Бельги улс, Брюссель хот. 2006 оны 6 дугаар сарын 2. Далай ламын Бельгид хийсэн 4 дэх удаагийн айлчлалын 3 дахь өдрийн хөтөлбөр улс төрийн онцлох үйл явдлуудаар дүүрэн байлаа. Дээрхийн гэгээн өглөө нь Европын парламентын Гадаад харилцааны хорооны хуралдаанд оролцож, гишүүдэд хандан үг хэлэхэд тус хорооны гишүүд халуун дотноор угтан авчээ.
Дээрхийн гэгээн Европын холбоог гишүүн 25 орныхоо төдийгүй дэлхий дахины хэмжээнд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод, “Европын геополитик болоод дэлхийн хэмжээнд чухал байр суурь эзэлдэг ОХУ-ыг Европын холбоонд элсүүлэх асуудлыг ч авч үзэх хэрэгтэй. Европын холбоо гишүүн орнуудын бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэхийн зэрэгцээ үр дүнтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байвал Европын холбооны загвараар Азийн холбоо, Африкийн холбоо, Латин Америкийн холбоо тэргүүт бүс нутгийн байгууллагууд бий болох боломжтой. Улмаар нийтлэг эрх ашиг, тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэх зорилготой дэлхийн хэмжээний холбоо ч байгуулагдаж болох юм” хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.
Дээрхийн гэгээн Төвөдийн асуудлыг шийдвэрлэхэд Европын холбооноос үзүүлж буй дэмжлэгийг өндрөөр үнэлээд, “Төвөдийн дүрвэгсдийн Засгийн газрын олон жилийн тууштай хүчин чармайлтаас гадна Европын холбоо, АНУ-ын улс төрийн тасралтгүй дэмжлэгийн дүнд Төвөд, Хятадын шууд харилцаа холбоо дахин сэргэж чадсан билээ. Үүнээс хойш хоёр талын хооронд нийт 5 удаагийн уулзалт болсон бөгөөд одоогоор санал зөрөлдөөнтэй гол асуудлуудаар дорвитой ахиц гарч чадаагүй байгаа ч Хятадын Засгийн газрын эдгээр уулзалтад хандах хандлагад тодорхой хэмжээний дэвшил гарсан юм” хэмээн мэдэгдэв.
Дээрхийн гэгээн Төвөдийн ирээдүйн автономит байдлыг Канадын Квебек муж, Их Британийн бүрэлдэхүүн дэх Шотландын статустай харьцуулан тайлбарлав. Түүнчлэн Хятадын олон иргэн төвөдийн буддын шашныг сонирхож буй нь нааштай дохио хэмээн онцоллоо. Олон хүн Хятадаас Энэтхэг улсад ирж, Дээрхийн гэгээний айлдвар номлолд оролцдог байна.
Далай лам “Төвөдийн өндөрлөг нь Ази тивийн олон гол мөрний эх ундарга бөгөөд эдгээр гол мөрөн нь олон сая хүний амьдрал ахуйг тэтгэдэг тул төвөдийн экологийг хамгаалах асуудал нэн чухалтай байна. Иймд Хятад болон барууны орнуудын байгаль орчны мэргэжилтнүүд эдгээр гол мөрний эх ундарга болсон газруудад биечлэн очиж, төвөдийн экологийн тогтолцоог хадгалж хамгаалахад чиглэсэн байгаль орчинд ээлтэй, тогтвортой арга хэмжээний талаар хятадын эрх баригчдад санал зөвлөмж өгөх нь чухал” хэмээн санал бодлоо илэрхийлэв.
Далай ламын хэлсэн энэ үгс Европын парламентын Гадаад харилцааны хорооны гишүүдийн анхаарлыг ихээхэн татсан бөгөөд тэд Төвөдийн асуудлыг дэмжихийн тулд тодорхой ямар чиглэлээр тусалж болох талаар лавлан асуужээ. Мөн Далай лам Европын парламентын ерөнхийлөгч Жозеп Боррелл, Европын парламент дахь улс төрийн бүлгүүдийн удирдагчидтай уулзаж, санал бодлоо илэн далангүй солилцсон юм.










