Энэтхэг, Баруун Бенгал муж, Колката хот. 2010 оны 1-р сарын 10 (IBNS) - Цөллөгт амьдарч буй Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам хятадын эрх баригчдын үргэлжилсэн дарангуйлал, бослого хөдөлгөөнийг дарахын тулд хүний эрхийг зөрчиж байгаа зэргээс үл хамааран Төвөдийн өөртөө засах эрхийн талаар өөдрөг бодолтой байгаагаа Ням гарагт мэдэгдлээ.
"Төвөдийн хүсэл зориг маш хүчтэй бөгөөд миний бодлоор бүх зүйл үнэхээр өөрчлөгдөж байна. Хятад дахь тэрбум гаруй хүн бодит байдлыг мэдэх эрхтэй гэсэн хүчтэй мэдрэмж төрж байна" хэмээн тэрбээр Хятадын эрх баригчдыг шүүмжлэх зуураа итгэл найдвараа илэрхийлэв.
Төвөдийн нэгэн кино найруулагчийг Далай ламыг магтан дуулж буй дүрс бичлэг бүхий Төвөд дэх нөхцөл байдлыг харуулсан баримтат кино хийсэн хэргээр Хятадын эрх баригчид зургаан жил шоронд хорьсон талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Зураг. Цөллөгт амьдарч буй Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам "Аз жаргалын урлаг" нэртэй лекцийнхээ үеэр ярьж байна. Энэтхэг, Баруун Бенгал муж, Колката хот. 2010 оны 1-р сарын 10. (Ройтерс)
Далай лам Төвөдийн асуудалд ил тод байдал маш чухал бөгөөд Төвөдийн буддын шашин, соёлыг сонирхдог Хятад зохиолчид, уран бүтээлчдийн уг үйл хэрэгт үзүүлэх дэмжлэг улам бүр өсөн нэмэгдэж байгаад найдаж байгаагаа илэрхийлэв.
Саяхан Аруначал Прадеш мужийн Таванд айлчилсан нь Энэтхэг, Хятадын хоорондын хурцадмал байдлыг дахин сэдрээсэн Нобелийн энх тайвны шагналтан Энэтхэг улс дэлхий дахинд жинхэнэ оюун санааны зам мөрийг харуулж байна хэмээлээ.
Тэрбээр Ladies Study Group Charitable Trust-аас (Эмэгтэйчүүдийн сургалтын бүлэг буяны байгууллага) зохион байгуулсан шагнал гардуулах ёслол дээр "Аз жаргалын урлаг" сэдвээр ярьж, хотод төвтэй Диша хэмээх төрийн бус байгууллагад амьдралын боломж муутай хүүхдүүдэд боловсрол олгох тал дээр хийсэн ажлынх нь төлөө шагнал гардуулав.
Далай лам өөрийн хошигносон аястай, илэн далангүй байдлаар хэрэв оюун санааны зорилгыг үнэн сэтгэлээсээ хэрэгжүүлье гэвэл сүм хийдээс илүү эмнэлэг, сургууль барих нь чухал гэдгийг онцоллоо.
"Бурхан багшийн сургаалиуд түүний баримал хөшөөнүүдээс илүү чухал." гэж тэр хэлэв.
"Энэтхэгчүүд 1000 гаруй жилийн турш хуримтлуулсан баялгаа үл хайхрах бус үнэлж, нандигдах хэрэгтэй гэж би бодож байна. Би Энэтхэг улсын элч төлөөлөгчийн хувиар хаа сайгүй явж, шашин хоорондын эв найрамдлын захиасыг түгээдэг."
Тэрбээр Энэтхэгийн ахимса (хүч үл хэрэглэх) болон каруна (энэрэл, нигүүлсэл) гэсэн үзэл санаа нь аз жаргалыг эрэлхийлэхэд дэлхий дахинд хэрэгтэй зүйл юм хэмээлээ.
"Энэтхэг бол бидний гүрү (багш), харин бид чела нар (дагалдагчид)."
Аз жаргал гэдэг мөнгө, эрх мэдэл, тэр ч байтугай мэдлэгээс бус харин зүрх сэтгэлээс, дотроос ундран гардаг болохыг тэр хэлэв.
"Үнэмлэхүй аз жаргал таны дотор бий гэж Бурхан багш хэлсэн байдаг."
Тэрбээр хүн бүхнийг үзэн ядалт, атаархлын хүчнүүдтэйгээ тэмцэж, ядуучуудад туслахыг уриалав.
Орчуулсан Б.Одгэрэл