Канад улс (National Post) - Парламентын гишүүд Далай ламыг Канад улсын хүндэт иргэн болгох тухай Консерватив намын санаачилгыг санал нэгтэйгээр дэмжсэн шийдвэр нь Оттава хотын зүгээс хилийн чанадад буй Төвөдийн удирдагчид хандах хандлагад гарсан таатай өөрчлөлтийг илтгэж байна. Энэ бол машид их хүндэтгэл бөгөөд өмнө нь ердөө хоёрхон хүнд буюу Өмнөд Африкийн удирдагч Нельсон Мандела, Дэлхийн II дайны үеэр Унгар улсын олон мянган еврей хүний амийг аварсан Швед улсын дипломатч Раул Валленберг нарт л олгож байжээ. Дээр дурдсан бусад зүтгэлтнүүдийн нэгэн адил канадчууд Далай ламыг эх орныхоо хүндэт иргэн хэмээн бахархах учиртай билээ.
Дэлхийн хэмжээнд энх тайван, хүчирхийллийн бус үзлийг тууштай дэмжигч, Нобелийн Энх тайвны шагналт Далай лам болбоос Хятад улсын Засгийн газрын үргэлжилсэн харгис эзлэн түрэмгийлэлд өртөөд буй Төвөдийн оюун санааны удирдагч төдийгүй төрийн тэргүүн юм. Коммунист дэглэмийн хэлмэгдүүлэлт, хүн амын шилжилт хөдөлгөөн болон тус улсын нийгэм, шашны тогтолцоонд чиглэсэн халдлагаар дамжуулан төвөдийг хүчээр уусган нэгтгэх оролдлого зэрэг нөхцөл байдлын дунд ч Далай лам өөрийн энх тайвны сургаалд үнэнч хэвээр үлджээ. Тэрээр эзлэн түрэмгийлэгч талтай хэлэлцээ хийх саналыг удаа дараа тавьж ирсэн бөгөөд Төвөдийн хувьд бүрэн тусгаар тогтнолоос наахны шийдлийг ч авч үзэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байв.
Түүний эвлэрлийн олон алхмын хариу болгон коммунистууд тус улс дахь хяналтаа улам чангатгаж, цөмийн хаягдлын цэг болгон хувиргаснаар байгаль орчныг нь сүйтгэхэд гар бие оролцсон төдийгүй Далай лам болон Төвөдийн эрх чөлөөний тэмцлийг хүлээн зөвшөөрүүлэхгүй байхын тулд Хятад улсын эдийн засгийн нөлөөг ашигласаар иржээ. Канад улсын ерөнхий сайд нар Хятадын шаардлагад дуртайяа буулт хийдэг. Тэд Далай ламтай уулзахаас эрс татгалзаж ирсэн ч хоёр жилийн өмнө Пол Мартин уулзалт хийхийг зөвшөөрсөн юм. Гэвч ноён Мартин Хятадын шахалтад орсны улмаас уг уулзалтыг холбооны засгийн газрын ямар нэгэн барилгад бус харин төвийг сахисан газарт хийхийг шаарджээ. Тэрбээр мөн уг уулзалтыг зөвхөн Далай ламын шашны тэргүүний хувиар хийх ёстой гэсэн урьдчилсан нөхцөлөө тодорхой илэрхийлж байлаа. Ийм утгагүй шаардлагууд нь Хятад улсын Төвөдийн асуудлаарх бодлогыг Канад улс эрс шүүмжлэх ёстой байсан тэрхүү үйлдлийн ач холбогдлыг үнэгүйдүүлж орхижээ.
Консерватив намын гишүүн Дэвид Свитийн санаачилж, Нийтийн танхим дахь бүх нам дэмжсэн, Далай ламд “Канад улсын хүндэт иргэн” хэмээх хүндэтгэлийг өргөн барих тухай тогтоолын төсөлд эзлэн түрэмгийллийн асуудлыг хөндөөгүй байна. Гэсэн хэдий ч энэ бол есдүгээр сард Канадад хийх айлчлалынх нь өмнө энэхүү агуу хүнд үзүүлж буй томоохон хүндэтгэл билээ. Тэд үүнээс илүү алхам хийх хэрэгтэй. Дараагийн удаа Далай лам ерөнхий сайдтай уулзах хүсэлт гаргавал уг уулзалтыг Парламентын ордонд зохион байгуулах ёстой. Үүний дараа Далай ламыг Парламентын чуулганд үг хэлэхийг урих нь зүйтэй.










