Энэтхэг, Ладак, Лэх, Шэвацэл. Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Химачал Прадеш мужийн ерөнхий сайдад захидал илгээн, сүүлийн хэдэн өдөр тус мужид бороо, үерийн улмаас үүссэн осол, гамшгаас үүдэн дахин 50 гаруй хүн алтан амиа алдсан тухай уйт мэдээг сонсоод, гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ.
Дээрхийн гэгээнтэн захидалдаа, “Өмнө нь дурдсанчлан, Химачал Прадеш муж 1960 оны 5 дугаар сараас хойш миний амьдарч ирсэн гэр орон минь билээ. Тиймээс би тус мужийн ард иргэдтэй дотно сэтгэлийн холбоотой байдаг. Амиа алдсан ахан дүүсийнхээ төлөө залбиръя. Мөн тэдний ар гэрийнхэн болоод энэхүү байгалийн гамшигт өртсөн бусад бүх хүнд гүн эмгэнэл илэрхийлье.
Мужийн захиргаа болон холбогдох бусад байгууллагууд энэхүү харамсалтай гамшгийн хор уршгийг арилгах, хохирлыг бууруулах, гамшигт өртсөн хүмүүст тусламж үзүүлэхийн төлөө чадах бүхнээ хийж байгааг мэдэж байна. Химачал Прадешийн ард иргэдтэй хамтдаа буйгаа илэрхийлэн, “Далай лам сан”-гаас аврах ажиллагаа, гамшгийн дараах тусламжийн үйл ажиллагаанд зориулан хандив өргөж байна” хэмээн бичжээ.
Дээрхийн гэгээнтэн захидлаа залбирал, сайн сайхныг хүссэн ерөөлөөр төгсгөсөн байна.










