АНУ, Пенсильвани муж, Бетлехем хот. 2008 оны 7 дугаар сарын 13. Далай лам ням гарагт “Исламын шашныг хүчирхийлэлтэй холбон тодорхойлох нь туйлын буруу, шударга бус” хэмээн мэдэгдэв.
Пенсильвани мужийн Лихайн Их Сургуульд болсон арга хэмжээнд оролцох үеэрээ Төвөдийн оюун санааны удирдагч шашны хүчирхийлэл дагуулсан хэт үзэл газар авч буй талаар тавьсан асуултад хариулахдаа исламын шашныг өмгөөлөн байр сууриа илэрхийлэв. Мөн 2001 оны 9 дүгээр сарын 11-ний халдлагаас хойш мусульманчуудтай холбоо тогтоож, харилцан ойлголцохыг онцгойлон чухалчилж ирснээ тэмдэглэв.
Далай лам 600 жилийн түүхтэй буддын шашны нэгэн судрын тухай цуврал айлдвар айлдахаар Лихайн Их Сургуульд морилон саатлаа. Ням гарагт цуврал айлдвараа түр завсарлан “Сайхан сэтгэлийг төлөвшүүлэх нь” сэдвээр олон нийтэд лекц уншив. Үүний дараа Лихайн Их Сургуулийн ерөнхийлөгч Алис П.Гаст олон нийтээс урьдчилан ирүүлсэн асуултуудыг Дээрхийн гэгээнд тавьж, хариулт авав.
Яагаад ийм олон америк хүн сэтгэл гутралд орж, түгшүүртэй байдгийг асуухад Дээрхийн гэгээн “Та буруу хүнээс асууж байна. Америкчуудаас өөрсдөөс нь асуух хэрэгтэй” хэмээн хошигноод, “Америкийн нийгэм хэт өрсөлдөөнтэй бөгөөд хүмүүс үргэлж илүү ихийг, улам ихийг, дахиад илүү ихийг” хүсдэг гэж тайлбарлав.
Далай ламын лекцийг сонсохоор 5000 орчим хүн цугларч, суудал дүүрсэн ч тэрбээр ирэх сард болох Бээжингийн олимпын талаар огт дурдсангүй. Хятадын Засгийн газар яриа хэлэлцээг цааш үргэлжлүүлэх нөхцөл болгож, Далай лам олимпыг дэмжиж буйгаа илэрхийлэн, олимпыг үймүүлэх оролдлогуудыг буруушаахыг шаардсан байна.
Хятад улс 1950-аад оноос хойш Төвөдийг захирч иржээ. 1959 оны бослого бүтэлгүйтсэний дараа Энэтхэг рүү дүрвэсэн Далай лам төвөдүүдэд соёл, хэл, шашин шүтлэгээ чөлөөтэй хадгалан авч явах боломж олгох тодорхой хэмжээний өөртөө засах эрх хүсэж буйгаа мэдэгдэж ирсэн юм.
7 дугаар сарын 6-ны өдөр 73 нас сүүдрийг зооглосон Далай лам “бүрэн тэтгэвэрт гарах” өдрөө тэсэн ядан хүлээж буйгаа хэлэв. Мөн өөрийгөө өдгөө Хилийн чанад дахь Төвөдийн төв захиргааны “Хамгийн ахмад, хамгийн хүндэт зөвлөх” гэж тооцогдох болсон хэмээн хошигнолоо.
Дээрхийн гэгээн Филадельфи хотын Киммел төвд үг хэлэхээр төлөвлөжээ.










