Энэтхэг, Орисса муж, Бубанешвар. 2010 оны 1-р сарын 15 (Калинга Таймс) - Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам Пүрэв гарагт Бубанешварын ард иргэдэд хандан үг хэллээ. Уг арга хэмжээг Уткал Соёлын Их Сургууль, Одишагийн Зочид буудал, Рестораны Холбоотой хамтран зохион байгуулжээ.
"Аливаа бодитой бус арга барил гай гамшиг дагуулдаг. Үл хүчирхийлэл, хайр энэрэл, энэрэн нигүүлсэхүйн сургаал нь бидний оюуныг тайван байлгадаг. Бид бодитойгоор харж, оюун санаагаа алагчлалгүй байлгах хэрэгтэй. Тайван бус төлөвтэй оюун ухаан бодит байдлыг үнэн зөвөөр харж чадахгүй. Буддын шашин эдгээр сургаалыг агуулдаг юм.” хэмээн оюун санааны удирдагч айлдав.
"Буддын шашин нь хүний сэтгэл хөдлөл дээр илүү төвлөрдөг. Ийн эрэл хайгуул хийх явцад ихэнх сэтгэлийн хямрал нь гадны шалтгаанаас бус харин сэтгэлийн түгшүүр зэрэг дотоод үйл явдлуудаас үүдэлтэй болох нь тодорхой болно. Эдгээр хямралын эх үүсвэрийг хяналтандаа оруулах хамгийн сайн арга нь өөрийн сэтгэл хөдлөлийг зохицуулах чадвараа сайжруулах явдал юм. Эцсийн дүнд бид сөрөг, түгшүүртэй сэтгэл хөдлөлөө өөрсдөө даван туулах арга, хэрэгслийг хангаж өгөх ухамсарыг хөгжүүлэх хэрэгтэй." хэмээн Далай лам нэмж хэллээ.
"Одоо буддын шашныг сурталчилж, үр дүнтэй ажил хийх цаг ирсэн бөгөөд үүнд мэдлэг хамгийн чухал үүрэгтэй. Ялангуяа 2500 гаруй жилийн турш оршин тогтнож ирсэн мөн бусад шашны уламжлалуудтай нигүүлсэл, энэрэл, хүлцэл, сахилга бат зэрэг нийтлэг сургаалиуд бүхий Бурхан багшийн ном орчин үеийн энэ цаг үед онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж би бодож байна. Учир нь бусад шашны уламжлалуудаас ялгаатай нь буддын шашин нь орчин үеийн шинжлэх ухаанд ойр шүтэн барилдлага гэх өвөрмөц үзэл баримтлалыг авч үздэг билээ." гэж Далай лам айлдав.
Үүний дараа Одишагийн буддын шашны өв уламжлал, соёл мөн тус мужийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар товч танилцуулга хийлээ.
Далай лам Одишад дөрвөн өдрийн айлчлал хийсэн бөгөөд тус мужид байх хугацаандаа Гажапати дүүргийн Чандрагирид байдаг Төвөдийн суурин дахь шинэ хийдийг нээсэн билээ.
Орчуулсан Б.Одгэрэл