Польш, Варшав, 2009 оны 7 дугаар сарын 28 (Лондон дахь Төвөдийн төлөөлөгчийн газрын мэдээ).
Дээрхийн гэгээн Далай ламын Польш улсад хийж буй энэ удаагийн айлчлалын хүрээнд олон нийттэй уулзсан анхны арга хэмжээ Варшавын Их Сургуульд боллоо. Тэрбээр “Боловсролын үнэ цэн хийгээд хүн төрөлхтний өмнө хүлээх хариуцлага” сэдвээр айлдвар айлджээ. Их сургуулийн шинэ танхимд багш, ажилтнууд, оюутнууд болон урилгаар хүрэлцэн ирсэн зочид цугласан бөгөөд айлдварыг шууд дамжуулан, 100 гаруй хүн өөр танхимаас үзэж байлаа.
Айлдвар эхлэхийн өмнө их сургуулийн ректор, профессор Катаржина Халасиньска Мацуков Дээрхийн гэгээн Далай ламыг угтан, урилгыг нь хүлээн авч их сургуулийн оюутан, ажилтнууд болон олон нийтэд айлдвар айлдахаар ирсэнд явдалд талархал илэрхийлэв.
Дээрхийн гэгээн Далай лам айлдвараа боловсролын жинхэнэ зорилго бол утга учиртай, аз жаргалтай амьдрахад хөтлөх явдал гэдгийг онцолжээ. “Энэхүү үзэл санаа нь гэр бүл, нийгэм, улмаар хүн төрөлхтний нийт хүрээнд нэвтрэн төлөвших ёстой. Ёс суртахууны үнэт зүйлсийн ач холбогдол машид их бөгөөд энэрэнгүй сэтгэлтэй хүн илүү жаргалтай байж, сэтгэл санаа нь эрүүл, тайван байдаг нь ажиглагддаг. Нийгэмд боловсролыг халуун дулаан сэтгэлтэй хослуулах нь дотоод хүч чадал, өөртөө итгэх итгэлийг бий болгодог бөгөөд ийм хүн бусадтай илүү нээлттэй, үнэнч шударгаар харилцаж чаддаг аж. Бид бүгд жаргалыг хүсэж, зовлон зүдгүүрээс зайлсхийхийг эрмэлздэг ижил хүмүүс юм. Үндэс угсаа, арьс өнгөөр ялгаатай байх нь тийм ч чухал биш. Учир нь хувь хүн, гэр бүлийн түвшинд ч бидний үзэл бодол, сэтгэх арга барил олон янз байдаг билээ. Хүмүүс оршин буй цагт ялгаа зөрүү байсаар байх тул хүн төрөлхтний нийтлэг сайн сайхны төлөө хүлээх нийтлэг хариуцлага машид чухал юм. Үзэл бодлын зөрүүг даван туулах хамгийн сайн арга нь харилцан яриа өрнүүлж, нөгөө хүнийхээ байр суурийг ойлгох явдал билээ” хэмээн айлджээ.
Дараа нь Далай лам сонсогчдын асуултад хариулав. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн хямралаас эхлээд Зүүн Туркестанд болсон жагсаал цуглаан, Төвөдийн асуудлыг олон нийтэд таниулахад хэрхэн хувь нэмэр оруулж болох тухай өргөн хүрээт асуултыг асуужээ.
Тэрбээр Төвөдийг дэмжиж, туслах чин хүсэл эрмэлзэлтэй байдаг Польшийн ард түмэнд талархал илэрхийлээд, Төвөдөд айлчлан, тэнд амьдарч буй төвөдүүд машид жаргалтай байгаа гэсэн Хятадын албан ёсны мэдэгдэл үнэн эсэхийг өөрсдөө очиж үзэхийг уриалжээ.
Айлдварын дараа их сургуулийн ректор Дээрхийн гэгээн Далай ламд Варшавын Их Сургуулийн хүндэт медаль, өргөмжлөлийг өргөн бариь. Өргөмжлөлд “Хайр энэрэл, нигүүлсэлд тулгуурласан энх тайван, ёс суртахууны боловсролын хөгжилд оруулсан Дээрхийн гэгээн Далай ламын үнэтэй хувь нэмрийг үнэлж, дэлхийн хамтын нийгэмлэгт ёс суртахууны үлгэр дуурайлал болсон үйлсийг нь хүндэтгэн, энэхүү медалийг өргөн барив” хэмээсэн байв.
Үдээс хойш Дээрхийн гэгээн Варшавын бослогын музейд зочилжээ. Музейн захирал Ян Одаковски түүнийг дагалдан, 1944 онд польшийн ард түмэн эзлэн түрэмгийллийн эсрэг бослого гаргасан түүхийг танилцуулсан юм. Далай ламын айлчлал польшийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болоод олон нийтийн анхаарлыг машид татжээ. Тэрбээр музейтэй танилцсаны дараа хүндэт зочдын дэвтэрт мутрыг үсгээ зурж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Дээрхийн гэгээн тус музейд зочилсон нь машид сэтгэл хөдөлгөм үйл явдал байсныг хэлээд, “Эрх чөлөө, тусгаар тогтнолоо эргүүлэн олж авахын тулд польшийн ард түмэн ямар их золиос гаргасныг эндээс харж болох аж. Ард түмний тууштай байдал мөн төвөдүүдийг оролцуулан дэлхийн бусад дарлагдсан ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байдгийг нь машид өндрөөр үнэлж байна” хэмээжээ.
Үдээс хойш Дээрхийн гэгээн Далай лам хүндэт доктор Данзанжанчивын “Төвөдийн уламжлалт эмчилгээний эрүүл мэндийн клиник”-ийн нээлтэд оролцов. Варшав хотод анх удаа байгуулагдаж буй энэхүү клиникийн нээлтэд польшийн анагаах ухааны салбарын зочид төлөөлөгчид оролцжээ.
Үүний дараа эцэг Чеслав Банашкевичийн урилгаар Гэгээн Станислав Косткагийн сүмд гэнэтийн байдлаар зочлов. Сүмд хүрэлцэн ирмэгцээ Дээрхийн гэгээн эцэг Ежи Попелушкогийн бунханд хадаг өргөжээ. Ежи Попелушко нь коммунист дэглэмийн үед польшийн эрх чөлөөний төлөө уриалан номлож байснаараа ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн нэгэн бөгөөд 1984 онд коммунист дэглэмийн аюулгүй байдлын албаны ажилтнуудын гарт амь үрэгдсэн юм.
Өглөө нь Дээрхийн гэгээн Варшав хотын дарга Ханна Гронкевич Вальц, Варшавын Хотын зөвлөлийн дарга Ева Малиновска Групинска нарын зохион байгуулсан албан ёсны зоогт оролцов.
Дээрхийн гэгээн Далай лам маргааш хааны ордонд зохион байгуулах ёслолын үеэр “Варшав хотын хүндэт иргэн” үнэмлэхийг хүртэх юм. Ёслолд Польшийн ерөнхийлөгч асан, Нобелийн Энх тайвны шагналт Лех Валенса оролцоно.
Өдрийн туршид болсон арга хэмжээнүүдийн үеэр Дээрхийн гэгээн Далай лам эрх чөлөөний төлөөх тэмцэлд гаргасан хүч чадал, тууштай байдал мөн удаан хугацааны коммунис дэглэмийн дараа ардчиллыг тогтоох гэсэн польшийн ард түмний хүчин чармайлтыг машид хүндэтгэж буйгаа илэрхийлжээ. Дээрхийн гэгээнийг хаана ч очсон польшийн ард түмэн халуун дотноор угтан авч, дэмжлэг, хүндэтгэлээ илэрхийлж байв. Хэвлэл мэдээллийн төлөөлөгчид ч түүний оролцсон бүх арга хэмжээг дагалдан сурвалжилж байлаа.










