Словени, Марибор хот, 2010 оны 4 дугаар сарын 6. Өнөөдөр Дээрхийн гэгээн Далай лам Словенийн хоёр дахь том хот Мариборт "Шинэ мянганы ёс зүй" сэдвээр 5,000 гаруй үзэгчид зайгүй дүүргэсэн танхимд хоёр цагийн турш илтгэл тавилаа. Олон нийтэд зориулсан илтгэлийн тасалбар долоо хоногийн дотор дууссан байна. Үзэгчдийн дунд Австри, Итали, Унгар, Хорват зэрэг хөрш орнуудаас ирсэн хүмүүс байв.
Зураг. Далай лам Марибор дахь илтгэлийнхээ үеэр үзэгчидтэй мэндчилж байна.
Үзэгчдэд Дээрхийн гэгээн Далай ламаас боловсрол, аз жаргал, энэрэн нигүүлсэл, улс төр, соёлоос авахуулаад түүний хойд дүр хүртэл төрөл бүрийн сэдвээр асуулт асуух боломж олдсон юм.
Тэрбээр халуун дулаан сэтгэлийг төлөвшүүлэхийн ач холбогдлыг онцолж, жинхэнэ амар амгалан бидний дотроос бий болох ёстой хэмээв. Мансууруулах бодис, мөрийтэй тоглоом, согтууруулах ундааны хэрэглээ гэдэг нь дотоод чадамж, дотоод үнэ цэнээ бүрэн ухамсарлаагүйгээс үүдэлтэй аж.
1959 оны 4 дүгээр сард Төвөдийг орхин гарч Энэтхэг рүү дүрвэсэн шалтгаанаа иргэний дайн эсвэл гамшгийн улмаас бус, харин Төвөдөд урилгагүй зочин ирж, бүх зүйлийг хяналтдаа авсан явдал байсан хэмээн тэрбээр ярилаа. Дээрхийн гэгээн Далай лам цааш нь Төвөдийн ирээдүйн төлөвийн талаарх байр сууриа дахин илэрхийлж, "Бид салан тусгаарлахыг эрэлхийлээгүй, БНХАУ-ын нэг хэсэг хэвээр үлдэх хүсэлтэй" хэмээн мэдэгдсэн байна.
Нэгэн асуултын хариуд Дээрхийн гэгээн Далай лам "Би хариултыг нь мэдэхгүй байна" гэж хэлэхэд үзэгчид чангаар алга ташив.
Нэгэн залуу бүсгүй Дээрхийн гэгээн Далай ламаас "Амьдралын утга учир юу вэ?" гэж асуулаа.
"Аз жаргалтай амьдрал" гэж Дээрхийн гэгээн огтхон ч тээнэгэлзэлгүй хариулав. "Ирээдүй хэдий тодорхойгүй ч бид итгэл найдвар тээсээр байдаг. Итгэл найдвар алдагдвал амьдрал өөрөө богиносно. Итгэл найдвар гэдэг сайн сайхан зүйл. Амьдралын жинхэнэ утга учир бол аз жаргал."
Олон нийтэд хандсан илтгэлийн дараа Дээрхийн гэгээн хэвлэлийнхэнтэй ярилцлаа. Тус арга хэмжээнд оролцохоор 168 сэтгүүлч албан ёсоор бүртгүүлснээс 35 гаруй нь хөрш орнуудаас ирсэн байв.
Зураг. Дээрхийн гэгээн Марибор хотын даргаас хотын түлхүүрийг хүлээн авч байна.
Өглөө нь Дээрхийн гэгээн Далай лам Марибор хотын дарга ноён Франц Канглертай албан өрөөнд нь уулзсан байна. Хотын дарга Дээрхийн гэгээн Далай ламд Марибор хотын түлхүүрийг гардуулжээ. Уулзалтын дараа Дээрхийн гэгээн хотын цэцэрлэгт хүрээлэнд энх тайвны мод тарилаа. Цэцэрлэгт хүрээлэнд цугласан хүмүүст хандаж хэлсэн үгэндээ Дээрхийн гэгээн Далай лам хүчирхийлэл, цус урсгах, дайн тулаан хийх нь хоцрогдсон зүйл бөгөөд XX зуун цус урсгасан зуун байсан бол XXI зуун яриа хэлэлцээрийн зуун байх ёстой хэмээсэн байна. Дараа нь Дээрхийн гэгээн Мариборын 1-р ахлах сургуулийн мянга гаруй сурагчдад хүмүүнлэг үнэт зүйлсийн талаар ярилаа.
Үдийн хоолны өмнө Дээрхийн гэгээн Далай лам Ерөнхий сайд асан, Словенийн Ардчилсан намын дарга ноён Янез Яншатай уулзав. Ноён Янез Янша "Таны айлчлалд бид маш их талархаж байна" гэсэн байна.
Энэ өдрийн олон нийтийн хөтөлбөрүүдийн үеэр Дээрхийн гэгээн Далай ламыг хаа явсан газарт нь хэдэн зуун хүн, дүрс бичлэг, зураглаач зэрэг 50 гаруй сэтгүүлчид амдан хүлээж байлаа.
Орчуулсан Б.Одгэрэл