Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин - Тунгалаг хөх тэнгэрийн дор Дауладарын уулс тодрон харагдах энэ өглөө Дээрхийн гэгээн Далай лам Намжал хийдийн гол дуган Зүглагханы цахилгаан шатны доод хаалган дээр хүрэлцэн ирээд, цугласан олныг ажиглан түр саатлаа. Тайваниас ирсэн 1300 орчим хүнийг оруулаад өнөөдөр нийт 5800 гаруй сүсэгтэн цугласан байна. Дээрхийн гэгээнийг инээмсэглэн гар даллахад тэдний ихэнх нь хариу инээмсэглэж, заримынх нь нүдэнд нулимс цийлэгнэх аж.

Дээрхийн гэгээнийг сэнтийдээ залармагц Тайванийн хоёр лам голлон Зүрхэн судрыг хятад хэлээр уншив. Үүний дараа мандал өргөж, Бурхан багшийн лагшин, зарлиг, тааллын бэлгэдлийг өргөн барилаа.
"Бид бүгд аз жаргалтай байхыг хүсдэг. Хэн нь ч зовлонг хүсдэггүй гэдгээрээ бүгд адил тэгш” хэмээн Дээрхийн гэгээн айлдвараа эхлэв. “Мөн бид тэрхүү зорилгодоо хэрхэн хүрч болох талаар сонсохоор энд цуглажээ. Дэлхий дээр шашны олон зам мөр байдаг ч Төвөдөд бид Наландагийн уламжлалыг баримталж, Нагаржунай, Асанга зэрэг их багш нар болон тэдний шавь нарын бүтээлийг судалдаг билээ.”
“Миний хувьд гэвэл Дхомэй мужийн Гүмбүм нутагт төрөөд, Далай ламын хойд дүрээр тодорсныхоо дараа Лхас хотод очиж, Лин ринбүүчи, Трижан ринбүүчи багш нарынхаа удирдлага дор гол таван том сэдвийн үндсэн судруудыг цээжилж, дараа нь тэдгээрийг тайлбарласан агуу тайлбаруудыг уншиж, сонссон. Бидний баримталдаг Бурхны номын уламжлал нь учир шалтгаан, логикийг дагадгаараа онцлог бөгөөд бидний оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаар нарийн төвөгтэй тайлбаруудыг ч багтаасан байдаг. Энэ бол бидний цэвэр ариунаар хадгалж ирсэн уламжлал.”
“Түүхийн хувьд бурхны номтой ямар ч хамааралгүй барууны хүмүүс өнөөдөр манай уламжлалыг ихэд сонирхож байна. Тэдний дунд тухайлан оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаар илүү ихийг мэдэх хүсэлтэй эрдэмтэд ч буй. Өнөөдөр энд байгаа бид бүгд Бурхан багш болон миний хувьд үнэт эрдэнэс болох 84 мянган номын цогцыг дагагсад билээ.”
“Бага насандаа буддын шашны боловсрол эзэмшиж эхэлснээсээ хойш би билиг барамид, төв үзлийн гүн ухаан, логик ба учир шалтгааны ухаан, авидарма буюу дээд мэдлэг, винай буюу хуврагийн сахил санваарын сургаалыг судалж, логикийн сурах бичгээс сурсан зүйл дээрээ үндэслэн багаасаа мэтгэлцээнд оролцдог байлаа. Шалгаж, шинжлэх энэхүү арга барил нь Бурхан багшийн зааж сургасныг үнэхээр ойлгож авахад маш үр дүнтэй байдаг.”
“Оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны нарийвчилсан тайлбараас гадна тарнийн сургаалд сэтгэл оюуны төрөл бүрийн төлөвүүдийн нарийн төвөгт байдал зэргийг оруулаад ухамсрын талаар маш гүнзгий тайлбарладаг.”

“Буддын шашны хүрээнд бид хамаг амьтныг хайрлах тухай ярьдаг ч Төвөдийн ард түмэн бол миний хувьд онцгой барилдлагатай хүмүүс юм. Би цаашид ч тэдний төлөө чадах бүхнээ хийнэ. Хятадын коммунистууд Төвөдөд ноёрхсоор буй ч буддын шашин, Наландагийн уламжлалыг сонирхох хятад хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж байна. Түүхийн хувьд буддын шашинтай байсан Хятад улсад буддын шашин дахин сэргэх магадлалтай санагддаг. Энэ боломжийг дэмжихийн тулд би өөрийн зүгээс чадах бүхнээ хийсэн бөгөөд үлдсэн насандаа ч үргэлжлүүлэн хичээх болно.”
Ингээд Дээрхийн гэгээн бодь сэтгэлийг төрүүлэх, бодьсадвын сахил хүртээх зан үйлийг удирдан явуулахаа мэдэгдээд, сонсогчдод хандан Бурхан багш, түүний долоон залгамжлагч, Манзушир, Майдар хийгээд Энэтхэг, Төвөдийн их багш нарыг өмнийн огторгуйдаа төсөөлнө үү хэмээн хүсэв. Дараа нь долоон гишүүнт залбирал, гурван эрдэнэд аврал одуулах, гэгээрэлд хүрэхийг эрмэлзэх шадуудыг уншиж, шавь нарыг өөрийг нь даган гурвантаа давтан уншихыг хүслээ.
Авралт чухаг дээд гуравт би авралыг одуулъя
Аливаа хилэнц бүгдийг тус тусад нь наминчилъя
Амьтны буянд даган баясъя
Бурханы бодийг сэтгэлдээ бүтээе.
Бурхан, ном хийгээд чуулганы дээдэд
Бодийг хүртэл би итгэмүй
Өөрийн ба бусдын тусыг машид бүтээхийн тулд
Өнөд бодийн сэтгэлийг үүсгэж үйлдье
Агуу бодийн сэтгэлийг үүсгээд
Амьтан бүгдийг би зочинд урья
Сэтгэл зохистой дээд бодийн явдлаар би бээр замная
Амьтны тусын тулд бүрхан болох болтугай.
Дээрхийн гэгээн бага байхдаа Бурхан багшийн сургаалыг тийм ч их сонирхдоггүй байсан үеэ дурсан ярилаа. Хэдий тийм боловч нас ахих тусмаа сэтгэл оюуныг өөрчлөх дадал сургууль хэчнээн ашиг тустай болохыг ойлгожээ. Ганц бурхныг шүтдэг теист уламжлалуудыг дагагсад итгэл үнэмшлээ Бурханд даатгадаг бол Төвөд, Хятадын буддистуудын хувьд Бурхан, ном, хуврагын чуулганд аврал одуулах нь хамгийн чухал болохыг дурдав. Тэрбээр Төвөдийн сүм хийдүүдэд айлчлах үеэрээ машид чин сүсэгтэй хүмүүстэй уулзаж байснаа, тэдний итгэл үнэмшил өөрийнхөөс нь ч илүү хүчтэй санагдаж байсныг дурслаа.

Дээрхийн гэгээн Буддын шашны уламжлалын өөр нэг тал нь бидний хураадаг бүх төрлийн эерэг болон хор хөнөөлтэй үйлийн үр буюу карма, мөн бидний оюун ухааны маш нарийн түвшинтэй холбоотой болохыг тэмдэглээд, Төвөдөд хадгалагдаж ирсэн буддын шашны уламжлал нь өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий, үнэхээрийн гайхамшигтай уламжлал хэмээн ярив.
"Бид бүхэн өөрсдийгөө бусдаас зааглаж, салгаж авч үздэгийг бүгд мэднэ. Бид өөрсдийн уламжлалыг бусдынхаас ямар нэг байдлаар өөр гэж боддог. Бидэнд юу хийх хэрэгтэй вэ гэвэл шашны бүх уламжлалыг хүндэтгэж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэдийгээр бусад уламжлалыг шинжилж үзэхэд бидэнтэй нийцэхгүй мэт санагдах зүйлс байж болох ч, энэ нь тэднийг эсэргүүцэх шалтгаан биш юм.”
”Шашныг чин сэтгэлээсээ шүтэх гэдэг нь оюун ухааны сахилга батыг сайжруулж, сэтгэл хөдлөлийг эрхэндээ оруулахыг хэлнэ. Шагжамүни Буддагийн сургаалыг дагагсдын хувьд бид шашны бүх уламжлалыг хүндэтгэх ёстой. Тэдгээр уламжлалууд бүгд өөрийн дагагсдын оюун санааг эрхшээх чадвартай учраас тэднийг хүндлэн бишрэх нь чухал юм.”
”Хятадын коммунистуудын хяналт дор амьдарч байх үед намайг уурлуулж болох нөхцөл байдал байнга тохиолддог байсан авч 1959 онд би Төвөдөөс дүрвэн гарсан. Сэтгэл хөдлөлөө хязгаарлаж, оюун ухаанаа өөрчлөх боломжийг олгодог буддын шашны уламжлалд би чин сэтгэлээсээ талархаж, итгэж явдаг билээ.”
”Хэрэв та халуун дулаан зүрх сэтгэл, түүгээр зогсохгүй бодь сэтгэлийг өөртөө төлөвшүүлж, ойр дотны хүмүүстэйгээ энэ хандлагаа хуваалцаж чадвал өөрөө тайван, амгалан байхаас гадна тантай холбоотой хүмүүс ч бас жаргалтай байх болно.”
”Бээжинд байхдаа би Мао Зэдунтай хэд хэдэн удаа уулзсан бөгөөд нэг удаа тэр надад шашин бол хор хэмээн маш нухацтайгаар хэлсэн юм. Би хариу дуугараагүй боловч оюун санаагаа дадлагажуулах нь хэчнээн ашиг тустай болох талаар ойлголт байхгүй түүнийг дотроо өрөвдөж байлаа."

Дээрхийн гэгээн цааш нь гурван эрдэнэ буюу бурхан, ном, хуврагийн чуулганд аврал одуулахаас гадна тарни уншихад урам зориг төрдөг хэмээн зөвлөөд, Бурхан багш Шагжамүни, Ногоон дарь эх, Жанрайсиг, Манзушир бурхны тарни зэрэг хэд хэдэн тарнийн аман дамжлагыг уламжилж, цугласан олныг дагаж уншихыг хүслээ. Манзушир бурхны "Ум ара база на ди" тарнитай холбоотойгоор Дээрхийн гэгээн энэхүү тарнийг уншиж, Манзушир бурханд залбирсан нь түүнийг оюуны чадамж, эрдэм мэдлэгээ сайжруулахад тус нэмэр болсон хэмээн итгэж явдгаа ярив. Манзушир, Жанрайсиг бурхдын тарнийг уншихад өөрчлөлт үнэхээр гардаг болохыг тэрбээр дахин онцоллоо.
Оточ Манал бурхны тарнийн аман дамжлагыг хүртээснийхээ дараа тэрбээр хүмүүс заримдаа хийж бүтээхийг хүссэн зүйлд нь саад бэрхшээл тулгарах вий хэмээн санаа зовдгоо дурдаад, тийм үед Хаянхярваа бурхны тарнийг уншихыг зөвлөлөө. Залгуулаад Ловон Бадамжунай бурхны тарнийг уншиж, эцэст нь өнөөдрийн номын үйлд оролцож буй хүмүүсийн ихэнх нь өөрсдийгөө гэлүгвийн ёсонд хамааруулж үздэг тул Богд Зонховыг магтан дуулсан мигзэмийн аман дамжлагыг хүртээв.
Зоригдол үгүй их энэрлийн гуу сан Жанрайсиг
Хир үгүй айлдлын эрхт Манзушир
Шимнусын омгийг хоцроолгүй даран зохиогч Очирваань
Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова
Сайн оюунт хэмээн алдаршсаны өлмийд соёрхол талбиму
Ингээд Дээрхийн гэгээний багш Лин ринбүүчи, Трижан ринбүүчи нарын зохиосон 'Үхэшгүй мөнхийн дуулал - Дээрхийн гэгээн Далай ламын урт наслахын тухайд өргөх дэлгэр залбирал'-ыг унзад лам оройлон уншсанаар өнөөдрийн хурал номын үйл өндөрлөлөө. Дээрхийн гэгээн хийдээс гарч, цахилгаан шат руу явах замдаа хоёр талаар нь эгнэн түүний мэлмийд өртөхийг хичээх сүсэгтнүүдийг зүг инээмсэглэж байв. Тэрбээр хийдийн хашаанд хүрээд, гольфын тэргэндээ суун, өргөөнийхөө зүг буцлаа.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл










