Бельги улс, Брюссель хот. 2006 оны 6 дугаар сарын 1. Төвөдийн шашны тэргүүн Далай лам дагагчдадаа Хятадын Засгийн газартай харилцаагаа сайжруулахаар хийж буй хүчин чармайлтад нь тэвчээртэй хандахыг уриалаад, “Бээжинтэй хийж буй яриа хэлэлцээрт тодорхой ахиц гарч байна” хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Файнэншл Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Бидний хэлэлцээрийн үр дүн маш удаан гарч буйд хүмүүс бага зэрэг урам хугарч байгааг би ойлгож байна. Гэхдээ энэ бол буруу. Анхааралтай ажиглавал үнэн хэрэгтээ тодорхой үр дүн аажмаар гарч байна. Тиймээс илүү их тэвчээр, шийдэмгий байдал хэрэгтэй. Үр дүн гарцаагүй гарна” хэмээжээ.
Далай ламын энэхүү байр суурь нь Хятадын зүгээс илэрхийлж буй хоёрдмол, зөрчилтэй дохио, мэдэгдлүүдийг үл харгалзан, Бээжинтэй эвлэрэн ойлголцох замаар харилцаа тогтоох чиглэлээ тууштай үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгааг харуулж байна. Төвөдийн удирдагч энэ 3 дугаар сард Хятадад мөргөл хийх хүсэлт гаргасан боловч тодорхой хариу бус, түүний оронд янз бүрийн дохио хүлээн авсан хэмээв. Гэсэн ч цаашдаа Хятадад айлчлах бүрэн боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр Хятад улс Төвөдийг эзэлсний дараа буюу 1959 онд эх орноосоо дүрвэн гарснаас хойш Энэтхэгийн хойд хэсэгт орших Дарамсала хотод төвтэй Төвөдийн дүрвэгсдийн Засгийн газрыг тэргүүлж ирсэн юм. Далай лам Хятадтай харилцаагаа сайжруулах боломжийн талаар өөдрөг байр суурьтай байгаа нь “Төвөд Хятадын эрхшээлд “соёлын устгал”-д өртөж байна” хэмээн илэрхийлж байсан санаа зовнилоос нь эрс ялгаатай байр суурь байлаа. Тэрбээр мөн “Олон олон хятад хүн төвөдийн соёлыг сонирхож, хүндэтгэх болжээ” хэмээж байсан билээ. Цинхай мужаас Лхас хүртэлх шинэ төмөр замыг 7 дугаар сарын 1-ний ашиглалтад оруулахаар төлөвлөж буйтай холбогдуулан Далай лам сүүлийн үед илэрхийлж байсан зарим шүүмжлэлээ зөөлрүүлж, “Төмөр зам бол эерэг зүйл, хөгжлийн нэг илрэл билээ. Гэхдээ Бээжин уг шинэ тээврийн замыг Төвөд рүү хүн амын шилжилт хөдөлгөөнийг хурдасгах, эсвэл тус бүс нутаг дахь цэргийн хүчээ нэмэгдүүлэхээр ашиглах эсэхийг маш анхааралтай ажиглана” хэмээсэн юм.
Зарим шинжээч сүүлийн үед Энэтхэг улс Хятадтай харилцаагаа ойртуулж байгаа нь Дарамсала хотноо төвтэй Төвөдийн дүрвэгсдийн Засгийн газар цаашид оршин тогтнох эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэж үзэж байна. Харин Далай лам “Төвөдийн хувьд гарч болох үр дагавраас эмээхээс илүүтэй Бээжин, Шинэ Дели хоёрын харилцаа сайжрах нь эцэстээ бүрэн эрхт байдлын асуудлыг бүдгэрүүлэхэд тусалж болох юм” хэмээгээд, үүнийг Франц, Германы харилцаанд тулгуурлан Европын холбоо бүрэлдэн бий болсон үйл явцтай хүртэл харьцуулсан байна. “Өмнө нь Европт бүрэн эрхт байдал хамгийн чухал асуудал байсан. Харин одоо нийтлэг эрх ашиг илүү чухал болсон учраас Европын холбоо байгуулагдсан. Азид Хятад, Энэтхэг гэсэн эцэг эх хоёр бий. Бусад нь хүүхдүүд нь гэсэн үг. Азийн энэ хоёр том гүрний харилцаа улам дотно болох нь зөвхөн Төвөдөд төдийгүй бүс нутгийн бусад бүх улс оронд ашиг тустай” хэмээн өгүүлжээ.
Далай лам мөн Төвөдийн асуудлыг дэмжиж буй Европын холбоо, АНУ болон барууны бусад орнуудад талархал илэрхийлэв. “Улс орнуудын зүгээс үзүүлж буй дэмжлэгийн цар хүрээний талаар хэлэлцэхдээ Хятад улс “агуу гүрэн Америк”-тай харилцахад “сэтгэл зүйн асуудал” тулгардаг учраас АНУ-аас илүүтэй Европын холбоо, Норвеги тэргүүт Европын жижиг орнууд Төвөдийн асуудалд тусламж дэмжлэг үзүүлэхэд олон талаар хялбар байдаг” хэмээн Далай лам тайлбарласан юм.










