Энэтхэг, Карнатака, Былакуппэ, Дашлхүмбэ хийд - Өнөө өглөө Дээрхийн гэгээнтэн Далай лам бээр гэвш лхаарамбын 6 жилийн дамжаа барьж буй эрдэмтэн хуврагуудын Жамчо Ригцог буюу өвлийн дагсал хаялцах мэтгэлцээнд морилон саатав. “Жамчо” гэдэг нь Майдар бурхны бүтээлийг хэлдэг бол, “Ригцог” гэдэг нь Нагаржунай гэгээнтний “Нотлолын зургаан чуулган” зохиолыг хэлж буй. Ойролцоогоор 1500 лам хувраг цугласан байв.
Дээрхийн гэгээнтэн хийдийн дундуур алхсаар хаалганы өмнөх ирээд гольфын тэргэнд сууж, хийдийн урд байх ном хаялцах мэтгэлцээний талбайд руу явлаа. Замдаа Төвөдийн Соронзонгомбо хааны морь унасан алтан өнгөт хөшөөний дэргэдүүр өнгөрөв.
Лам нар өглөө эртлэн цугларсан байх ба Дээрхийн гэгээнтнийг морилохыг хүлээх зуураа Шагжамүни Бурхан багшийн зүрхэн тарнийг уншиж байснаа дөхөж ирэхэд нь Далай ламын зүрхэн тарнийг уншиж эхлэв. Хуран цугласан хуврагуудын хүрээнд ирээд Дээрхийн гэгээнтэн тэрэгнээс бууж, лам нарын өөдөөс харсан суудалд залрав. Дараа нь "Наландагийн 17 бандидагийн магтаал" хэмээх залбирлыг уншлаа. Шаравчойжи ринбүүчи бээр Дээрхийн гэгээнтний баруун талд нь суужээ.
Эхний мэтгэлцээнд Гандан Шарзэ, Бэрээвэн Лосэлинг дацангийн лам нар асуулт асуухаар, Рато, Бэрээвэн Гоман хийдийн лам нар онолын хариулт өгөн дагсал хаялцахаар боллоо. Тэд Нагаржунай гэгээний "Билгүүний үндэс"-ийн "Муламадхямикакарика"-гийн хоёр мөртөд голлон төвлөрч мэтгэлцэв. Мэтгэлцэгч лам нар "Билгүүний үндэс"-ийн өөр өөр бүлэгт гардаг сэдвүүдийг хөндсөн бөгөөд тэр дундаа аливаа юмс бүтээгдсэн учраас өөрөөсөө бүтэж оршдог гэсэн гүн ухааны дэд сургуулиудын нотолгоог хөндөж байлаа. Тэд өөрийн зүгээс бүтэж орших тухай ойлголтод хэт баригдах мунхаг байдал, шүтэн барилдлага нь хоосон чанарын ухагдахуунтай хэрхэн нийцдэг, Арьяа бодисадва нар хоосон чанарын төлөвт бүрнээ орсон үедээ энэ үзлийг хүлээн авдаг эсэх талаар ярилцав.
Хоёр дахь мэтгэлцээнд Дашлхүмбэ, Гандан Жанцэ хийдийн лам нар асуулт тавихаар, Сэра Жэ, Сэра Мэ хийдийн лам нар онолын тайлбарлагчаар гарч ирлээ. Энэ удаа Майдар бурхны "Их хөлгөний Уттара дандар" бүтээлд тайлбарласан бурхан бүтэх мөн чанарын тухай сэдэвт төвлөрөн мэтгэлцэв.
Бурхан бүтэх мөн чанар гэж юу болох талаарх асуултад энэ нь бурханы хутгийг олохуйн гол шалтгаан мөн хэмээн хариуллаа. Ийнхүү дагсал хаялцах мэтгэлцээн цааш төрөлхөөс заяасан бурхан бүтэх мөн чанар хийгээд зориуд хөгжүүлсэн бурхан бүтэх мөн чанарын тухай сэдвээр үргэлжлэв. Ном хаялцах мэтгэлцээн өндөрлөхөд өлзий хутаг оршоох ерөөл залбирал уншлаа. Ном хаялцсан хуврагуудын бусдыгаа төлөөлөн Дээрхийн гэгээнтэнд бараалхаж адис хүртлээ.
“Номд суралцаж байхдаа би мэтгэлцээ хийхэд тусалдаг хуврагуудтайгаа дадлага хийдэг байсан. Тодруулах шаардлагатай асуулттай тулгарах үед ийм мэтгэлцээн их тус болдгийг ойлгож авсан. Мэтгэлцээн надад янз бүрийн сэдвийг ойлгох, ойлгоход үнэхээр тусалсан билээ.”
“Бид ном хаялцахдаа өөр өөр логик сэтгэлгээг ашигладаг. Өрсөлдөгчдөө үнэн хэрэгтээ үнэн биш худал зүйлийг үнэн гэж итгүүлж чадвал жинхэнэ чадварлаг мэтгэлцэгч болсон хэрэг гэж ярьдаг. Гэсэн хэдий ч энэ нь зүгээр л оюун ухааны ололт байж магадгүй юм. Маргаан, мэтгэлцээнд оролцохын жинхэнэ утга учир нь сэтгэл оюуныг өөрчлөх явдал. Логик, учир шалтгааны үүднээс судалж байгаа янз бүрийн сэдвүүдээ ойлгож ухаарснаар сэтгэл оюунаа бид өөрчилж чадна. Яг ийм нөхцөлд мэтгэлцээн бидний ойлголтыг нэмэгдүүлэхэд маш чухал юм. Их үр дүнтэй гэж би бодож байна.”
“Өнөөдөр надад ном хаялцах ур чадвараа илтгэн харуулсан та бүхэндээ их гялайлаа.“
“Анх суралцаж байх үедээ би ном хаялцахад тусалдаг хэд хэдэн туслахтай байлаа. Тэдний нэг нь Дэяан ринбүүчи юм. Тэрбээр бусад мэтгэлцэгч шиг хурц ухаантай байгаагүй тул би түүнтэй ном хаялцаад дийлчихдэг байлаа.
"Ном хаялцах мэтгэлцээн нь бидэнд судалж буй зүйлийнхээ талаар сайтар ойлгоход тусалдаг маш үр дүнтэй арга юм. Мэдээжийн хэрэг, хиндүизм гэх мэт итгэл бишрэл дээр үндэслэсэн бусад шашны уламжлалууд байдаг. Харин бид буддын шашныг судлахдаа Бурханы багшийн айлдсаныг мэтгэлцээний аргаар судалдаг. Мэтгэлцээн хийхэд тусалдаг байсан тэр хүмүүстэйгээ хамт би Бурхан багшийн сургаалийг судалсан билээ. Иймд с би та бүхнийг логик, учир шалтгааны сэтгэлгээгээр дамжуулан Бурхан багшийн сургаалыг гүнзгий судлахыг уриалж байна. Хичээлдээ сайн хичээгээрэй.
"Үүнийг л би өнөөдөр та нарт хэлэх гэсэн билээ."