Энэтхэг, Химачал Прадеш, Энэтхэг, Дарамсала. 2009 оны 9 дүгээр сарын 29. Өдгөө 74 насыг зооглон буй Дээрхийн гэгээн Далай лам дэлхийн олон орноор аялан, машид залуухан хүнийг ч ядраахаар нягт хуваарийн дагуу ажилласаар байна. Түүний ажлынхаа хэмнэлийг сааруулах боломжгүй гэж туслахууд нь ярьжээ.
Сүүлийн 2 сарын хугацаанд өөрийгөө “эгэл нэгэн хувраг” хэмээн тодорхойлдог, 6 сая төвөд хүний хувьд оюун санааны дээд удирдагч Дээрхийн гэгээн Далай лам Тайвань, Швейцар, Чех, Словак, Герман, Польш улсад айлчилжээ. Одоо тэрбээр Хойд Америкт айлчилж байна. Өнгөрсөн 7 хоногт Мемфис хотод хүрэлцэн ирэхэд хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Лоури түүнийг нударгаа нийлүүлэн, энгийн дотно байдлаар мэндчилсэн нь хэвлэл мэдээллийн анхаарлыг татжээ.
“Би түүнд ажлынхаа хэмнэлийг жаахан сааруул гэж хэлдэг” хэмээн Төвөдийн дүрвэгсдийн Засгийн газрын тэргүүн Самдан ринбүүчи Энэтхэгийн уулын бүсэд орших, манан бүрхсэн Дарамсала хотноо ярьж байжээ. Дээрхийн гэгээн Далай лам Хятадын эрхшээлээс зугтан Төвөдөөс дүрвэснийхээ дараа энэ хотод төв байгууллагаа байгуулсан юм.
Бор хүрэн лам хувцас, цангинасан инээд, том нүдний шил, энх тайвны тухай сургаалаараа танигдсан Далай лам өнгөрсөн 1 жилийн хугацаанд 2 ч удаа эмнэлэгт хэвтсэн ч ажлынхаа эрчимт хэмнэлийг хадгалсаар байна. Эмнэлэгт хэвтсэн шалтгаан нь цөсний чулуу зэрэг харьцангуй хөнгөн өвчний улмаас болсон аж. “Түүнд ер бусын их эрч хүч буй. Би түүний хэмнэлийг гүйцэж үл чадна. Гэтэл би түүнээс 3 насаар дүү шүү дээ” хэмээн Самдан ринбүүчи ярилцлагадаа хэлжээ.
Хималайн сүрлэг оргилуудаар хүрээлэгдсэн Дарамсала хотод Дээрхийн гэгээн Далай лам өглөө бүр 330 цагт босдог. Нарсан ойт гүн хавцлуудын дундуур мушгиран үргэлжлэх, эгц уруу бүхий хуучирсан нарийн замаар хүрч очдог энэ жижиг хотод Далай лам өглөөг залбирал, бясалгалаар эхлүүлдэг аж. Нобелийн Энх тайвны шагналт тэрбээр 2 цагийн турш залбирал үйлдэж, бясалгал хийдэг гэж туслахууд нь ярьжээ. Төвөдийн эх нутагтаа болон хилийн чанадад амьдарч буй ард түмнийг нэгтгэн зангидаж чаддаг Далай ламыг бурхны шашны лам нарын баг 2 настайд нь өмнөх XIII Далай ламын хойд дүр хэмээн таньж тодруулсан байна. Түүний өдөр тутмын амьдралын хэвшилд өглөө эрт гэрийнхээ цэцэрлэгт хүрээлэнд богино хугацаанд алхах багтдаг. Харин бороо орвол гүйлтийн зам дээр дасгал хийдэг аж. “Тэр бас мөргөл үйлддэг. Энэ бол маш сайн дасгал” хэмээн Далай ламын хэвлэлийн төлөөлөгч Данзан Тахла AFP агентлагт ярьжээ. Тэрбээр мөргөлийн үеэр биеэ бөхийлгөн, духаа газарт хүргэж мөргөдгийг тайлбарласан байна. Үүний дараа нэрийг нь орчуулбал “Мэргэн ухааны далай” гэсэн утгатай Далай лам будаа, талх, жимсний чанамал зэрэг өглөөний хоолоо цайтай хамт ууж, “BBC World Service” радиог сонсдог аж. Дараа нь бясалгалаа үргэлжлүүлж, бурхны судар номоо үздэг байна. Бясалгал нь түүнийг үхэлд сэтгэл зүйн хувьд бэлтгэхэд тусалдаг хэдий ч тэрбээр 100 наслахыг хүсдгээ хэлж байжээ. Үүний дараа үдийн зоогийн цаг ирнэ. Буддын лам нар үдийн хоолоо үдээс өмнө идэж эхлэх ёстой аж.
Үсээ маш богино зассан, халзарч эхэлсэн Далай лам гурван давхар шар өнгийн Намжил хийдэд ажлаа явуулдаг ч ойролцоох энгийн байшинд амьдардаг байна. Тэрбээр голдуу цагаан хоолноос бүрдэх эрүүл хоолны дэглэм баримталдаг бөгөөд дэлхийн улс орнуудаар аялан, бурхны шашны чухал зарчим болох харилцан буулт хийх, хүчирхийлэл үл үйлдэхийг сурталчлахдаа ч үүнийгээ мөрддөг аж.
Хятад улс Төвөдийн тусгаар тогтнолыг бус, өөртөө засах эрхийг хүсэж буйгаа Дээрхийн гэгээн Далай лам олон удаа мэдэгдсэн ч түүнийг “салан тусгаарлагч” хэмээн үздэг. Мөн дэлхийн улс орнуудын удирдагчдад түүнтэй уулзахгүй байх шахалт үзүүлсээр байна.
Далай лам ирэх сард Вашингтонд айлчлах боловч АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 11 дүгээр сард Хятадад хийх анхны айлчлалаа дуусгасны дараа л түүнтэй уулзана гэж албаны хүмүүс мэдэгджээ. Шинжээчдийн үзэж буйгаар Далай ламтай уулзахгүй байх шийдвэр нь Обамагийн Хятад дахь айлчлалд сөргөөр нөлөөлөхөөс зайлсхийсэнтэй холбоотой аж.
Зураг. Төвөдийн дүрвэгсдийн Засгийн газрын тэргүүн Самдан ринбүүчи Далай ламын ажлын хэмнэлийг гүйцэж чаддаггүйгээ ярьжээ. Тэрээр Далай ламаас гурван насаар дүү билээ. Зургийг Manpreet Romana.
Дээрхийн гэгээн Далай лам үдээс хойш албаныхан, сүсэгтэн олон болон өөртэй нь уулзахыг хүссэн хүмүүстэй уулздаг. Тэдний дунд хятадын хилийн харуулуудаас зугтан, Төвөдөөс гарч ирсэн дүрвэгчид ч бий. “Тэр Төвөдөөс ирсэн хүмүүстэй уулзахаа хэзээ ч алгасдаггүй” хэмээн Дарамсала дахь дүрвэгчдийг хүлээн авах төвийн захирал Наваанноров хэлжээ.
Далай лам чөлөөт цагаараа цаг зэрэг өөрийнх нь нэрлэдгээр “механик зүйлс”-ийг оролдож үзэх дуртай. Гэхдээ компьютер ашиглахдаа тун тааруу гэдгээ ч хэлж байв. Түүнчлэн нэвтэрхий толь болон Дэлхийн II дайны тухай зурагт ном үзэж сонирхдог байна. Оройн 1800 цагт цай ууж, залбирал үйлдэн, дахин бясалгал хийсний дараа 2030 цагт унтахаар хэвтдэг аж. Ийнхүү тэрбээр өдөрт 17 цагийн турш ажиллаж, бясалгал болоод бусад үйл ажиллагаанд цаг зарцуулдаг байна.
“Тэр ийм эрчимтэй хуваарийг үргэлжлүүлж чаддаг нь маш сайн сахилга баттай байдагтай холбоотой гэж би боддог. Тэр өдөр тутмын хэвшлээсээ бараг л хазайдаггүй” хэмээн Далай ламын дэргэд 13 жил ажилласан Тахла ярьжээ. “Тэр үнэхээр ядрахыг мэддэггүй. Ажлынхаа хэмнэлийг хэзээ ч сааруулдаггүй” гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Далай ламтай ойр байдаг хүмүүсийн ярьснаар, тэрбээр өөртэй нь уулзах хүсэлт тавьсан хүмүүст татгалзахад тун хэцүү байдаг аж. “Түүнд маш олон урилга ирдэг бөгөөд тэр хэнийг ч гонсойлгохыг хүсдэггүй” хэмээн Төвөдийн дүрвэгчдийн Засгийн газрын тэргүүн хэлжээ. “Тэр ирсэн хүсэлт, урилгынхаа ердөө 20%-ийг л хүлээн авах боломжтой. Үлдсэн 80%-д нь татгалзахаас өөр аргагүй болдог. Гэсэн ч түүнд хэтэрхий их ачаалал ногдсон хэвээрээ л байна” гэж Самдан ринбүүчи хэлсэн байна.
Далай лам өмнө нь албан үүргээсээ чөлөөлөгдөх тухай бодож буйгаа цухуйлгаж байсан ч одоо энэ санаагаа няцаажээ. “Албан үүргээсээ чөлөөлөгдөх тухай ярих шаардлага ч, үндэслэл ч алга” хэмээн Дээрхийн гэгээн саяхан хэлсэн байна.










