Шинэ Дели хот. Хэрэв Төвөд улс автономит эрхтэй, ардчилсан орон болбол Далай ламын шашны дээд албан тушаалыг татан буулгах хэрэгтэй хэмээн хилийн чанадад буй Төвөдийн шашны тэргүүн ярилцлагадаа мэдэгджээ.
"Хэрэв би ойрын хэдэн сарын дотор эсхүл Төвөдөд буцаж очихоос өмнөхөн жанч халбал Далай ламын дараагийн дүр тодрох болно" хэмээн 69 настай шашны тэргүүн Мягмар гарагт "Hindustan Times" сонинд ярьсныг эш татан мэдээлжээ.
"Харин хэрэв бид хилийн чанадад байхаа больж, ардчилсан Төвөдөд амьдрах болбол миний дараа залгамжлагч байх шаардлагагүй болох юм би бодож байна" хэмээн тэрээр хэлсэн байна.
Энэтхэгийн хойд хэсэгт олон мянган төвөд хүн 70 насны ойг нь тэмдэглэхээр бэлтгэж буй үед Далай лам энэхүү мэдэгдлээ хийсэн байна. Тэрбээр 1959 онд Хятад улс Төвөдийн бослогыг дарсны дараа эх орноосоо дүрвэн гарч, тус бүс нутагт суурьшсан билээ.
Далай ламын алба нь XV зуунд байгуулагдсан бөгөөд хоёр зууны дараа тус албыг хашиж байсан V Далай лам дан ганц шашны шинжтэй үүргээсээ хальж, Төвөдийг улс төрийн хувьд нэгтгэн, шашин төрийг хосло барих болжээ.
Далай ламын залгамжлагчийг одоогийн Далай ламын хойд дүрийг эрж хайх замаар тодруулдаг боловч төвөдийн оюун санааны удирдагч эрхэм ярилцлагынхаа үеэр залгамжлагчийг тодруулах энэхүү нарийн төвөгтэй үйл явц нь дутагдалтай талтай хэмээн үзэж, олон зууны түүхт уг зан үйлд зарим эргэлзээтэй зүйл олон буйг дурдсан байна.
1935 оны 7 дугаар сарын 6-нд Лхамо Дондуб нэртэй мэндэлсэн Далай лам бага балчиртаа Төвөдийн буддын шашны дээд тэргүүний XIV дүрээр тодорч, 1940 оны 2 дугаар сарын 22-ны өдөр буюу 4 настайдаа Лхас хотноо Дээрхийн гэгээний ширээнээ заларчээ.
“Зарим хойд дүр жинхэнэ байгаагүй" хэмээн Далай лам англи хэлээр хэвлэгддэг өдөр тутмын сонинд ярилцлага өгсөн бөгөөд өөрийгөө 1617 онд Далай ламын сэнтийд залран, 67 жилийн турш уг албыг хашсан V дүрийн хойд дүр гэдэгтээ машид итгэлтэй байдгаа ч нэмж хэлэв.
Тэрбээр хүүхэд байхдаа өмнөх амьдралынхаа тухай тодхон зүүдэлдэг байснаа ярьсан.
"Түүнчлэн би маш залхуу хүүхэд байсан хэдий ч буддын гүн ухаан зэрэг сэдвээр багш нарынхаа ижил хэмжээний мэдлэгтэй байлаа.
Үүнийг зөвхөн өмнөх амьдралынхаа дурсамжийг хадгалж үлдсэн тохиолдолд л мэдэх боломжтой юм" хэмээгээд, өөрийгөө өмнөх XIII Далай ламын хойд дүр биш гэж үздэгээ ч тайлбарлав.
Төвөдийг хүчирхийллийн бус аргаар чөлөөлөхийн төлөөх тууштай зүтгэлээрээ 1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн Далай лам эх орноо тусгаар тогтнуулах тухай анхны шаардлагаасаа татгалзаж, харин ч Төвөдийн соёл, хэл, байгаль орчныг хадгалан үлдэхэд чиглэсэн "утга төгөлдөр өөртөө засах эрх"-ийн тухай ярих болжээ.
4 дүгээр сард Хятад улсын ерөнхий сайд Вэнь Зябаогийн Шинэ Делид хийсэн айлчлалын үеэр Энэтхэг улс Төвөдийг Хятадын нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч, өөрийн нутаг дэвсгэрийг Хятадын эсрэг улс төрийн үйл ажиллагаанд ашиглуулахгүй байхыг амласан байна.
Үүний хариуд Бээжин Төвөд дэх Хималайн нурууны жижигхэн зурвас нутаг болох Сиккимийг Энэтхэгийн нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрчээ.
Хятадын засаглалын эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа 1959 онд Далай лам цэргийн дүрээр Төвөдөөс дүрвэн гарснаас хойш Энэтхэг улс түүнийг болон Төвөдийн цөллөгийн засгийн газрыг хүлээн авч иржээ. Албан ёсны тоо баримтаар одоогоор Энэтхэгт 200 мянга гаруй Төвөдийн дүрвэгч амьдарч байна.










