Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсал, Тэгчэн Чойлин- Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам 87 насны төрсөн өдрөөрөө Лха-Гял горооны замын дээд хэсэгт байрлах Далай ламын номын сан, архивын төвийн шинэ барилгын нээлтийн ёслолд оролцлоо.
Далай ламын номын сан, архивын төвийн нээлтийн ёслолын эхэнд Самдан ринбүүчи Дээрхийн гэгээнд уламжлал ёсоор хүндэтгэл үзүүлж, тахил өргөж буй нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2022 оны 7 сарын 6. Гэрэл зургийг Дэнзэн Чойжир.
Дээрхийн гэгээн морилон ирж, ёслолын танхимын сэнтийд залрахад Самдан ринбүүчи мөргөл үйлдэн, мандал өргөлөө. Цай болон амтат будаагаар зочдыг дайлав. Далай ламын сангийн төслийн менежер Зумчун Даш ёслолыг нээв. Тэрээр уригдсан зочид, тухайлбал Гандан Три ринбүүчи, Төвөдийн төв захиргааны байгууллагын удирдлагуудыг хүлээн авч, мэндчилэн Самдон ринбүүчиг Далай ламын номын сан, архивын төвийг хуран цугласан олонд танилцуулахыг урив.
Ринбүүчи Дээрхийн гэгээнд хүндэтгэл үзүүлэн “миний сахилын их багш” гэж дурдаад зочидтой дахин мэндчилж, дараах үгийг хэллээ.
“Хайдав жэ нэгэнтээ Богд Зонховд хандан “Таны амьсгал бүр тань хамаг амьтны тусын тулд байхад бусад үйл хэргийн тань талаар илүү өгүүлэх шаардлага юу сан билээ?” гэж асуусан гэдэг. Энэ үг Далай багшид мөн хамаатай билээ.
“Эрт цагт хүмүүс Бурхан багшийн айлдварыг ой тоондоо цээжлэн амаас аманд дамжуулан уншиж, түгээдэг байжээ. Техник технологи улам бүр хөгжиж байгаа эрин зуунд бид Дээрхийн гэгээний айлдвар сургаалыг дижитал-тоон хэлбэрээр хадгалах боломжтой боллоо. Зарим бичлэг бүрэн бус байгаа ч бид бүхий л хүчин чадлаараа сэргээж оруулах болно. Төвөд, англи хэлээс гадна өөр олон хэлээр бичигдсэн Дээрхийн гэгээний туурвил, түүний намтар үйлсийн талаарх ном зохиолыг бид архивлан хадгалахаар төлөвлөж байна.”
"Манай номын сан Дээрхийн гэгээний айлдвар сургаалыг хадгалж, түгээн дэлгэрүүлэх, хүн бүрд хүртээмжтэй байлгах зорилготой. Далай ламын өмнөх дүрүүдийн зохиол бүтээл, ном сургаал ч мөн архивт хадгалагдана. Дээрхийн гэгээнд олгосон олон шагнал ч мөн энд тавигдаж олны хүртээл болно. Ерөнхийдөө энэ төсөл нь Дээрхийн гэгээний үйлс зохионгуй, бүтээл туурвилын талаар сурч, судлахыг хүссэн хүмүүст эх сурвалж, сан хөмрөг нь болох юм. Дээрхийн гэгээний тусламж, дэмжлэгтэйгээр энэ бүх үйл хэрэг бүтсэн билээ.
Бүхий л эх сурвалжуудыг цуглуулж, архивлахын зэрэгцээ Дээрхийн гэгээнтэй ерөөл барилдлагатай хүмүүст зориулсан уулзалт ярилцлага, хурал зөвлөгөөнийг энд явуулж байх төлөвлөгөөтэй байна. Бидэнд бэлтгэгдсэн боловсон хүчин, сайн чанарын техник хэрэгсэл байгаа тул дэлхийн өнцөг булан бүрт хүрч, хүмүүстэй холбогдон ажиллах боломжтой болсон.
Нээлтийн ёслолын үеэр Самдан ринбүүчи Далай ламын номын сан, архивын төвийг хуран цугласан олонд танилцуулж буй нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2022 оны 7 сарын 6. Зургийг Дэнзэн Чойжир.
Дарамсала хотын захиргааны дүрэм журмыг чанд мөрдөж ажиллаж байгаагийн дээр энэ дашрамд тэдний дэмжлэг, туслалцаад талархаж байгаагаа илэрхийлье.
Бидний түүхэн баримт бичиг, мэдээ сэлт дутуу дулимаг хадгалагдсаны улмаас өнгөрсөнд зарим хүмүүс үүнийг давуу тал болгон ашиглаж байсныг санан, цаашид шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт аргыг ашиглан баримт бичгүүдээ хадгалах нь маш чухал. XII8 XIII Хашагийн үед архив байгуулахаар ажиллаж байсан ч энэ нь амжилт олоогүй ажээ.
Архивын энэхүү барилга болон Дээрхийн гэгээний ажлын албаны ажилтнуудын орон сууц 2017 оноос эхэлсэн боловч Ковид -19 цар тахлын улмаас түр зогсон, 2020 онд дахин үргэлжилсэн гэдгийг танилцуулгынхаа төгсгөлд онцлов. Тэрбээр хураасан буян бүхнээ Дээрхийн гэгээний өлмий батдахын тухайтад зориулан залбирал талбилаа.
Дээрхийн гэгээн хуран цугласан олонд хандан инээмсэглээд ийн өгүүлэв:
“Мэндэлсэн өдрөөр минь хүн бүр “Төрсөн өдрийн мэнд хүргэе!” гэж хэлээд аз жаргалтайгаар инээмсэглэх юм. Төвөд үндэстний хувьд энэ цаг үе амаргүй байгаа хэдий ч өнөөдөр та бүгдийг баяр хөөртэй байгаад талархаж байна. “Далай лам” хэмээх энэхүү алдрыг хүртсэнээс хойш Төвөдийн шашин, соёлыг хадгалан хамгаалахын тулд би өөрийн чадах бүхнээ хийж байна.”
"Нэгэн цагт Төвөдийн асуудал бүхэлдээ солонго мэт сарнин одох нь уу гэлтэй байсан ч бид олон сургууль байгуулж, хийдүүдээ дахин сэргээсний үрээр өнөөдөр манай соёл, шашин, хэл гадаад оронд ч түгэн дэлгэрч байна."
Анх АНУ-д айлчлах намайг Конгрессоор зочлохыг урьсан билээ. Тэгэхэд Конгрессын нэгэн гишүүн “Хятад Улс нь сая сая цэрэгтэй харин Далай лам бол ердөө ганцхан хүн атал тэд түүнийг дийлсэнгүй” хэмээн өгүүлсэн юм. Бид хэзээ ч худал өгүүлж байгаагүй, бидэнд шударга үнэн л байдаг гэсэн санааг үүнээс харж болно.
Олон жилийн туршид би үйлийн үр, учир шалтгаанд дулдуйдан чин шударгаар хичээнгүйлэн зүтгэж ирсэн. Төвөдийн асуудал бол зөвхөн улс төрийн асуудал биш, бөгөөд шударга үнэний асуудал юм.
Дээрхийн гэгээн Далай лам Дарамсала дахь Далай ламын номын сан, архивын төвийн нээлтийн ёслолд хуран цугласан олонд хандан айлдвар айлдаж буй нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2022 оны 7 сарын 6. Зургийг Дэнзэн Чойжир.
Төвөдийн шашин, соёлын гол үзэл санаа нь оюун ухаан ба сэтгэл хөдлөлийн нарийн үйл ажиллагааны тухай байдаг. Бид сөрөг сэтгэл хөдлөлөө зөвхөн тухайн агшинд дарахыг чухалчилдаггүй. Уламжлалт шашин, соёлд минь түүнийг ялан дийлэх, урвуулах арга зам нь байдаг. Ямар сэтгэл хөдлөл бидний дотоод амар амгаланг үймцүүлж байгааг ажиглан шинжилж, уур уцаар, атаа жөтөө алин болохыг тодорхойлоод тэдгээрийг багасгах, арилгахын тулд хичээнгүйлэн ажиллах ёстой.
Дээрхийн гэгээн ийн өгүүлэв: өнөөгийн хүмүүс тэр дундаа эрдэмтэн судлаачид Төвөдийн шашин соёлыг сонирхон, анхаарал хандуулж буйн учир нь бид сэтгэлийн амар амгаланд хүргэх арга замыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж буйд оршиж байна.
Төвөдийн шашны боловсролд суралцаж буй шавь эхлээд оюун ухааны мөн чанар, түүний учир шалтгааны талаар эхэлж суралцдаг.
Дээрхийн гэгээн цааш нь “Шавь нар судруудыг зүгээр л хүлээн зөвшөөрч унших бус, эрүүл саруул ухаанд тулгуурлан шүүн тунгааж, аль нь туйлын үнэн хэмээн үзэх ёстой, аль нь тайлбар шаардлагатайг нягтлан үзэж, шинжлэн суралцдаг" хэмээв.
"Мянган мянган жилийн турш Энэтхэг ‘каруна’ буюу нигүүлсэхүй, ‘ахимса’ буюу хүч үл хэрэглэх зарчмуудыг баримтлан, хэрэгжүүлж ирсэн. Харин Төвөд оронд эдгээр сургаал нь Наландагийн уламжлалын их мэргэдийн зааж номлосноор уламжлагдан, өвлөгдөн ирсэн. Бид эх нутгаасаа хол дүрвэн амьдарч буй нь гадна талаас өрөвдөлтэй, гунигтай байж болох ч энэхүү явдлын үр дүнд манай уламжлал соёлыг дэлхий даяар сонирхон, судалж шинжлэх болжээ.”
“Арван гуравдугаар Далай лам Хятад болон Энэтхэгт аль алинд нь морилж байсан. Тэрбээр Төвөд оронд өөрчлөлт шинэчлэлүүдийг хийсэн авч буддын гүн ухаан, сургаал номлолыг өөрийн улсын хил хязгаараас цааш дэлгэрүүлэхэд төдийлөн үр дүнтэй ажиллаж чадаагүй. Өнөө цагийн Төвөдийн эрдэмтэн мэргэд, номт хуврагууд маань хүн төрөлхтний сайн сайхны төлөө өөрийн уламжлал, шашин соёлоо ашиглан ихээхэн хувь нэмэр оруулж буйд нь ихэд талархаж байдгаа илэрхийлье."
"Бид дүрвэж ирснийхээ дараахан Энэтхэгийн Ерөнхий сайд Жавхарлал Неругийн тусламж дэмжлэгтэйгээр Төвөдийн хүүхдүүдэд зориулан сургуулиуд байгуулж, тэдэнд хичээл заах шашны багш нарыг томилж байсан. Харин хожим тэдгээр багш нарыг 'гүн ухааны багш' хэмээн нэрлэсэн. Үе үеийн маань сурагчид маань гүн ухаан болоод учир шалтгааны ухааны мөн чанар, түүнийг дадуулан хэрэглэхийн ач холбогдол, үнэ цэнийг нь мэдэрч, ойлгодог болжээ.
Гадаа ширүүн бороо орж буй хэдий ч та бүхэн түүнийг үл ажран баяр хөөртэй сууцгааж байна. Нэгэн удаа Найчун намайг “усан болор эрдэнэ”-тэй зүйрлэн өгүүлж байсан. Би Силингийн нутагт мэндэлсэн бөгөөд Лхаст суралцаж дараа нь Энэтхэгт дүрвэж иржээ. Амьдралынхаа энэ бүх замын туршид би сэтгэл оюунаа хөгжүүлэхэд суралцаж, түүнийгээ бусдад түгээж, хуваалцсаар байгаа билээ. Найчун чойжингийн дээрх “усан болор эрдэнэ”-ээс гарах гэгээн гэрэл дэлхийг гийгүүлнэ гэсэн зөгнөл биеллээ олсон мэт санагдана.
Дараа нь Дээрхийн гэгээн номын сан, архивын барилгын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцсон архитектор, инженер, талбайн хяналтын ажилтан болон бусад хүмүүст талархлын гэрчилгээг бэлгэ тэмдгийн хамт гардуулан өглөө.
“Далай лам сан”-гийн нарийн бичгийн дарга Жамбал Лхүндэв Далай ламын номын сан, архивын төвийн нээлтийн ёслолыг өндөрлөэ үг хэлж, талархал илэрхийлж буй нь. Энэтхэг, Химачал прадеш, Дарамсала. 2022 оны 7 сарын 6. Зургийг Дэнзэн чойжир.
“Дээрхийн гэгээний лагшин мэндэлсэн өдөр болох 7 сарын 6-ны өлзийт сайн өдөр Далай ламын номын сан, архивын төвийг нээх ёслолыг эхлүүлсэн Дээрхийн гэгээн Далай ламд гүн талархсанаа илэрхийлье. Мөн Самдан ринбүүчи болон өнөөдөр хүрэлцэн ирсэн хүндэт зочдод Далай ламын сангийн нэрийн өмнөөс талархсанаа дахин илэрхийлж байна" хэмээн Жамбал Лхүндэв хэллээ. Гэгээрлийн хутгийг хэзээ олно тэр хүртэл Дээрхийн гэгээний аврал, ивээлд үргэлжид багтан, төрлөөс төрөлд хамт байхын ерөөл залбирлыг өргөж байна. "Энэхүү төсөл таван жилийн турш үргэлжилсэн бөгөөд энэ үйл хэрэгт хувь нэмэр оруулсан хүн бүрд талархал илэрхийлж байгаадаа баяртай байна."
Арга хэмжээ дуусахын алдад Дээрхийн гэгээн хуран цугласан олонд хандан дахин ийн өгүүлэв.
“Хэдийгээр бид бүхэн эх нутгаасаа хол дүрвэн амьдарч буй хэдий ч бусад дүрвэгсэдтэй адил бус билээ. Бид гүн гүнзгий агаад асар баян соёл уламжлалтай бөгөөд өдгөө дэлхий дахин ихэд сонирхон улмаар түгэн тархаж байна.
"Бид Муссооригээс Дарамсала руу анх нүүж ирэхдээ Делигээс хол байгаад нь сэтгэл жаахан гонсойж байсан. Гэвч дараа нь Энэтхэгээс Сиккимд томилогдсон улс төрийн албан хаагч агсан Аппа Пант манайд зочилж билээ. Тэрбээр алсыг ширтэн зогсоод “Таны энэрэл нигүүлсэл, асрал хайрын талаарх айлдвар сургаалын гэгээн гэрэл эндээс тархан даян дэлхийг гийгүүлэхэд энэ газар орон машид тохиромжтой байна” гэж өгүүлж байсан.
Энэ үйл хэрэг миний төдийгүй эх нутагтаа амьдран суугаа болон хилийн чанадад дүрвэн амьдарч буй Төвөдийн ард түмний хүчин зүтгэлээр бий болсон юм. Тэд цаг ямагт миний заавар зөвлөгөөг хичээнгүйлэн дагаж байдаг билээ. Хамтдаа хүрсэн энэхүү ололт амжилтад хувь нэмрээ оруулсан бүхий л төвөдүүддээ талархал дэвшүүлье. Би цаашид арав, хорин жил илүү амьдарч өөрийн хувь нэмрээ үргэлжид оруулсаар байх болно.
"Цар тахал намжсаны дараа би Делид очиж орчин үеийн боловсролыг оюун санаа, сэтгэл хөдлөлийн талаарх эртний Энэтхэгийн сургаал, номлолтой хэрхэн хослуулан уялдуулах, улмаар хэрхэн бүрэн төгс боловсролыг бий болгох талаар эрдэмтэн, судлаач, багш нартай хамтарсан яриа хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.
Махатма Ганди хүчирхийллээс ангид зарчмыг олонд таниулж, түгээсэнтэй адилаар бид өнөөдөр хүн төрөлхтөнд энэрэл нигүүлслийг таниулах, ойлгуулах хэрэгтэй байна.
Өнөөдөр миний мэндэлсэн өдөр тул би сайхан хоол идэж сайхан амрах болно. Та бүхэн урам зоригтой байж хамтдаа ажиллаж хөдөлмөрлөн өөрийн чадах сайн үйлс бүхнийг хийж байгаарай хэмээн захья.
Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа