвөд уламжлалыг дагагчид хадгалж байна.. Бурхан багш Энэтхэгт гурван удаа сургаал айлдсан ба тэдгээрээс өмнө Энэтхэгийн гол оюун санааны уламжлалууд болох хүчирхийллээс ангид байдал, энэрэнгүй сэтгэл болох "ахимса" ба "каруна"-г баримталж ирсэн."

"Дэлхийн даяар эдгээр сургаалыг хүмүүс Төвөдийн дүрвэгсдийн нийгэмлэгийнхнээс сонссоныхоо дараа сонирхох болсон. Эдгээр дадлагын гол утга учир нь сайхан сэтгэлтэй байх явдал юм. Сайхан сэтгэл нь зөвхөн бусдад тус болохоос гадна танд өөрт чинь сэтгэлийн амар амгаланг авчирдаг."
“Сэтгэлийн амар амгаланд саад болдог гол зүйл бол өөртөө төвлөрсөн аминч үзэл ба юмс үнэхээр бие даан өөрөөрөө оршдог гэсэн ташаа ойлголт юм. Хэрэв үнэхээр тийм байсан бол бид тухайн зүйлийг шинжлэн хайхад олдох ёстой, гэвч олддоггүй. Квантын физик ч мөн адил юмс бодитоор оршдоггүй гэдэгтэй санал нийлдэг. Бид юмсыг буруу төсөөлдөг учраас хэтрүүлсэн, зохиомол үзэл бодолтой болж, энэ нь сэтгэлийн зовлонг өдөөдөг. Үүний улмаас бид өөрсдөдөө асуудал бий болгодог.”
“Шантидэва гэгээний хандлагыг ингэж дүрсэлсэн байдаг:
Өнөөдөр би бүх сахиуснуудын өмнө бодьгалуудыг
Бурханы хутагт зорихыг уриалж байна
Тэр түвшинд хүрэх хүртэл бүх дэлхийн баяр баясгаланг хүртэх болтугай!
Бурхад, тэнгэрүүд болон бусад бүгд баярлах болтугай!
"Өнөө өглөө надаас сайхан амарсан уу гэж асуухад би 'тийм ээ’ гэж хариулсан. Учир нь бусдыг илүү чухал гэж бодох нь сэтгэлийг тайвшруулж, илүү бат бөх нойрсуулдаг. Та энэрэнгүй үзэл бодолтой байвал бүх зүйл илүү эерэгээр харагддаг'."

Дээрхийн гэгээн насны авшиг хүртээх номыг анх Тагдраг ринбүүчигээс хүртсэн гэж дурдав. Дараа нь тэрбээр цугларагсдын дунд байгаа олон ахмад хүмүүст хандан үхэл нь зайлшгүй нүүр тулах зүйл гэв. Тэрээр Энэтхэгийн олон шашны уламжлалууд бид амьдралынхаа дараа дахин амьдардаг гэж үздэг гэж тэмдэглэв. Бие махбодь үлддэг ч ямар нэгэн зүйл үргэлжилдэг. Энэтхэгийн уламжлалууд үүнийг ’атман’ гэж нэрлэдэг бол Буддын шашин үүнийг өөрийнхөө тухай буруу ойлголтыг бататгаж байна гэж үздэг. Өнгөрсөн болон ирээдүйн амьдралыг ухамсар тасралтгүй үргэлжлэх үүднээс тайлбарладаг.
Дээрхийн гэгээн “Амьдрал тань үр дүнгүй байсан гэж бүү бодоорой, харин та бүхэн Бурхан багшийн сургаалыг хэрхэн дагаж байсан тухайгаа бодоорой” гэж зөвлөв. “Хэдий удаан амьдарч байгаагаас үл хамааран оюун ухаанаа бодь сэтгэл болон хоосон чанарын талаарх ойлголт дээр төвлөрүүлээрэй. Тэдгээрийг эргэцүүлэн бодож, тайван байгаарай.
"Төвөдүүд Жанрайсиг бурхны ивээлд байдаг. Тэр таныг дараагийн төрөлд ч халамжлах болно. Төвөд биш ч гэсэн энэ уламжлалд ойр байдаг хүмүүс ч мөн түүний халамжид багтана. Би өөрийгөө Жанрайсиг бурхны хувилгаан гэж боддог бөгөөд таныг үхэх үед би таны гараас чинь хөтлөөд түүнтэй танилцуулах болно."
Насны авшиг хүртээх арга хэмжээний үеэр Дээрхийн гэгээний төрсөн газрын ойролцоо төрсөн Богд Зонховын талаар чиглэгдэн яригдав. Дээрхийн гэгээн түүний бичсэн бүтээлүүдийг гайхалтай гэж тодорхойллоо. Хэдруб Жэгийг бага зэрэг бадам гэж үздэг бол Богд Зонхов үргэлж даруу байжээ. Бүтэн Ринчэн Друп эрдэм мэдлэгээрээ ихэд үнэлэгддэг ч Далай ламын үзэж байгаагаар тэр сонгодог судруудын хүнд хэсгүүдийг тойрч өнгөрөх хандлагатай байсан бол Богд Зонхов тэдгээрийг маш нарийн тайлбарлахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасан юм.

Дээрхийн гэгээн цугларсан олонд насны авшиг хүртээх зан үйлийн нэгэн хэсэг болох бодь сэтгэл төрүүлэх, бодьсадвын санваар хүртээх зэрэг үйл ажиллагааг удирдан явуулав. Тэрбээр бусдыг өөрөөсөө илүү энэрэн хайрлах нь бүх аз жаргалын эх сурвалж гэдгийг зөвлөөд, мөн мэдлэгийн саад тотгорыг арилгахын тулд бодь сэтгэлийг хөгжүүлэх шаардлагатай хэмээн нэмж хэлэв.
Дээрхийн гэгээн зан үйлийг дуусгах ёслолыг гүйцэтгэхдээ цугларагсдыг “Богд Зонховын сургаал дэлгэрэхийн төлөөх залбирал”-ыг уншихыг хүсэв. Үүний дараа тэрбээр Гандан ширээт, Шарба болон Жанцэ Чорж, Гандан ширээт асан болон Брайвүн Лосалингийн хэд хэдэн нэр хүндтэй лам нарын хамт тайзны ард байрлах өргөөнд зоог барьж, дараа нь чуулганы танхимын дээд талд байрлах өөрийн өргөөндөө буцаж ирэв.
Орчуулсан Ц.Ариунаа










