Энэтхэг, Дарамсала, Тэгчин Чойлин - Дээрхийн гэгээн Далай лам Лондонгийн сүмийн хамба хатагтай Сара Маллалиг Каунтерберийн хамба буюу Английн сүм хийдийн нэгдсэн тэргүүнээр томилогдсонд чин сэтгэлийн баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлжээ.
Дээрхийн гэгээн захидалдаа, “Эдүгээ дэлхий нийтийн өмнө үй түмэн бэрхшээл тулгарч, хүн төрөлхтний суурь үнэт зүйлсийг сорьж буй цаг үе билээ. Оюун санааны удирдагчдын хувьд бид эдгээр үнэт зүйлсийг олон нийтийн анхааралд дахин хүргэх онцгой үүрэг хүлээж байна. Шашин бүр ууч өгөөмөр, тэвчээртэй, энэрэнгүй байхыг сургаж, тэдгээрийг хөгжүүлэх арга замыг заадаг. Энэ бүх сайхан чанарыг хүмүүс өөртөө төлөвшүүлж, амьдралд хэрэгжүүлж болох билээ.
Энэрэнгүй байх тухайд эмэгтэйчүүд өрөөл бусдын сэтгэл санааг илүү гярхай мэдэрч чаддаг гэсэн шинжлэх ухааны нотолгоо бий. Иймд манай удирдагчдын дийлэнх нь эмэгтэй байвал дэлхий нийт харилцан ойлголцол, энх тайвнаар оршин тогтноно болно гэдэгт би бат итгэдэг. Таны ийн энэ албанд томилогдсон нь итгэл найдварын гэрэл болж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Дээрхийн гэгээн Далай лам захидлынхаа төгсгөлд шинээр томилогдсон удирдагчид залбирал ерөөл өргөж, сайн сайхныг хүсжээ.