АНУ, Флорида муж, Бока Ратон хот. 2010 оны 2 дугаар сарын 24 (Мишель Дарган, Палм Бийч Дэйли Ньюс) - Төвөдийн Дээрхийн гэгээн 14-р Далай лам Лхагва гарагт Бока Ратон дахь Флорида Атлантик Их Сургуулийн (ФАИУ) танхимд цугласан 3000 хүнд энэрэн нигүүлсэл, эерэг сэтгэлээний ач тусын талаар ярилаа.
Тэрбээр "Энэрэнгүй сэтгэлээс дотоод амар амгалан, дотоод амар амгалангаас дэлхий дахины энх тайван бий болдог. Дотоод амар амгалангүйгээр бид дэлхийн энх тайванг бий болгож чадахгүй" гэж хэлэв.
Дээрхийн гэгээн хүн бүхэнд дотоод амар амгалан, энэрэн нигүүлслийн чадвар ижил байдаг гэв. Хэрэв хүн үргэлж айдас, сэжигт автаж байвал энэ нь "маш муу". Хүн бүр адилхан сайхан сэтгэл гаргах чадамжтай гэж хэллээ.
"Миний хувьд энд цугласан олон ялгаагүй л ах, эгч, дүүс минь" гэж тэрбээр хэлэв. "Сэтгэл санаа, оюун ухаан, бие махбодийн хувьд бид адил. Сөрөг сэтгэл хөдлөлүүд болох уур, айдас, хардлага ч адил. Нөгөө талдаа бид энэрэн нигүүлсэх ижил чадамжтай. Энэрэнгүй сэтгэл бол дотоод амар амгалангийн эх сурвалж. Бид бүгд ижил чадамжтай."
Дайснаа энэрэн нигүүлсэх нь дотоод амар амгаланд хүрэхэд тусалдаг гэж тэр ярилаа.
"Бие биедээ атаархдаг хөршүүд хэзээ ч амар амгаланг олохгүй" гэж Далай лам хэлэв.
Үргэлж, чин сэтгэлээсээ инээмсэглэх нь энэрэн нигүүлсэл, дотоод амар амгаланг олох бас нэгэн түлхүүр. Хэдий чинээ эерэг байх тусам төдий чинээ сайхан мэдрэмж төрдөг хэмээн тэрбээр хэллээ.
Далай лам "Эрдэмтэд биеийн эрүүл мэндийн хувьд цусны даралт, сэтгэлийн түгшүүр, айдас зэргийг багасгахад тайван байдал маш чухал гэдгийг ойлгож эхэлж байна" хэмээв.
Нэмэлтээр 2500 оюутан, багш, ажилчид 74 настай, цөллөгт буй Төвөдийн буддын шашны тэргүүн Данзанжамцыг тусдаа танхимд шууд дамжуулалтаар үзжээ.
Уг арга хэмжээнд нийт 873 олон нийтийн тасалбар зарагдсан байна.
Хүмүүс өглөөний 8:30 цагт танхимд цуглаж эхэлсэн бөгөөд 9:30-д хаалга хаагджээ.
Өглөөний 10:05-д Дээрхийн гэгээнийг тайзан дээр гарч ирэх үед танхимд байсан бүх хүмүүс бослоо. Тэрбээр хүндэт зочидтой гар барьж, цугласан олонтой гар даллан мэндчилэв.
Далай лам бараг 45 минут ярьж, оюутан, багш, ажилтнуудын бэлтгэсэн асуултад 15 минут хариулсан байна.
Дотоод амар амгаланг олж авахад бясалгал түүнд хамгийн сайн тусалдаг гэж Далай лам ярилаа. Тэрбээр өглөөний 3:30-д босч, буддын залбирал уншин өдрийг эхлүүлдэг аж.
Энэрэн нигүүлсэлд зайлшгүй хэрэгтэй нэг бүрэлдэхүүн хэсэг бол оюун ухаан.
Нөхцөл байдлыг зөвхөн нэг өнцгөөс харах нь түгшүүр, бухимдлыг дагуулдаг. Харин түүнийг олон талаас харах нь "шинэ боломжуудыг авчирдаг" гэж тэрбээр хэлэв.
ФАИУ-ийн Дороти Ф. Шмидтийн Урлаг, утга зохиолын коллежийн декан Манжунат Пендакур "Энэ нь энх тайвны төлөө илүү хичээнгүйлэн ажиллахад томоохон түлхэц боллоо. Энэ бол их сургуулийн түүхэн дэх чухал өдөр. Бид талархаж, урамшиж байна" гэв.
ФАИУ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жон Притчетт энэ "түүхэн үйл явдал"-д хүн бүхнийг тавтай морилохыг урилаа.
Притчетт Далай ламыг "энэ дэлхийд нэг хүний хүрч болох бүх сайн сайхны амьд жишээ, эр зоригтой, энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөх итгэл үнэмшилтэй нэгэн" хэмээн нэрлэв.