Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Буддистуудын соёлын арга хэмжээний үеэр...
Энэтхэг улс, Дарамсала хот. 2007 оны 11 дүгээр сарын 10. Энэ өдрийн үдээс хойш Дарамсала хотод Төвөд, соёлын дуу, бүжгийг төвөдүүд болоод жуулчид сонирхон үзлээ.
Энэхүү баяр нь Мягмар гарагт эхэлсэн Монгол, ОХУ-ын Буриад, Халимаг, Тувагийн Бүгд Найрамдах улсын буддистуудын 5 өдрийн наадмын хаалтын арга хэмжээ байв. Энэ нь өөрсдийн улс оронд буддын шашин сэргэн хөгжиж буйг тэмдэглэх, төвөдийн ард түмэнтэй харилцаагаа сэргээх мөн дэлхий дахинд өөрсдийн оюун санааны удирдагч хэмээн хүндэтгэдэг Дээрхийн гэгээн Далай ламтай уулзах боломж байлаа.
Энэхүү баяр нь коммунизмын үед түр тасарсан Төвөд болоод бурхны шашинт бүс нутгийн ард түмний хоорондох эртний, урт удаан хугацааны түүхэн холбоог дахин сэргээн тэмдэглэсэн үйл явдал болсон юм. Коммунизмын үе нь бурхны шашинт улс орнуудын ард иргэдийн оюун санааны болон соёлын амьдралд сөргөөр нөлөөлсөн билээ.
Дарамсалад төвтэй Төвөдийн цөллөг дэх засгийн газрын өндөр албан тушаалтнууд, түүн дундаа Төвөдийн ерөнхий сайд, профессор Самдам ринбүүчи, Төвөдийн Парламентын дарга Гармаачойпил, Төвөдийн Дээд шүүхийн тэргүүн ноён Намжилцэрэн бурхны шашинтнуудын баярын хаалтын арга хэмжээнд оролцлоо.
ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг бүгд найрамдах 3 улс болон Монгол улсаас хүрэлцэн ирсэн 400 орчим хүн Дээрхийн гэгээн Далай ламын хилийн чанад дахь төв Дарамсала хотод зохион байгуулагдсан, бурхны шашинтны соёлын наадамд оролцжээ.
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Тувагийн хөөмийчдийн хамтаар...
Энэхүү наадмыг халимаг сүсэгтнүүдийн оюун санааны тэргүүн Тело ринбүүчи удирдан зохион байгуулж байгаа билээ.
Энэ өглөө эртлэн ирсэн сүсэгтнүүд Дээрхийн гэгээн Далай ламд урт насны ерөөл өргөх өргөлийн ёслолыг сүр жавхлантайгаар үйлджээ. Үүний дараа үдээс хойш Зүлэгхан дуганд олон зуун хүнийг цуглуулсан соёлын арга хэмжээ үргэлжилсэн байна.
Арга хэмжээний оролцончид Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсох бүтэн өдрийн тусгай айлдварыг сонсох боломжтой аж.










