Тэгчин Чойлин, Дарамсала, Химачел Прадеш, Энэтхэг – Дээрхийн гэгээнтэн Далай лам АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трампт баяр хүргэж, захидал илгээжээ.
Тэрбээр захидалдаа “Америкийн Нэгдсэн Улсыг ардчилал, эрх чөлөө, хууль ёсыг эрхэмлэгч орон хэмээн эртнээс бишрэн хүндэлсээр ирсэн билээ. Ганц би гэлтгүй дэлхий даяараа АНУ-ын ардчилсан үзэл, манлайлалд ихээхэн итгэл найдвар тавьдаг. Олон бүс нутагт үймээн самуунтай байгаа өнөө үед таны манлайлал энхтайван, тогтвортой байдлыг бий болгоход чухал хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээжээ.
“Хүн төрөлхтөнд үр өгөөжөө өгөхүйц хүчирхийлэлгүй, энхтайванч, энэрэн нигүүлсэхүйн үзэл болох эртний Буддын соёл иргэншлийг хамгаалан хадгалахын төлөөх Төвөдийн ард түмний болоод миний хүчин чармайлтад АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч, ард түмний зүгээс дэмжлэг үзүүлж ирснийг нэр төрийн хэрэг гэж боддог”
Дээрхийн гэгээнтэн захидлынхаа төгсгөлд “Америкчуудын итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг биелүүлж, дэлхий дахины энхтайванд хувь нэмрээ оруулах үйл хэрэгт тань амжилт хүсье” хэмээн ерөөлөө.
Орчуулсан Р.Манлай