Энэтхэг, ХП, Дарамсала. Энэ өглөө тэнгэр бүрхэг, цаг агаар сэрүүн бөгөөд шуургатай байлаа, Дээрхийн гэгээн Далай лам Зүглэгхан дуганд хүрэлцэн ирж, арслант сэнтийн эргэн тойрон сууж буй лам хуврагуудтай мэндчилээд, сэнтийдээ залрав. Оршил залбирал богино хугацаанд үргэлжилсний дараа Дээрхийн гэгээн цугласан олонд хандан айлдвараа эхэллээ.

“Энэхүү номын төгсгөлийн хэсэгт Хэнбогунгааванчиг Дээрхийн гэгээн Далай лам Ганжуурын аймагт багтдаг Бхававивекагийн “Төв үзлийн шим” хэмээх зохиолын дамжлагыг хүртээхийг хүссэн тухай дурдсан байдаг. Тэрбээр “Учир шалтгааны дөл” бүтээлд үндэслэсэн тайлбарыг ашиглан тухайн дамжлагыг хүртээж болно гэж зөвлөжээ. Дээрхийн гэгээн шашин, номын үйлсэд тус дэм болохын тулд тайлбар хийлгэхийг хүсэж, “Чадах бүхнээ хийгээрэй” хэмээн түүнд айлдсан аж. Ийнхүү Хэнбогунгааванчиг 83 насандаа Тайваньд айлчлан, эмчилгээ хийлгэж байх үеэрээ эдгээр тайлбар дээр ажиллажээ.
Арьяадэва гэгээн “Дөрвөн зуун шүлэг” бүтээлдээ Бурхан багшийн бага зэрэг далд утгатай сургаалын талаар эргэлзэж буй хүмүүст хоосон чанарыг “Хоёр үнэн”-ий сургаалд тулгуурлан тайлбарлах хэрэгтэй хэмээн айлдсан байдаг. Энэ нь юмсын үзэгдэж буй байдал болон жинхэнэ бодит байдлын хоорондох ялгааны тухай сургаал юм.
Үл мэдэхийн эрхээр хүмүүс гаднах үзэгдэл ба бодит байдлын хоорондох ялгааг танин ойлгодоггүйгээс уур хилэнд автаж, өрсөлдөгчөө даран, ялахыг эрмэлздэг боловч хүссэн тэрхүү явцуу зорилго бүрэн ялалтдаа хүрч үл чадна. Харин эсрэгээрээ энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлбэл дайсан мэт харагддаг хүмүүсээ хүртэл анд нөхөд мэтээр харж чаддаг болох юм”.

“Бид бүгд жаргалыг хүсдэг учир амьдран буй орчноо хайрлан хамгаалах хэрэгтэй. Гэхдээ бид бусдаас хэр их хамааралтай болох мөн сэтгэлийн амар амгалан нь бидний эрүүл мэнд, сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлдгийг ч ухамсарлах хэрэгтэй. Бурханд итгэдэг хийгээд үл итгэх шашны олон янзын уламжлалууд бүгд үүнийг хэрэгжүүлэх талаар зөвлөдөг. Харин Бурхан багшийн сургаал нь онцгой бадлаар шүтэн барилдлагын ойлголтод суурилдаг.
Мунхаг гэдэг нь бодит байдлын талаарх бидний ташаа ойлголтыг хэлдэг. Арьяадэва гэгээн “Дөрвөн зуун шүлэгт” бүтээлдээ мунхаг нь бидний түгшүүрт сэтгэл хөдлөлд нэвт шингэсэн байдаг хэмээн айлдсан байдаг.
Хүрэлцэх мэдрэхүй биеийг бүхэлд нь хамардагтай адил,
Төөрөгдөл бүх түгшүүрт сэтгэл хөдлөлд оршдог.
Төөрөгдлийг даван арилгаж чадвал,
Бүх түгшүүрт сэтгэл хөдлөлийг даван туулах болно.
Мунхаг байдлыг даван туулахын тулд шүтэн барилдлага буюу харилцан хамаарах зарчмыг ойлгохыг хичээх шаардлагатай. Мунхаг байдлыг сүм хийдийн үүдний довжоо, хананд байдаг сансрын хүрдний зураглалын нэгэн хэсэг болох “Арван хоёр шүтэн барилдлага”-ын дүрслэлд харуулсан байдаг. Энэхүү дүрслэл нь мунхгийг харуулсан хараагүй, хөгшин хүний дүрээр эхэлж, үхлийг харуулсан цогцсын дүрээр төгсдөг. Бид мунхгийн эрхээр сансрын хүрдэнд хөтлөгдөн ордог. Бид үйлийн үрийг бүтээж, тэрхүү үйл үр нь ухамсарт ул мөрөө үлдээдэг бөгөөд тэндээс төрөлт ба үхлийг үүсгэдэг юм. Дүрслэлд Бурхан багш саран зүг зааж буй нь зовлонгийн бүрэн тасралт болон түүнд хүрэх зам мөрийг илэрхийлдэг" хэмээн айлдлаа.

“Бидэнд тулгардаг бүхий л асуудал бэрхшээлийн үндэс нь мунхаг юм. Өөрөөр хэлбэл, юмс үзэгдлийг өөрийн мөн чанараараа бие даан оршдог хэмээн буруу ойлгосноос үүдэлтэй бөгөөд энэ нь буруу үзэлд хөтлөн, шунал тачаал, уур хилэнг хөгжүүлдэг. Тиймээс Арьяадэва гэгээн дахин ийнхүү сургасан байдаг.
Эхлээд буруу үзлээс сэргийл
Дараа нь өөрийн би гэсэн үзлээс сэргийл
Дараа нь бүхий л төрлийн үзлээс сэргийл
Үүнийг мэддэг хүн мэргэн мөн”.
Дээрхийн гэгээн дээд төрөл буюу илүү сайн төрөл авах, төгс сайн сайхан байдал буюу гэгээрэлд хүрэх гэсэн хоёр зорилгын талаар айлдлаа. Тэрбээр Хутагт Нагаржунагийн “Эрдэнийн эрхи” бүтээлд дурдсан дээд төрөлд төрөх 16 шалтгааныг эш татав. Эдгээр нь юуны түрүүнд зайлсхийх ёстой 13 үйлийг багтаадаг бөгөөд 10 хар нүгэл болох амьтны амь таслах, хулгай хийх, ариун бус явдал, худал ярих, хов өгүүлэх, ширүүн үг хэлэх, дэмий чалчих, хүсэл шунал, хорлох сэтгэл, буруу үзэл юм. Мөн нэмэлтээр тэвчих ёстой 3 үйл нь архи уух, буруу амьжиргаа эрхлэх, бусдад хор учруулах тэргүүт орно. Үүний зэрэгцээ дадуулах ёстой дараах 3 сайн чанар нь хүндэтгэлтэйгээр өглөг өгөх, хүндэлбэл зохих хүмүүсийг хүндэтгэх, бусдыг энэрэн хайрлах тэргүүт юм.

“Гэгээрэлд хүрэхийн тулд бид зөвхөн өөрийн тухай буруу ойлголтыг төдийгүй танин мэдэхүйн харанхуй байдлаа арилгах хэрэгтэй. Хоосон чанарыг онох билиг билгүүн нь бодь сэтгэлээр дэмжигдсэн байх учиртай. Түүнчлэн Дээрхийн гэгээн хоосон чанар гэж юу болохыг ойлгох мөн “Зүрхэн судар”-ын тарнид заасан зам мөрийг дагах хэрэгтэй. Хамаг амьтанд туслахын тулд бурхны хутагт хүрэх юм. Хоосон чанарыг ойлгох нь зам мөрийн эхлэл, дунд, төгсгөлийн үе шат бүрд чухал ач холбогдолтой. Учир шалтгаан болоод оюун ухаанаа дадуулах замаар бурхны сургаалд бат итгэл үнэмшлийг бий болгох хэрэгтэй” хэмээн айлдсан юм.
Дээрхийн гэгээн “Төв үзлийн шим” номыг үргэлжлүүлэн уншиж, “Бодит үнэнийг танин мэдэх эрэл” хэмээх III бүлгийг дуусгав. Үүний дараа “Шравака нарын үзэл баримтлалыг авч үзэх нь” хэмээх VI бүлэг, мөн “Ёогачара үзлийн зарчмуудыг авч үзэх нь” хэмээх V бүлгийг уншиж тайлбарлан, тухайн өдрийн айлдварыг өндөрлөв. Тэрээр маргааш энэ зохиолын аман дамжлагыг бүрэн дуусгаж чадна гэсэн итгэлтэй буйгаа илэрхийлж, нөгөөдөр Манзушри бурхны лүнг хүртээхээр төлөвлөж буйгаа мэдэгдэв.










