Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчэн Чойлин - Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам гол төвөд хийд Зүглэгханд мориллоо. Тэрбээр арслант ширээнээ залрахын өмнө түүний зүүн талд байх Жанце Чойжэ, Вэн Госок Ринбүүчи тэргүүт, баруун талд байх Шарпа Чойжэ, Вэн Лувсан Доржэ тэргүүттэй мэндчиллээ.
"Билиг билгүүний зүрхэн" буюу “Ширнэн” судрыг эхлээд хятад хэлээр, дараа нь төвөд хэлээр уншив.
Дээрхийн гэгээн ийн хэмээн айлдав. “Энэ дэлхийд юмс бие даан өөрийн мөн чанараараа оршиж буй харагдавч юмсын мөн чанарыг нарийвчлан тодорхойлж тогтооё гэвэл тэрчлэн үйлдэх боломжгүй. Юмс өөрийн мөн чанараасаа бүтээгүйг ойлгож ухаарах нь биднийг оршихуйн хүрднээс ангижруулна. Юмсыг угийн мөн чанараасаа бүтсэн гэсэн бидний эндүүрэл арилах боломжтой юм аа. Бид өдөр тутмын амьдралдаа хэн нэгэнд эсвэл ямар нэгэн зүйлд шунах, уурлах үед уур, шуналынхаа тусагдахууныг (объектыг) бодитой бүтсэн мэтээр хүлээж авдаг.
Хүсэл шунал, уур хилэн нь мунхгаас үүддэг. Тэдгээр нь сэтгэлийн амар амгаланг үймцүүлдэг. Юмс өөрөө бүтсэнийг үнэнд барих үзлээс ангижирч чадвал гэгээрэл өөд урагшилж чадна.
Нагаржунай гэгээн “Төв үзлийн билиг билгүүний үндэс” сургаалын 22 дугаар бүлэгтээ “Юмсыг өөрөө бүтсэн, тэрчлэн Ялж төгс нөгчсөн бурхныг ч мөн чанараасаа бүтсэн гэдгийг бид тодорхойлон тогтоож чадахгүй гэж бичжээ.
Цогц бус, цогцоос бусад бус
Түүнд цогц үгүй, тэр нь түүнд үгүй
Ялж төгс нөгчсөн нь цогцоос ангижирсан
Ялж төгс нөгчсөн нь алин мөн?
Дээрхийн гэгээн энэхүү шад шүлгийг өөрийг сэтгэлдээ бүтээн өдөр бүр дадуулан бясалгадаг хэмээгээд ийн айлдав.
Би бол цогц бус, цогцоос бусад бус
Цогц надад үгүй, цогцод би үгүй
Би цогцоос ангижирсан
Би алин мөн?
Хүн төрөлхтөн бие биетэйгээ зуу зуу жилийн турш тэмцэлдэж, бие биеэ хөнөөсөөр иржээ. Тэрчлэн аймшигт хор хөнөөлт зэвсгийг бүтээж байна. “Сэтгэлийн минь амар амгаланг юу бусниулдаг вэ?” гээд асуувал энэ нь бидний муу сэтгэл, сэтгэлийн үймцээн юм. Сэтгэлийн мөн чанар нь угтаа тунгалаг агаад хоосон чанартай.
Бүх л шашин сайхан сэтгэлийг голчлон заадаг бол эртний Энэтхэгийн шашны уламжлал нь өөрийгөө, мөн чанараа шинжлэн судлахыг зорьдгоороо онцлогтой. Зарим уламжлал нь өөрийн мөн чанар, өөрийгөө “атман” гэж тодорхойлсон. Бүтээгч эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөг нь атман юм. Буддизм үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Хүн өөрийн мөн чанараасаа бүтсэн гэдгийг Буддизм хэрхэн авч үздэг вэ гэвэл учир шалтгаан болон үр дүн талаас нь нарийвчлан шинжлээд, мөн чанараасаа бүтсэн зүйл нэгээхэн ч үгүйг олж мэднэ. Өөрийн оршихуйн талаарх буруу төөрөгдөл нь бидний зовлон бүхний учир шалтгаан билээ. Энэ нь улмаар өөрийгөө энхрийлэн барихад хөтлөх, бусдыг бодох, энэрч хайрлах, сэтгэл багасахад хүргэнэ.
Дээрхийн гэгээн Чандрагирдийн Төвд орохуйн энэрэл нигүүслийг магтан дуулсан эхний шадыг дуудлаа.
Шарвага брадигабуд Чадагчийн эрхтээс төрсөн бурхан нь бодьсадвагаас хувилаад, бодьсадва нарын шалтгаан нь нигүүлсэхүй сэтгэл хийгээд хоёр үгүй оюун ба бодь сэтгэлтнүүд болой.
Алин тул ямагт нигүүлсэх нь ялгуусан тариан хотол төгссөн үүний хөрөнгө хийгээд усан ба өнө удаан эдлэхийн боловсорсон мэт болсон, тиймийн тул нэн тэргүүн нигүүлсэхгүйг магтсугай.
Анханд би хэмээн илт шунахайрсан, бодийг минийх хэмээн барималснаар ховооны үргэлжлэл мэт өөрийн эрх үгүйеэ амьтанд алимад нигүүлсэх болсон түүнд сөгдөмүй.
“Бид дэлхий дээр энх тайвныг бий болгож чадна хэмээн найддаг. Аливаа зүйлс өөрөө бүтсэн, бие даан оршдог гэх үзлийг сулруулан, улмаар дотоод сэтгэлийн амар амгалангаа хөгжүүлэн бэхжүүлэх нь даян дэлхийн энх тайвныг бодитой цогцлооход бидний оруулах хувь нэмэр байх болно.
Дээрхийн гэгээн “Шалгадгийн тайлбар” номын өчигдрийн айлдварт зогссон хэсгээ барин авлаа. Далай лам Төвөдийн бурхны шашны уламжлал нь учир шалтгааны ухааныг ашигладаг гэдгийг онцлов. Үүнчлэн бүхий л буддын урсгал чиглэлүүд мунхаг сэтгэлийг шинжлэн судалдаг ч төв үзэл нь үүнийг машид оновчтой нарийн тайлбарладгаараа онцлог хэмээв.
Дээрхийн гэгээн өнөөдөр 281 дүгээр шад хүртэл уншаад, маргааш үлдсэн хэсгийг уншъя аа гэлээ.
Энэ зуур Дээрхийн гэгээн өөрийн өдөр бүр дадуулдаг “Хамгийг болгоогч егүзэрийн таалал” бясалгалыг хуран чуулсан олныг удирдан, хөтлөн явуулахыг хүсэж буйгаа дуулгалаа.
Энэ нь янагуух бодийн сэтгэлийг төрүүлэх, хамаг амьтны тусын тулд төгс гэгээрэлд хүрэх дуршихуйг төрүүлэн, улмаар энэхүү зоригдлоо зүрхэн дэх саран дэвсгэр мэтэд төсөөлөн бясалгана. Хоёрдугаар хэсэг нь чинагуух бодь сэтгэлийг төрүүлэх, хоосон чанарыг ойлгосон билиг билгүүн, тэрхүү саран дэвсгэрийн дээр таван цагаан очир ургаснаар төсөөлөн бясалгана.
Дээрхийн гэгээн хуран чуулсан олныг удирдан, “Хамгийг болгоогч егүзэрийн таалал”-ын “Ум сарва иога читта утпадаяа ми” тарнийг уншлаа. Тэрбээр энэхүү хоёр бясалгалыг дадуулах аваас хоосон чанарыг ойлгох, бодь сэтгэлийг төрүүлэх тэрчлэн бурхны хутагт хүргэх шалтгаан болдог гэдгийн цохон тэмдэглэлээ. Тэрбээр маш олон тарнийн лүн ван хүртсэн хэдий ч эдгээр хоёр нь Дээрхийн гэгээний гол охь шим, аньс нь гээд Дээрхийн гэгээнийг багшид барьдаг тэдгээр сүсэгтнүүдийг ч бясаглалынхаа гол аньс болгон өдөр бүр дадуулан хөгжүүлэхийг хүслээ.
Дараа нь Дээрхийн гэгээн Төвөдийн нөхцөл байдлын талаар ярилаа.
Дээрхийн гэгээн ийн өгүүлэв. “Төвөдөд тархсан Корона вирус цар тахлын улмаас төвөдүүд туйлын чанд хатуу хязгаарлалт, хөл хорионд орсон тухай мэдээг саяхан хүлээн авсан. Олон хүн ихээхэн хэцүү зүйлтэй нүүр тулгарчээ.
Төвөд, Хятадын тэмцэл нь тодорхой хэмжээгээр буддын номлолтой холбогддог. Хятадууд Төвөдийн ард түмний шашин шүтлэг, соёл заншлаас улбаатай сэтгэлгээ, зан байдал, шинж чанарыг хэзээ ч өөрчилж чадахгүй. Харин цаашид Төвөдийн бурхан шашны уламжлал, түүнээс улбаалсан соёл аажим аажмаар Хятад руу түгэн дэлгэрэх болно. Түрхэн зуурын саад бэрхшээлд мохох хэрэггүй. Төвөдүүд бид бүхнийг даасан шүтээн болох Авалокитешваратай бид онцгой шүтэн барилдлагатай билээ. Тийм учраас та бүхэн Лхас дахь төгс гэгээрсэн гурван бурхан болох Жово Локешвара, Жово Шакяамүни, Жово Акшобяаважра тэргүүт шүтээнүүддээ залбираарай.
Хэдийбээр та бүхэн надаас бие махбодын хувьд алсад буй ч бидний ерөөл залбирал болон үйлийн гайхамшигт барилдлагадаа дулдуйдан, Гялва ринбүүчи буюу Далай ламаа өдөр бүр бодон залбирч яваарай.
Хамгийн чухал нь та бүгд амар тайван байж, эцэстээ үнэн ялдагт итгээрэй.
Миний тухайтад би одоо эрүүл саруул 87 насыг зоогложээ. Эмч нар намайг үзэж оношлоод, ахиад 15-20 жил насална хэмээсэн билээ. Тиймээс Төвөдөд амьдарч буй төвөд ахан дүүс минь амар тайван, аз жаргалтай байгаарай.
Хятад өөрчлөгдөж байна. Дүрвэн гарсан төвөдүүд болон Төвөд дэхь төвөдүүд эргэн нэгдэх тэр өдөр бид бодь сэтгэл, хоосон чанарыг хамтдаа бясалгах болно. Та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлье. “Таши дэлэг”. Баярлалаа.
Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа