Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчэн Чойлин- Германы канцлерын сонгуульд ялалт байгуулсан Олаф Шольцд баяр хүргэн захидал илгээлээ.
“Таны ухаалаг, бодитой бодлогын ачаар Герман улс эдийн засгийн хувьд улам хөгжин цэцэглэж, дэлхий дахинд хүний эрхийг хүндэтгэх, ардчилал, эрх зүйт ёс, эрх чөлөөг хамгаалах үйлсэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэл дүүрэн байна. Европын Холбоог бэхжүүлэх, тогтвортой байлгахад Герман Улсын оруулж буй хувь нэмэр нь дэлхий дахинд урам зориг, итгэл найдварыг бий болгож байна.”
"Өнгөрсөн дөчин жилийн хугацаанд надад Герман Улсад олонтаа айлчлах завшаан тохиож, тус улсын ард иргэдийн илэн далангүй, халуун дулаан сэтгэлийг мэдэрч байсандаа сэтгэл ихэд хөдөлдөг. Танай улс шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх, хүн төрөлхтний нийтлэг мөн чанарыг ухааруулахын төлөөх миний хүчин чармайлтыг дэмжин урамшуулж байдаг нь надад урам зориг өгдөг билээ."
"Энэ завшааныг ашиглан Төвөдийн ард түмний нөхцөл байдалд анхаарал тавьж ирсэн Германы ард түмэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Герман Улсын Канцлер асан Ангела Меркель сайн санааны үүднээс энэ асуудалд хувийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж байсанд би ихэд талархдаг."
“Германы ард түмний итгэл найдвар, хүсэл эрмэлзлэлийн биелэл болж, учирч болох саад бэрхшээлийг амжилттай даван туулах болтугай” гээд Дээрхийн гэгээн Далай лам шинэ Канцлерт амжилт хүссэн захидлаа өндөрлөв.
Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа