Иерусалим. 2006 оны 2 дугаар сарын 20. Тэргүүн раввин Йона Мецгер дэлхийн улс орнуудын шашны удирдагчдыг төлөөлсөн “Шашны Нэгдсэн Үндэстний Байгууллага” байгуулахыг уриалав. Мецгер уг шашны НҮБ-ыг Иерусалим хотноо байгуулж, Далай ламыг тэргүүнээр нь томилох санал дэвшүүлжээ.
Мецгер энэхүү санаагаа өөрөө Сефардын тэргүүн раввин, лалын шашны удирдагчид болоод Нобелийн Энх тайвны шагналт, хилийн чанадад буй Төвөдийн ард түмний оюун санааны удирдагч, Дээрхийн гэгээн Далай лам нар оролцсон уулзалтын үеэр дэвшүүлсэн байна.
“Шашны удирдагчид хоорондоо уулзаж, өөрсдийн бодож байснаас ч илүү олон зүйлээр ижил төстэй, нийтлэг үнэт зүйлтэй гэдгээ олж мэдэх боломжтой болно” хэмээн тэрээр үргэлжлүүлэн ярив.
Уулзалтыг ХАМАС-тай хэлэлцээ хийхийг дэмждэг, Самари дахь Текоа суурингийн раввин Менахем Фруман зохион байгуулжээ. Уулзалт Палестины тал, түүн дундаа ХАМАС-ын төлөөлөгчид Далай ламтай Бетлехемд хийхээр товлосон уулзалтаа цуцалснаас хэдхэн цагийн дараа болсон байна. “Төвөдийн ард түмний Израиль найз нөхөд” байгууллагын төлөөлөгчийн хэлснээр Палестины тал уулзалт хийх цаг хугацаа тохиромжгүй байсан гэж мэдэгдсэн ч үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна.
Уулзалт цуцлагдсан ч раввин Мецгер Далай ламыг инээмсэглүүлсэн нэгэн түүх ярьжээ. “Нэгэн удаа хасид урсгалын раввин Улаан өндөгний баяр Пасхагийн өмнө ядуу хүмүүст тусламж үзүүлэхийн чухлыг дагалдагчдадаа ойлгуулахыг хүсжээ. Тэгээд энэ тухайгаа хүмүүст хүргэхээр нэгэн элчийг илгээжээ. Элч буцаж ирээд, раввиндаа “Би 50%-ийн амжилттай ажиллалаа” гэж хэлэв. “Юу гэсэн үг вэ?” хэмээн раввин асуужээ. “Ядуу хүмүүс тусламж хүлээн авахыг зөвшөөрсөн шүү” гэжээ”.
Мецгер үүнийг өнөөгийн Израилийн нөхцөл байдалтай зүйрлэн, “Израильд ч нөхцөл байдал яг үүнтэй адил байна. Бидний 50% нь таны энх тайвны тухай захиасыг хүлээн авахад нээлттэй байдаг. Харин үлдсэн 50% нь хүлээн зөвшөөрөхийг хүлээж байна” хэмээн хэлэв.
Иерусалимын Дээд Шариатын шүүхийн шүүгч Кади Мухамед Зибде уулзалтын өмнө “Иерусалим пост” сонинд өгсөн ярилцлагадаа Далай лам болоод тэргүүн раввинуудад “Исламын шашны илүү эрүүл ухаалаг хувилбар”-ыг танилцуулахыг хүсэж буйгаа илэрхийлжээ.
“Энх тайван бол исламын шашны үндсэн хүсэл эрмэлзэл” хэмээн Зибде хэлээд, өөр өөр шашнуудын нийтлэг үнэт зүйлсийг үр өгөөжтэй яриа хэлэлцээр өрнүүлэхэд ашиглаж болно гэдгийг онцолсон байна. “Бүх монотеист буюу нэг бурханд итгэдэг шашин хүн төрөлхтний амьдрал бол ариун нандин болохыг хүлээн зөвшөөрдөг. Хүчирхийлэлгүй байх нь үнэт зүйл мөн билээ”.
Далай лам шашны удирдагчид нөхцөл байдлыг өөрчлөхөд онцгой үүрэг хүлээж байгааг дурдав. “Ямар ч эрхэм зорилготой үйл хэрэг саад бэрхшээлтэй тулгарах нь гарцаагүй. Шударга ёс, үнэнийг эрэлхийлэхийн тулд бидэнд тууштай шийдэмгий байдал хэрэгтэй” хэмээн айлдсан юм.
Фруман шашны харилцан хүндэтгэлд тулгуурласан яриа хэлэлцээр нь Израилийн оршин тогтнох эрхийг ХАМАС-аар хүлээн зөвшөөрүүлэх, өмнө байгуулсан хэлэлцээрүүдийг хүндэтгэх, наад зах нь терроризмын үйл ажиллагааг түр хугацаанд зогсооход Израильд тус болно гэж үзэж байгаа аж. “ХАМАС-ын удирдагчид Израилийн сионист, шашинжаагүй төрийг тэрслүү бузар хутга мэтээр үздэг. Гэхдээ хэрэв та тэргүүн раввинуудыг ХАМАС-тай шашны хэлээр ярилцуулахаар илгээвэл еврей үндэстний улс төрийн оршихуйг тэднээр хүлээн зөвшөөрүүлж чадна гэдэгт итгэж байна” хэмээн Фруман хэлжээ.
1959 онд төвөдийн ард түмэн эх нутгаасаа дүрвэсэн явдал болон еврейчүүд Израилийн газар нутгаасаа цөлөгдөн гарсан нөхцөл байдлын хооронд ижил төстэй талуудыг олонтоо харьцуулан ярьдаг. Энэтхэгийн Дарамсала хот төвөдийн шашин, оюун санааны төв болсон бөгөөд үүнийг Ариун сүм сүйдсэний дараах Явне хоттой зүйрлэдэг.
Өөрийгөө еврей ард түмний шүтэн бишрэгч гэдгээ илэрхийлдэг Далай лам өмнө нь еврей раввинууд болоод шашны оюун санааны удирдагчидтай уулзаж, иудейн шашны талаар, ялангуяа дүрвэгчдийн нөхцөлд хэрхэн оршин тогтнож ирсэн арга ухааны талаар суралцаж байжээ.
Ийм уулзалтуудын нэгийг Рожер Каменецийн “Бадамлянхуа цэцэг дэх еврей хүн” номд дүрслэн өгүүлсэн байдаг. Тэр үеэр еврейн каббала болоод буддын шашны тарнийн бясалгалын уламжлалын хооронд олон нийтлэг тал байгааг олж харжээ.










